Ж.Тэгшдэлгэр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Д.Оюунчимэг “Алтан гадас”, И.Сэлэнгэ “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртэв

2022 оны 01 сарын 17 1119

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын дээд шүүхийн тамгын газрын Архивын сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэрийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Цахим засаглал-хэвлэл мэдээлэл хариуцсан шинжээч Дашдэмбэрэлийн Оюунчимэгийг “Алтан гадас” одон, Хууль тогтоомжийн системчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ичинноровын Сэлэнгийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар  тус тус шагнасныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг гардуулан өглөө.

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шагнал гардуулах үеэрээ “Шүүхийн амьд архив” гэж хүндлэгддэг Ж.Тэгшдэлгэр Улсын дээд шүүхээс ажлын гараагаа эхэлж, тасралтгүй 43 жил, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах амаргүй ажлыг гүйцэтгэдэг Д.Оюунчимэг улсад 31, шүүхэд 23 жил,  ахлах мэргэжилтэн И.Сэлэнгэ дунд сургуулиа төгссөнөөс хойш шүүхэд тасралтгүй 32 жил хоёргүй сэтгэлээр ажилласныг онцлоод “Шүүх эрх мэдлийн салбарт идэвх зүтгэл, сэтгэл зүрх, цаг хугацаа зэрэг бүхий л үнэт зүйлээ зориулсанд талархал илэрхийлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв. 

Энэ үеэр мөн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр “Шүүгч, ажилтнуудын оюун тархийг цэнэглэгч Ж.Тэгшдэлгэр, ил тод байдлыг хангаж, бидний нүд чих болдог Д.Оюунчимэг, шүүхийн төлөө чин сэтгэлээсээ өнө удаан жил ажиллаж байгаа И.Сэлэнгэ нартаа баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ. Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг “Шүүхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилласныг тань үнэлсэнд маш их баяртай байна” гээд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэв.