Ч.ХОСБАЯР: “ХҮНИЙ ЭРХ БА ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” ИЛТГЭЛ

2021 оны 12 сарын 10 1897

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаярын “Хүний эрхийн үндэсний форум-2021”-д тавьсан“ Хүний эрх ба шүүх эрх мэдэл”  илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

 

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа!                                                                                    

Төрийн байгууллагын өндөр түвшний төлөөлөл, бусад төлөөлөгчид өө!

Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурин төлөөлөгч зохицуулагч, мөн Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид, ажиглагчид аа!

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, хүний эрхийг хамгаалагчид аа!

Монгол Улсын Үндсэн хууль, хуулиуд, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулах, хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  зохион байгуулагдаж буй Хүний эрхийн үндэсний чуулганд бид бүгд хуран цуглараад байна.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элсэж даян дэлхийд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлснээс хойш 60 жил, хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчимд нийцсэн хүний эрхийн дагнасан байгууллагатай Азийн цөөн улсын нэг болсноос хойш 20 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалаас эхэлж Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон хүний эрхийн эрх зүйн бусад бичиг баримтуудаар баталгаажин улмаар Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдан хуульчлагдсан эрх, эрх чөлөөний үзэл санаа, түгээмэл зарчмуудад Монгол Улс үнэнч байж тэдгээрийг хангах эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн болон бусад баталгааг алхам, алхмаар бүрдүүлсээр, хүний эрхийг зөрчихтэй тэмцэх болон хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ цаг ямагт хичээнгүйлэн биелүүлсээр ирлээ.   

Хүний эрх, эрх чөлөөний асуудал аливаа нийгмийн оршин тогтнох суурь, тулж түших багана болж түүний хэрхэн хамгаалагдсан байдлаас улс орны гадаад, дотоод уур амьсгал, тогтвортой хөгжил, дэвшлийнх нь ирээдүй шууд хамаарах боллоо. Дэлхий нийтийн болоод тодорхой улс, үндэстний ололт амжилт хүний эрх, эрх чөлөөний асуудалд хандаж ирсэн уламжлалаас нь салшгүй хамааралтай байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.

Манай улсын хувьд ч эх орондоо ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, хүний эрх, үнэт  зүйлийг  дээдэлсэн  нийгмийн  хөгжлийг бадраах нь иргэн  бүрийн   идэвхтэй оролцооноос хамаарах бөгөөд эрдэм боловсролтой, эх оронч иргэний асуудал бол эрх, эрх чөлөөнд тулгуурласан хүний хөгжилтэй салшгүй холбоотой байх нь тодорхой байна.

Эрх, эрх чөлөө, шударга ёс ба хараат бус шүүхийг салангид авч үзэх аргагүй хоорондоо гүн гүнзгий холбоотой ойлголтууд билээ. Шүүхээр хамгаалуулах болон шударгаар шүүлгэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний онцгой эрх, эрх чөлөө юм. Энэ эрх, эрх чөлөөг хангахад хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн, мөн шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудын бие даасан, хараат бус болоод хамтын уялдаа холбоо бүхий үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Шүүхээр хамгаалуулах болон шударгаар шүүлгэх эрхийн бодит баталгаа нь шүүхийн иргэдэд хүртээмжтэй ба хүрэлцээтэй байх явдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг чанд баримтлах, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг үл хязгаарлах, түүнчлэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаж хянуулах боломжоор тодорхойлогдож байна. Энэ тохиолдолд шударгаар гэдгийг тал тохой татдаггүй, хөндлөнгийн хараат бус шүүгч хууль, шүүхийн өмнө оролцогчдын эрх тэгш байдлыг хангаж, ялгаварлал, гадуурхалгүйгээр шүүн таслах ажиллагааг явуулахыг ойлгож байна.

Шүүгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчийн хувьд иргэний шүүхэд мэдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг хангах, зөрчигдсөн эрх, эрх чөлөөг нь хамгаалах, шударга ёсны бусад үйлчилгээг иргэддээ чанартай үзүүлэх үндсэн чиг үүргийг нийгэмд хүлээдэг. Эндээс үзэхэд шүүгчийн албаны үйл ажиллагаа бол үнэн хэрэгтээ хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа болох нь ойлгомжтой байна.

