Д.Ганзориг: Захиргааны шүүх иргэнийг хамгаалдаг тогтолцоо байна гэдгийг мэдрүүлсэн
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой ирэх сард тохионо. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригтой уулзаж,· Захиргааны хэргийн шүүхийн талаар яриа өрнүүллээ. -Захиргааны шүүхийн анхны хуралдаан болох тухайн үеийн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн маргаанд та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Эндээс яриагаа эхлэх үү? -Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2002 оны 12 дугаар сард батлагдсан ч шүүх үйл ажиллагаагаа явуулахад тодорхой бэлтгэл ажил хийх шаардлагатай байсан. Иймээс ч Захиргааны хэргийн шүүх 2004 оны 6 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Шинэ шүүхийн анхны шүүх хуралдаануудын нэг болох Сонгуулийн ерөнхий хороотой холбоотой маргаанд миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Тэр үеэс сэтгэлд тод үлдсэн зүйл гэвэл Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид туслахуудтайгаа хамт нэг жижигхэн өрөөнд их олуулаа суудаг, залуучууд голдуу шижигнэсэн баг байсан. Шүүх хуралдааны тухайд шүүгч, оролцогчид аль аль нь туршлага багатай, мэдэхгүй юм ихтэй байлаа. Яг таны асууж байгаа шүүх хуралдааны тухайд долдугаар сард болсон, хэдэн өдөр дараалж хуралдаж байсан. |
-Та хуулийг боловсруулах ажлын хэсэгт багтсан уу. Батлагдсанаас хойш шүүх байгуулагдах хүртэл бэлтгэл ажил гэж яг юу хийсэн юм бэ?
-Энэ хуулийн “эх баригч” нь Б.Чимид багш юм. Миний тухайд ажлын хэсэгт байгаагүй, харин батлагдсаны дараа хууль сурталчлах арга хэмжээнд оролцсон. Шүүх байгуулагдах хүртэл жил хагасын хугацаанд хуулийг сурталчлах, сургалт явуулах, ном, гарын авлага хэвлүүлэх гэсэн гурван гол чиглэлээр нэлээд ажлууд хийгдсэн.
-Захиргааны шүүх дээр эхэн үедээ онолын маргаан их байсныг та нэг илтгэлдээ дурдсан байна лээ. Шүүгчид судлаачдынхаа үгийг тэр үед хэр сонсдог байв?
-Онолын маргаан нэлээд гарна. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал мөн үү, биш үү гэдгээс эхлээд агуулгын шинжтэй онолын маргаан хүртэл явагддаг байлаа. Шүүх дөнгөж байгуулагдаж байхад бүгд, ялангуяа хэргийн оролцогч талууд захиргааны эрх зүйн чиглэлээр бэлтгэгдээгүй, дутуу дулимаг зүйл их байсан. Тухайн үед захиргааны байгууллага, захиргааны акт,· нийтийн эрх зүй гэдэг ойлголтод хамаарч байна уу гээд онолын суурь асуудлаар талууд ч, шүүхийн зүгээс ч байнга асууж, маргаан мэтгэлцээн болдог байлаа. Захиргааны эрх зүйн чиглэлийн судлаач эрдэмтдийнхээ үгийг ч, шүүгч нарынхаа ч үгийг сонсдог. Гэхдээ эцсийн дүндээ шүүгчид өөрсдийн итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргадаг байсан. Одоо· бол онолын асуудлаар тогтсон ойлголтод нэгэнт хүрчээ.
-Та манай захиргааны эрх зүйн гол судлаачдын нэг. Захиргааны эрх зүйн хөгжилд энэ шүүх ямар нөлөө үзүүлсэн гэж дүгнэдэг вэ?
-Захиргааны эрх зүйд Захиргааны хэргийн шүүхийн үзүүлсэн гол нөлөө нь· онолын ойлголтуудыг практикт хэвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн явдал юм.· Дагнасан шүүх байгуулагдаж нийтийн эрх зүйн маргааныг· шийдвэрлэх явцдаа захиргааны эрх зүйн гол ойлголтуудыг төлөвшүүлсэн нь· тухайн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон.
-Дагнасан шүүхийн онцлог, ач холбогдол ер нь юу вэ?
-Дагнасан шүүхийн хэд хэдэн онцлог бий. Нэн түрүүнд хэрэглэж байгаа эх сурвалжийн асуудал. Нийтийн эрх зүйн, тэр тусмаа захиргааны эрх зүйн эх сурвалжуудыг хэрэглэх тал дээр дагнасан шүүх илүү их ойлголттой байж чаддаг. Нөгөө талаар процессын хувьд бусад шүүхээс ялгаатай. Ялангуяа нотлох баримтыг цуглуулах, үнэлэх тухай асуудал дээр захиргааны хэргийн дагнасан шүүх иргэний шүүхээс тэс өөр. Мөн шийдвэр гаргахдаа хийж байгаа дүгнэлтүүд нь ч ондоо. Жишээлбэл, илт хууль бус акт байна. Илт хууль бус актын тухайд· тодорхой иргэний эрхийг зөрчих гэдгээс илүүтэйгээр· нийтийн эрх ашгийг хөндөх асуудлууд яригддаг. Энэ бол нэг л онцлог.· Энэ утгаараа дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг Захиргааны хэргийн шүүх· нотлон харуулж чадсан.
-Ингэж нотолж харуулж чадсан нь шүүхийн шинэчлэлийн амин сүнс болсон дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчдийн асуудал гарч ирэхэд нөлөөлсөн үү?
-Шүүхийн шинэчлэлтэй шууд холбож бодож байгаагүй юм байна. Гэхдээ Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагааны зохион байгуулалт, менежмент, шийдвэрийн бичилт, шүүхийг ил тод, нээлттэй байлгах зэрэг асуудлууд дээр бусдаас огт өөрөөр хандаж байсан. Тиймээс шууд шинэчлэлд нөлөөлсөн гэж үздэггүй юм гэхэд шүүх шинэчлэгдэж байсан нэг цаг хугацаа гэж ойлгож байна. Мэргэшсэн шүүгчийн хувьд асуудлыг ойлгох, маргааны гол утга, мөн чанарыг илрүүлж чадахдаа давуу зүйлүүд их бий л дээ.
-Захиргааны хэргийн шүүх иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж чадсан уу. Ер нь энэ шүүхийн иргэдэд үзүүлсэн ач тус юу вэ?
-Захиргааны хэргийн шүүхийн дөрвөн чиг үүргийн нэг нь иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах юм. Энэ чиг үүргээ арван жилийн хугацаанд сайн биелүүлсэн гэж үзэж байгаа. Захиргааны байгууллагын шийдвэр заримдаа алддаг, хууль зөрчдөг явдал байна. Үүнээс иргэнийг хамгаалдаг, зөрчигдсөн эрхийг нь сэргээдэг тогтолцоо байна шүү гэдгийг энэ шүүх мэдрүүлж чадсан. Захиргааны хэргийн шүүхийн талаар хүн болгон мэддэггүй л дээ. Нэхэмжлэл гаргаад зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн хүний сэтгэл ханамж өндөр. Цаашдаа эдгээр иргэдийн санал бодлоор дамжин энэ шүүхийн талаарх нийгмийн үнэлэмж улам· дээшлэх байх гэж бодож байна.
-Яг одоо энэ шүүхийн талаарх нийгмийн үнэлэмж ямар байна вэ?
-Эерэг сайн байгаа байх. Миний хувьд өмгөөлөл хийхдээ ихэвчлэн иргэн нэхэмжлэгчийн талд орж байсан. Бидний бие даасан судлаачид гурван жилээр хоёр ч удаа судалгаа хийж үзсэн. Судалгааны дүнгээс үзэхэд иргэний гаргасан нэхэмжлэлийг хангасан шийдвэр маргааны 50-аас дээш хувийг эзэлж байсан. Энэ бол өндөр тоо.
-Маргааны талаас илүү нь иргэдийн талд шийдэгдсэн гэхээр ·захиргааны байгууллагын алдаа их байна. Энэ шүүхийн хяналтын үрээр захиргааны байгууллагын үйл ажиллагаа сайжрах шинж ажиглагдаж байна уу?
