Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалаа

2019 оны 11 сарын 19 5511

   Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг нар өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллалаа. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллах бодлого, зорилтоо танилцуулж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонссон юм.

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Ц.Ичинхорлоо нар шүүн таслах ажиллагааны мэдээллийг танилцууллаа. Тус хоёр шүүх улсын хэмжээнд давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн нийт хэргийн 50-70 хувийг бие дааж шийддэг, нэг шүүгчид ногдох ажлын ачаалал өндөр. Тиймээс шүүгчийн ажлын ачааллыг бууруулах, шүүхийн хүний нөөцийг тогтвортой болгох, мерит зарчмыг баримтлах болон шүүх, шүүгчийн халдашгүй байдал, нэр хүндийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх, шүүгчийн мэргэжлийн хариуцлагын стандарт тогтоох зэрэг саналыг шүүгчид хэлсэн юм.

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх улсын хэмжээнд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Тус шүүхүүдэд ч шүүгчийн ачаалал өндөр, шийдэж байгаа хэрэг маргааны тоо их талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нар мэдээлэлдээ онцолсон. Мөн захиргааны хэргийн шүүх Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх хууль, тогтоомж, захиргааны шийдвэрийг хэрэглэдэг учраас онолын болон практик сургалтыг тогтмол явуулах шаардлагатайг шүүгчид хэлж байв. Мөн шүүгчийг шийдсэн хэрэг маргаантай нь холбогдуулан нэр хүндэд нь халдах тохиолдол их учраас хараат бус байдлыг хангаж, хамгаалах асуудалд анхаарахыг хүсэв.

   Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл цаашид бодлогоо нэгтгэж хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулсан юм. Тодруулбал, “Цахим шүүх” бодлогыг хэрэгжүүлж шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх эрх зүйн орчин болон цахим мэдээллийн сан, түүний аюулгүй байдлыг бүрдүүлж, хангах талаар олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулахаар төлөвлөснөө мэдээллээ. Мөн Шүүхийн хүний нөөц болон сургалт, судалгаа, гадаад харилцааны бодлогоо нэгтгэн, хамтран ажиллахаар төлөвлөснөө танилцуулсан. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр анхан болон давж заалдах шатны шүүхтэй хамтран бодлого хэрэгжүүлэх талаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар уулзалтын үеэр ярьсан юм.   

   Монгол Улсын Их хурал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсантай холбогдуулан дагалдах хуулийн төслүүдэд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид идэвх санаачилгатай оролцохыг онцлов.