Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцэв

2021 оны 07 сарын 19 2217

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.