Шүүхийн шинэчлэлийг шинэ шатанд гаргасан Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, шүүх иргэдэд хүртээмжтэй байхад чиглэсэн эрх зүйн шинэ үндсийг тавьснаараа хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүчтэй дэмжлэг болж чадах эрх зүйн арга, хэрэгслийг гарт нь шилжүүлсэн гэдгийг шүүгчид бид ойлгож байгаа. Гагцхүү түүнийг яаж хэрэглэж, ямар үр дүнд хүрэх нь шүүгчид бид бүхнээс хамаарна.  Шүүхийн шинэчлэл нэг талаас хүний эрхийн салбар дахь суурь асуудлуудыг шийдвэрлэх шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ шүүхийн зүгээс яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд энэ салбарт шилээ даран хүлээж байгааг ил гаргаж тавилаа. 

Эдгээр нь шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, шийдвэр гарцаагүй биелэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд зорилгоо бүрэн биелүүлэх хэмжээнд боловсрогдох, үүнд хохирогч хамгааллыг хөгжүүлэх, хууль зүйн төлбөргүй туслалцааг шаардлагатай ирэн бүр авах, шүүхийн бус журмаар шийдвэрлэх механизмыг хөгжүүлэх, шүүхийн тогтолцоог оновчтой зохион байгуулах зэргээр тодорхойлогдож байна.

Юуны өмнө шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулж, түүний үр өгөөжийг төр, иргэд, аж ахуйн нэгжүүд богино хугацаанд бодитой хүртдэг болвол хүний эрхийн хамгаалалтад чухал нөлөө үзүүлнэ. Өндөр бүтээмж, үр нөлөөтэй үйл ажиллагаа бүхий шүүхийн тогтолцоогүйгээр хүний эрхийг хамгаалах асуудал төрийн эрх мэдлийн бусад салбарт хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлтийг эс харгалзан мухардалд орно. Зөвхөн бүтээмжтэй, үр нөлөөтэй ажиллаж байгаа шүүх эрх мэдэл л гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад энэ улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалт нь баталгаатай, найдвартай эрх зүйн хамгаалалтад байгаа гэдэг итгэлийг өгч чадна. Зөвхөн ийм шүүх авлига, төрийн аппарат дахь хүнд сурталтай амжилттай тэмцэж засаг, захиргааны шинэчлэлийг дэмжиж иргэд, хувийн хэвшилд бизнесийн цэвэр орчныг бүрдүүлж өгч чадна. Зөвхөн хүчтэй, үр дүнтэй ажиллаж чаддаг шүүх улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлэх жижиг, дунд бизнесийн төлөөлөлд зах зээлд дангаар ноёрхох олигополи нэгдлүүдтэй шударгаар өрсөлдөх боломжийг өгч нийгмийн дунд давхаргынхны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.

Шүүн таслах ажиллагааны чанар бол тооцож болох хэмжигдэхүүн бөгөөд түүнийг тодорхойлдог, тооцдог, үнэлдэг болох ёстой талаар Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч саяхан зохион байгуулагдсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган дээр хэлсэн.  Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд миний бие мэргэжил нэгт  нөхдийн хамт оролцож байхдаа шүүхийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх бэнчмарк буюу итгэлцүүрийг тооцон гаргаж нэвтрүүлсэн тухай тайлангийн хэлэлцүүлгээс энэ нь бүрэн боломжтой зүйл болохыг олж мэдэж байсан билээ. Бид шүүн таслах ажиллагааг ийм итгэлцүүрийн тусламжтайгаар үнэлж дүгнэснээр алдаа оноогоо дэнсэлж бүтээмж, үр дүнг тооцон амжилт ололт, саад бэрхшээлийн шалтгааныг тогтоон цаашдаа шүүн таслах ажиллагааны гүйцэтгэлд стратегич зохион байгуулалт хийж зөв практикийг бий болгосноор хүний эрх, эрх чөлөөг илүү үр дүнтэй хамгаалж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийн бизнесийн орчныг итгэлтэй дэмжиж, төр, хувийн хэвшлийн тэгш харилцааг тогтвортой бүрдүүлэх боломжтой болох юм.

Цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой дараачийн алхам бол шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой илэрхийлж, зөвхөн талууд бус төр, олон нийт, судлаачдын өмнө хамгаалан батлах итгэл үнэмшилтэй байх явдлыг төлөвшүүлэх асуудал болоод байна. Шүүгчийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүний хүлээн зөвшөөрөгдөх байдал гэж ойлгох талаар дээр өгүүлсэн Үндэсний чуулган дээр бид хангалттай ярилцсан.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг илэрхийлэхэд өндөр ач холбогдол өгч сурсан улс орнуудад хэргийг хэлэлцэж дуусахад мэтгэлцэгч талуудын үүрэгт ажил өндөрлөж, харин шүүхийн шийдвэрийн үндэслэлийг томьёолох ихээхэн хүч чармайлт, цаг хугацаа шаардсан ажлаа шүүгч эхэлж байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь шүүгч хэрэг, маргааныг хуульд нийцүүлэн бодитой, үнэн зөв шийдвэрлэсэн талаарх баталгаа бөгөөд дээд шатны шүүхүүд болон олон нийтийн анхаарал, хяналтаар дахин, дахин шүүгддэг, үнэлэгддэг хэмжигдэхүүн. Талуудын байр суурийг дүүрэн тусгаж, тэдгээрт бүрэн үнэлэлт өгсний эцэст шүүгч өөрийн шийдвэрийн үндэслэлийг гарган тавих ба шүүгч түүнийг далдлах, бүрхэгдүүлэх учир шалтгаан байх ёсгүй. Үндэслэл сул, эсвэл тодорхой бус шийдвэр нь олон нийтэд эргэлзээ төрүүлж, шүүхэд итгэх тэдгээрийн итгэлийг бууруулахаас гадна биелэх хүчин чадал нь дорой байдгаас шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн, хуулийн этгээдэд эрх зүйн баттай хамгаалалт болж тусаж чаддаггүй. Ийм шийдвэр эрх зүйн салбарт дур зорго, ялгавартай стандарт, авлигын үүд хаалгыг нээж байдаг.

Шүүхийн тухай шинэ хуулиар үүрэг болгосны дагуу Улсын дээд шүүх бүх шатны шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг эрх зүйн онол, хуулийн шаардлагад нийцүүлэн саяхан нийт шүүгчдийн хуралдаанаараа шинэчлэн баталж мөрдүүллээ. Одоо эерэг үр дүн гарахыг хүлээж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал  түүний биелэлтэд нөлөөлж, биелэлт нь эргээд шийдвэрийн нэр хүндийг өргөж байдаг эргэх холбоотой хоёр хэмжигдэхүүнийг шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага дамнан хариуцаж байна. Сүүлийн үед санаа зовоож буй, өнөөдөр бидний хөндөн ярьж буй сэдэвт шууд хамааралтай асуудал бол шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ юм. Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолуудын биелэлтийн түвшин харьцангуй хүлээн зөвшөөрөгдөхүйц байхад иргэний шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэмжээ хангалтгүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хувьд бүр маш хангалтгүй гэж хэлж болохоор байна.

 Шүүхийн шийдвэр, түүний үндэслэл цаасан дээр бууж байдаг бол түүний биелэлт, хэрэгжилт хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дээр шууд тусаж байдаг.  Шүүх шударга ёсыг тогтоосон ч энэ нь биеллээ олдоггүй бол цаасан дээрээ л үлдэж, зөвхөн шүүгчийн нөр их хөдөлмөрөөр тогтохгүй хууль сахиулагч, прокурорын хуульт ёсны төлөө хичээл зүтгэл бүгд талаар болохоос гадна эрх зүйн нигилизм буюу нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, шударга ёсны зарчмуудыг үл ойшоох үзэл газар авч аливаа асуудлыг хүч түрэмгийлэн шийдвэрлэх хандлага бий болох аюултай.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийн түвшин хангалтгүй байгаа шалтгааныг шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудын судалгаа, шинжилгээ хариуцсан нэгжүүд хамтран судлан тогтоож, удирдлагууд даруй арга хэмжээ авах ёстой. Хууль, эрх зүйн орчин сул, хөрөнгө хүч дутаж байгаа бол төрийн бусад эрх мэдлийн оролцоо хэрэг болох байх. Харин хоёр байгууллагын хооронд үүрэг, хариуцлага завсардан орхигдож буй бол аль нэг талд нь дагнуулан хариуцуулах хуулийн зохицуулалтын талаар хууль тогтоогч судлан үзэх ёстой. 

