Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргалаа

2018 оны 10 сарын 11 6167

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5, 73.3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын Дээд шүүхийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх  тухай маргааныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэжээ.

Уг хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн заалтыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтуудыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.