Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хуульд заасан 2 бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа.
Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх нэн хариуцлагатай, нэр хүндтэй энэ албанд надад асар их итгэл хүлээлгэн үүрэг гүйцэтгүүлсэн Улсын Дээд шүүхийн болон Давж заалдах шатны шүүхийн үе үеийн Ерөнхий шүүгч, шүүгч нартаа дахин чин сэтгэлээсээ гүн талархлаа илэрхийлье.
Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж өнгөрүүлсэн он жилүүд миний ажил амьдралын алтан үе, нэр төр, алдар хүндийн маань түүхэн оргил үе байлаа.
Нэгэн цаг үед намайг байнга дэмжиж хамтран ажилласан бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга, ажилтнууд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаныхандаа шүүхийн шинэтгэлийг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох эрхэм үйлст нь амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шат шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болсон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагаа эхэллээ.
Бүх шатны шүүхийн шүүгчдийн маань сонголт мэргэн байх болтугай.
Та бүхнийгээ гүнээ хүндэтгэсэн,
Дархан овогт Дашзэвэгийн Эрдэнэчулуун
2019.5.30