Хүний эрх, эрх чөлөөг бодитой хамгаалахын тулд хууль тогтоогчийн оролцоотой шүүхийн хийх дараачийн ажил бол хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын шинэчлэлд шүүн таслах ажиллагааны арвин практикаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцан идэвх, манлайлалтай оролцох явдал юм. Ялангуяа эрүүгийн процессын хуулийн шинэчлэл, сайжруулалтыг гүнзгийрүүлсний үндсэн дээр хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлж чадах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ үндсэн дээр хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх асуудал эн тэргүүнд тавигдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчлэлээр заавал хөндөгдөх зүйл бол техник, технологийн  дэвшилд тулгуурласан шүүхийн орчин үеийн шинжилгээний үр дүнгээр голчлон нотлох ажиллагааг явуулах, албадлагыг зорилгод тэнцвэрт харьцаагаар хэрэглэхийг шаардсан зохицуулалтуудыг хуульд нарийвчлан тусгаж, оролцогчдын процессын эрхэд суурилсан нотлох ажиллагааны журмыг тусгай бүлэг болгон хуульчилж өгөх явдал юм.

Ийнхүү хэргийн оролцогчоос хамаарал багатайгаар нотлох механизмыг бий болгож төлөвшүүлснээр мэдүүлгээр нотлох буюу хэргийг оролцогчдоор өөрөөр нь нотлуулдаг амь бөхтэй оршсоор ирсэн практикийг халж нотлох ажиллагаа ур чадвартай хүний нөөц болон криминалистик, шүүх эмнэлэг болон тусгай шинжилгээний  үр дүнгээс хамааралтай болох учиртай. 2020-2024 онд Засгийн газраас шүүхийн шинжилгээний үйл ажиллагаанд судалгаа, техник, технологийн ололтыг нэвтрүүлж, хүний нөөцийн чадамжийг сайжруулахаар төлөвлөж буй нь бидний энэ зорилтын биелэлтэд эергээр нөлөөлөх нь дамжиггүй.

Шүүгдэгчийн процессын эрхүүд хуулийн шинэчлэлийн хүрээнд бүрэн баталгаажих хүртэл хууль сахиулагчаас хүний халдашгүй байх эрхийг хязгаарлах тохиолдолд хүч, албадлагын хэлбэр, хэмжээг шаардлагаас хэтрүүлэхгүй байх, албадлага нь хэрэглэснээр хүрэх үр дүнтэй  зохист харьцаанд байх зарчмыг шүүх зөвшөөрөл өгөхдөө шалгуур болгож баримталж ажиллана. Баривчлах ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь хуульд заасан шалгуур шаардлагыг нэг түвшнээр сулруулан авахад эрүү шүүлт болж хувирах магадлал нь гурван түвшин ахидгийг анхаарч, тэдгээр арга хэмжээнд тавих шүүхийн хяналтыг боловсронгуй болгоно.