-Захиргааны үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж тогтоогдсон тохиолдолд захиргаа өөртөө дүгнэлт хийх ёстой. Бид яагаад ийм шийдвэр гаргав, үүнээс болоод иргэдийг яаж хохироож, чирэгдүүлсэн бэ гэдэгт анализ хийх ёстой. Миний бодлоор Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаас хойших эхний 5-6 жилийн хугацаанд энэ процесс нэлээд идэвхтэй явагдаж байсан. Харин одоо жаахан саарсан юм шиг санагддаг.
Нөгөө талаасаа захиргааны байгууллага хууль зөрчсөн шийдвэр гаргасныхаа төлөө хариуцлага хүлээх тогтолцоо сайн төлөвшөөгүй нь үүнд нөлөөлж байна. Жишээ нь Захиргааны хэргийн шүүхээр хамгийн их шийдэгддэг газрын маргааны тухайд захиргааны байгууллагын шийдвэрүүд “унасан” хэвээрээ л байдаг. Тэгэхээр захиргаа алдаан дээрээ дүгнэлт хийж байна гэж хэлж болохгүй байна. Төрийн албаны маргаан гэхэд хүнийг үндэслэлгүй халсан хэвээрээ л байна. Хэн нэгэн иргэн хохироод үлддэггүй тогтолцоо байх ёстой.
-Хариуцлагын механизм байхгүй нь нөлөөлөөд байгаа юм биш үү?
-Манайд хариуцлагын механизмын заалтууд байна. Жишээлбэл, эрүүгийн, сахилгын хариуцлага хүлээлгэх заалтууд бий. Энэ тогтолцоо хангалттай бус учраас эд хөрөнгийн хариуцлага их чухал. Буруу шийдвэр гаргасан албан тушаалтан халааснаасаа мөнгө гаргадаг байх ёстой. Эхлээд төрөөс хохирлыг гаргаж, дараа нь буруутай албан тушаалтнаас авдаг ч юм уу. Төрийн албан хаагчийг ажлаас халлаа, хоёр жил заргалдаад ажилдаа орлоо, ажилгүй байсан хугацааных нь цалинг гаргуулна. Цалинг улсын төсвөөс л гаргаж байгаа шүү дээ. Энэ утгаараа улс хохироод үлдээд, буруутай этгээд хариуцлага хүлээхгүй хоцорч байна. Тиймээс буруутай албан тушаалтнаас өөрөөс нь нэхэмжилдэг тогтолцоо байх ёстой.Тодорхой жишээ дурдвал төрийн албаны хуулиар Төрийн албаны зөвлөл энэ ажлыг хийх ёстой. Гэтэл хийж байгаа зүйл алга байна. Газар шороо ухаад улсад хохирол учруулчихлаа гэж байна. Прокурор энэ асуудал дээр· төрийн өмнөөс нэхэмжлэгч байж болно гэж· би боддог. Хариуцлагын тогтолцоо руу яваад эхэлбэл Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөө ч дээшилнэ, албан тушаалтнууд ч үнэхээр ингэж хууль зөрчиж болохгүй юм байна шүү гэж боддог болно. Ингэснээр иргэний эрх эцсийн дүндээ бодитой сэргээгдэнэ.
-Эрүүгийн хэргийн тухайд ял шийтгэл оногдуулчихна, иргэнийх болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өр төлбөрийг нь барагдуулчихна. Захиргаа хичнээн сайхан шийдвэр гаргалаа ч заримдаа· биелүүлэхэд хэцүү юм шиг харагддаг...
-Таны хэлдэг үнэн. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар тусад нь судалгаа хийгээд юу нь· болохгүй байна гэдэг дээр дүгнэлт гаргах ёстой юм шиг санагддаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль дотор · Захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай тусдаа бүлэг байхад ч гэмгүй байх. Саяхан нэг судлаач “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар Засгийн газрын байгууллага байгаа нь зөв үү” гэж асууж байна лээ. Шийдвэр гаргагчид нь сайд дарга нар, эрх мэдэлтэй хүмүүс. Тэдэнтэй холбоотой асуудлаар очсон шийдвэр гүйцэтгэгч ядаж л шийдвэр гүйцэтгэх ёстой сайдтай уулзаж чадахгүй байна.· Үүнийг л засаж залруулсан байх ёстой.
