Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд прокуророос Лий Жонг Ёлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 4 үйлдэл бүхий хэргээс 2 хэргийг, Гу Дун Хёнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.