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөвшөөрлийн дийлэнхийг албаны эрх, ашиг сонирхол нь зарим талаар давхацдаг байгууллагуудад нэгэндээ зөвшөөрөл өгөх байдлаар хэрэгжүүлэхээр хуульд зохицуулсан нь зөвшөөрлийн тогтолцооны мөн чанар, зорилгод нийцэн тохирохгүй байгааг анхаарч үзэх шаардлагатай. Оролцогчийн эрхийг хангах нь хүний эрхийн агуулгаар ойлгогдохоос гадна нотлох ажиллагааны үр дүн бодитой, үнэн зөв байх баталгаа байдгийг анхааран шүүхийн зөвшөөрлийн тогтолцоог өргөжүүлэн нотлох ажиллагаан дахь шүүхийн хяналтыг бий болгох нь зүйтэй байна. Шүүхийн хяналтад авагдсан эргэлзээгүй, зөрчилгүй нотлох баримтууд хэрэгт бүрдсэнээр мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, шүүхээс хэрэг буцдаг хуульчдын дундах маргаантай асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Иргэний нэр төрийг гутаан доромжилж, хүнлэг бус, хэрцгий харьцаж эсвэл айлган сүрдүүлэх, тулган шаардах болон хуурч мэхлэх аргаар гаргуулан авсан мэдүүлэг болон бусад нотолгоо үнэн зөв байх нь туйлын эргэлзээтэй байдаг нь тэдгээрийг хэргийг нотлоход ашиглахыг хориглох хүний эрхийн шалтгаанаас өөр бас нэгэн үндэслэл юм.

Одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрхийн болон эрх зүйн онолын зөрчил агуулсан олон заалтууд байсаар байгааг уг хуулийн аль нэг зүйл, хэсэг Үндсэн хууль зөрчсөн талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ар, араасаа гарч, зарим тохиолдолд Цэц уг хуулийг тайлбарлаж буй байдлаас дүгнэж болохоор байна. Үүнд хуулийн өөрийн төгс бус байдлаас гадна Улсын дээд шүүхийн хууль тайлбарлах эрх хэмжээ сүүлийн арван жил гацаанд байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно. Энэ байдлыг шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар засаж, хуулийг тайлбарлах зарчим, зохицуулалт харьцангуй тодорхой болсон тул Улсын дээд шүүх нь хуулиудын шинэчлэлийг хүлээж цаг алдахгүйгээр цаашид шүүхийн шийдвэр, практикт тулгуурлан тайлбар хийж, хүний эрхийн түгээмэл соёлд суурилсан хууль хэрэглээний практикийг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Мөн Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой холбоотой эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн тогтолцоог бий болгох үйл ажиллагаанд шүүхийн зүгээс хуулийн төсөлд санал хүргүүлж, батлагдсан хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж шаардлагатай тохиолдолд тайлбар гаргаж, шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахаас гадна хууль хэрэглэж шийдвэр гаргадаг төрийн бүхий л байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн тодорхой байдлыг хангахад дөхөм болох нөхцөл бүрдүүлж ажиллана.

Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад хүний эрхэд төвлөрөлтэй, оролцогчдод хүндлэлтэй, хугацаа, зардалд хэмнэлттэй байх зарчмыг өөртөө шингээсэн зохицуулалтуудыг суулгаж өгөх шаардлагатай байгааг шүүх тэмдэглэж байна.

Шүүхийг тойргийн болон дагналтын зарчмуудын зохистой тэнцвэрээр байгуулах нь иргэдэд шүүхийн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай хүрэх, хүний нөөцөө зөв удирдах үндсэн нөхцөлүүдийн нэг мөн.

Үндсэн хуульд заасны дагуу шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоохдоо энэ нь тус бүрдээ “шүүхийн тогтолцоо”, “шүүхийн харьяалал” гэсэн ялгаатай ойлголтуудыг илэрхийлж, эхнийх нь шүүхийн бүтэц, зохион байгуулалтын, удаах нь шүүхийн үйл ажиллагааны удирдлагад илүү хамааралтай асуудал болохыг анхааран засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэгжид шүүх орших, байгуулах асуудал нь шүүхийн тогтолцоог хөндөхгүй, харин шүүхийн харьяалал, хүртээмжид хамааралтай болохыг хүлээн зөвшөөрч шүүхийн үйл ажиллагааг оновчтой, үр өгөөжтэй байхаар тооцож шүүхүүдийг байгуулах шаардлагатай байна.

