Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцож үг хэллээ. Ерөнхийлөгчийн шүүгчдэд хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Эрхэм хүндэт шүүгчид ээ!
Эрхэм нөхөд өө!
Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан Ардын Их Хурлын депутатууд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байв.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгч энэ хүндэтгэлийн танхимд цуглан Үндсэн хуулийн шинэ байгууллагаа эмхлэн байгуулж буй нь тохиолдлын хэрэг биш юм.
Цар тахал, хорио цээрийн дэглэмийн хүнд хэцүү цаг үе байгаа хэдий ч шүүгчид саналаа биечлэн нууцаар гаргах, хуульд заасан хугацаанаас шалтгаалан нийт шүүгчид нэгэн танхимд хуран цугларах шаардлага үүссэн байна.
Та бүхэн чуулганаараа шүүхийн захиргааны байгууллага дахь шүүгчдийн төлөөллөө сонгоод зогсохгүй шүүх байгууллагын ололт амжилт, алдаа оноо, цаашдын зорилго, зорилт, шийдвэрлэх олон асуудалдаа үнэлэлт, дүгнэлт өгч, олон талаас нь шүүн тунгааж ярилцана гэдэгт итгэж байна.
Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргаж байсан дүгнэлтэд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт болон тогтолцоо, зохион байгуулалтад өөрчлөлт хийж ирсэн боловч шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл оршсоор буй нь шүүхийн бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан” гэж дурдсан байдаг. Манай цөөнгүй эрдэмтэн, судлаач ч дээрхтэй ижил дүгнэлт хийж ирсэн.
Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор 2021 онд Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгож, томилох үйл явц, дээрх хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд гацаанд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа.
Төрийн тэргүүний хувьд шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үүднээс эрх зүйн тодорхойгүй байдлыг цэгцэлж, хуулийг нэг мөр хэрэгжих нөхцлийг бүрдүүллээ.
Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн талаарх нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэн, амь оруулах түүхэн үүрэг, хариуцлага Та бүхэнд оногдож байна.
Шүүх засаглал нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх институци төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах ардчилсан засаглалын нэг салаа мөчир билээ.
Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол Үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг мөрдөх явдал юм.
Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж, олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэн, итгэл алдарч эхэлсэн нь эрх зүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой үр дагаварт хүргэх вий гэж Төрийн тэргүүний хувьд сэтгэл зовниж байна.
Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог шүүгчид өөрсдөө хуулиа зөрчин, ёс зүйгүй авирлаж, олон нийтийн дунд биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг биднээс хатуу шаардаж байна.
Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, алба хаагчдын ажлын үр дүн, нэр төр, алдар хүнд зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд туйлаас харамсаж байна.
Шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй.
Хэн нэгний дарамт шахалтаар, хэн нэгэн эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг Төрийн тэргүүний хувьд сануулан хэлье.
Шүүгч Та бол төрийн сүлдэндээ тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэг ч таныг дагалдана гэдгийг санаарай.
Учир нь шүүгч Та Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны багана билээ.