Шүүхийг байгуулахдаа давуу харгалзан үзэх гол шалгуур бол орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалалд үндэслэсэн нэгж хүн амд ногдох ерөнхий болон тусгай харьяаллын шүүхийг илэрхийлэх коэффициентүүд, тэдгээрийн харьцаа орон нутаг болон нийслэлд хамгийн бага ялгаатай байх боломжит хувилбар байх ёстой. Энэ үзүүлэлтийг эс харгалзаж, шүүхийг хэт жижиглэн бутаргаж нэг л шүүх бүрэлдэхүүнтэй эсвэл түүнээс ч цөөн шүүгчтэйгээр тулган тогтоосноос хэрэг маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүн байнга дутаж, өөр шүүхээс нөхөн бүрдүүлж байгаагаас ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчийг татгалзан гаргах, хэрэг маргааныг илтгэх, даргалах, хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах зарчим хэрэгжих боломжгүй байгаагаас иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байна гэж үзэж болохоор байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шинэчлэлээр нэвтрүүлэх хүний эрхийн агуулгатай өөрчлөлтүүдийн нэг бол гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг илүү баталгаатай хамгаалах эрх зүйн өмнөхөөс хөгжингүй орчныг бүрдүүлэх асуудал зүй ёсоор орно. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилтын нэг байдаг тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахын төлөө хэрэгжүүлж буй хохирогчийн процессын эрх хэмжээг хязгаарлахгүй байхыг шүүх чухалчлан үзсээр ирсэн.

Олон  улсын  хүний  эрхийн  гэрээ  конвенц  болон  НҮБ-ын  тунхаглал,  зарчимд  үндэслэсэн  хохирогчийн  эрхийг  хамгаалсан  бие  даасан  хуультай  болох хүртэл хохирогчдын талаарх хууль цаазын үндсэн зарчмын тухай НҮБ-ын тунхаглалаар баталгаажсан суурь эрхүүдийг эдлүүлэх хууль эрх зүйн үндсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шингээж хэрэгжүүлэхийг нөхцөл байдал шаардаж байна. Цаашид сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэндийн хохирлыг барагдуулах арга механизмыг судалж, өөрийн  улс  орны  нөхцөл  байдалд  тохирсон  хохирлыг тогтоох арга зүй, хохирогчид үйлчлэх үйлчилгээ, нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа, хохирогчийн хохирлыг барагдуулах санг багтаасан хохирогчийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж гэмт хэргээр хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээх эрх зүйн тогтолцоо, үйл ажиллагааны  зохистой  нөхцөлийг  цогцоор  нь бүрдүүлэхэд шүүх идэвхтэй оролцоно. Энэ хүртэл шүүх шүүн таслах ажиллагааны практикт тулгуурлан үгүйлэгдэж буй зохицуулалтын орон зайг нөхөх арга хэмжээг бололцоотой бүх арга хэрэгслээр авч хэрэгжүүлнэ. Юуны өмнө эдийн бус хохирол, бие эрхтэн, амь насны үнэлгээг тогтоох аргачлал, арга зүйг боловсруулж шүүхүүдэд мөрдүүлэх арга хэмжээ авна. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний оршуулгын зардлыг төлснөөр, эд эрхтнээсээ хагацсан иргэнд протезын үнэ гаргуулснаар хүний амь нас, эд эрхтний нөхөн төлбөр дуусаж гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасанд тооцсоор байх нь шударга ёсонд яавч нийцэхгүй.

Шүүхийн ачааллыг бууруулах байдлаар шүүхийн цаг, зардал, техник хэрэгсэл, хүний нөөцийг шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулахад төвлөрүүлэн нэг иргэнд оногдох шүүхийн үйлчилгээний индексийг нэмэгдүүлэхийн тулд шүүхийн өөрийн идэвх санаачилгаас гадна төрийн дэмжлэг туслалцаа тухайлбал хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүхийн бус ажиллагаа, эвлэрүүлэх, зуучлах механизмын хэд, хэдэн хувилбарыг хуульчлан тогтоох хэрэгтэй байна.

Гэрээ, хэлэлцээр бол талуудын хувьд заавал биелүүлэх хууль болох болон олон нийтэд хэрэг, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийн ач холбогдлыг танин мэдүүлсний үндсэн дээр тийм ухамсарт эрмэлзлийг төлөвшүүлэхээс гадна талуудын ашиг сонирхолд тэгш нийцсэн шийдлийг олоход нь дэмжлэг үзүүлж чадахуйц маргаант бус тогтолцоог бий болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад урьдчилан шийдвэрлэх шат байхаар тусгаж өгөх, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдах хэрэг, маргааны одоогийн хүрээг тэлэх зэрэг нь шүүхийн ачааллыг бууруулж шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулахад дөхөм үзүүлэх юм. Мэргэжлийн хяналт, захиргааны бусад байгууллагуудыг тодорхой салбар, чиглэлээр дагнасан маргааныг шүүхээс өмнөх шатанд хянан шийдвэрлэх трибунал буюу маргаан таслах комиссууд байдлаар байгуулах, ялангуяа захиргааны хэрэг маргааныг эхлээд захиргааны байгууллагуудын хүрээнд шийдвэрлэсний эцэст шүүхэд хэлэлцдэг гадаад улсуудын туршлагыг нэвтрүүлж болох юм.

Шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чанартай, үр өгөөжтэй хүргэхийн тулд эрүү, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг ийм туслалцаа шаардлагатай  байгаа иргэн бүрд үзүүлэхийг төрийн бодлогын түвшинд боловсруулан нэвтрүүлэх явдал ач холбогдолтой байна. Энэ зорилгоор хуульчдын болон өмгөөллийн өөрөө удирдах байгууллагуудын оролцоотойгоор  pro bono үйлчилгээг зохион байгуулахаас гадна улсын өмгөөллийн тогтолцоог эрх зүйн бүх маргаанд үйлчлэхээр зохион байгуулах, хууль зүйн туслалцааны зардалд хөрөнгө төсөвлөж санхүүжүүлж байх, мөн эрх зүйн даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх нь тустай байх болно.

Эцэст нь хэлэхэд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэний шүүхээр хамгаалуулах болон шударгаар шүүлгэх эрхийг хангах талаар шүүхээс хамаарах дээр өгүүлсэн бүх арга хэмжээнүүдийг ажил болгож бодитой хэрэгжүүлэх нь бие даасан шүүх тогтолцоо, хараат бусаар ажиллах шүүгчгүйгээр цаасан дээрх төлөвлөгөө хэвээр үлдэнэ. Шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах нь түүний хариуцлагатай байдлыг хангах явдалтай эсрэгцэхгүй гэж үзэж байна.

Эрх зүйг дээдлэх ёсыг төлөвшүүлэн иргэншсэн соёлт улс орнуудад хүн, түүний эрх, эрх чөлөөг дээд зэргийн үнэт зүйлс бөгөөд төрсөн цагаасаа салшгүй болохыг Үндсэн хуулиараа баталгаажуулжээ. Энэ нь Үндсэн хуульд эрх зүйн хэлбэрээр тунхаглагдсан бусад үнэт зүйлсүүд болох шударга ёс, тэгш байдал, ардчилал, тусгаар тогтнол, эв нэгдлийн зарчмуудтай хамтран үнэт зүйлсийн нэгдмэл бөгөөд харилцан нягт хамааралт тогтолцоог бүрдүүлж байдаг. Үндсэн хуулийг хэрэгжүүлэхдээ бид түүгээр хамгаалагдаж буй үнэт зүйлс, зорилго, ашиг сонирхлын тэнцүү чанар, тэнцвэрт харьцааг хадгалах нь хамгийн чухал бөгөөд нэг үнэт зүйлийг нөгөөгөөр орлуулах, эсвэл нэгнийх нь төлөө нөгөөг нь дордуулах явдал хэзээ ч гаргаж болохгүй нь эрх зүйн төрөлх мөн чанарын дагуу билээ.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр шүүхээс хэрэгжүүлэх арга хэмжээ нь хууль сахиулах, прокурорын байгууллага, хуулийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бусад байгууллагын ажил хэрэгч, нөхөрсөг болон хүндэтгэл бүхий туслалцаа дэмжлэггүйгээр биеллээ олох нь тун эргэлзээтэй асуудал. Шүүхийн шинэтгэл ч тэгж явагдсан, энэ удаад ч бид хүчээ нэгтгэн дахин нэг удаа хичээх үлдлээ.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.