Мөн шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж биелүүлэх арга замыг тодорхой зааж өгдөг байх нь чухал. Энэ бол харин Захиргааны хэргийн шүүхийн хийх ажил.
-Та багш хүн, өмгөөлөгч хийж байсан. Энэ чиглэлийн хүмүүс шүүхийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй л ханддаг...
-Дөнгөж бий болж байгаа зүйлийг· шүүмжлэх нь гол бишээ.· Алдаа гарна. Түүнийг шүүмжлэх биш, хамтраад засах байдлаар энэ асуудалд хандах хэрэгтэй болов уу. Ганцхан шүүмж л хэлье. Бид тогтсон хийж чаддаг юмнаасаа ухарч ердөө болохгүй. Жишээлбэл, шүүх хуралдаан цагтаа эхлэх тухай ойлголт байна. Энэ бол жижигхэн юм шиг мөртлөө тухайн албан тушаалтныг хариуцлагажуулж байгаа үйлдэл юм. Сүүлийн үед энэ талаар шүүмжлэл сонсогдоод байх болсон байна лээ. Урьд нь шүүх хуралдаан цагтаа эхэлдэг, нэг минут хоцрох нь том “асуудал” гэж үздэг байсан юм.
-Ямар ч үйл ажиллагаа хүн дээр тулгуурладаг. Захиргааны шүүхийн шүүгчдийн үйл ажиллагаа, мэдлэг боловсролыг та яаж дүгнэдэг вэ?
-Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хэрэг маргаанаа сайн шийддэг, нуруутай хүмүүс байдаг. Тодорхой мэдлэгээс гадна хүний амьдралын өөрийнх нь ноён нуруу гэж нэг ойлголт бий. Тэр талаараа шүүгчид бүгдээрээ л боломжийн хүмүүс санагддаг. Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх бол тусдаа асуудал.· Захиргааны хэргийн шүүх байгуулагдах үед бүх· л шатны шүүхийн шүүгчид яаж ийж байгаад энэ ажлыг сайн эхлэх юмсан, шүүхээ сайхан болгох юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаа нь ажиглагддаг байсан. Хүн ямар нэг зүйлийг мэдэхгүй чадахгүй байлаа ч хүсэл тэмүүлэл л байх юм бол тэр ажил хэцүү биш болоод явчихна.
- Захиргааны хэргийн шүүхийн төлөвшлийг та яаж үнэлэх вэ?
-10 настай хүүхэд.
-Эрүү, иргэний шүүхийнхээ хэмжээнд бол хүрэх болоогүй юу?
-Болоогүй ээ. Тэр болтол бидний өмнө хэд хэдэн чухал зорилтууд байна. Хамгийн түрүүнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа өөрийнх нь зарчмаар явуулдаг болгох шаардлагатай. Магадгүй 20 нас хүрэхдээ тийм болох байх. Одоо бол хуульдаа иргэний процессын зарчмуудаас ишлээд явж байна. Тэндээс таарах ч юм байна, таарахгүй ч юм байна. Хүнээр бодох юм бол 35 нас хүрч байж төлөвшлөө гэж ярих байх. Яг өнөөдөр харах юм бол 10 настай хүүхэд. Тийм хүүхэд яадаг вэ, яг тэр хэмжээнд л байгаа гэж бодож байна.
-Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог хамгаалах хэрэгтэй гэж та ярьдаг. Яагаад?
-Нэг буруу хандлага яваад байдаг юм. Захиргааны хэргийн шүүх цөөн хэрэг шийдээд байна гэж шүүмжилдэг. Энэ дээр олон талын анализ хийх шаардлагатай. Засаг дарга их сайн шийдвэр гаргаад байдаг учраас иргэд заргалдахгүй байгаа юм биш. Сумандаа Засаг даргатайгаа маргаан хийнэ гэдэг бол ихээхэн зоригтой, тэвчээртэй хүний хийх ажил. Яагаад гэхээр тухайн хүний ахуй амьдралд захиргааны нөлөө их.
Хэрэг маргаан их, бага ирэх нь шүүхээс шалтгаалахгүй. Чи гомдол гаргаадах гэж ерөөсөө хэлж болохгүй. Ийм сайн шүүх шүү, энэ асуудлыг ингэж шийдлээ гэж сурталчилгаа хийж болохгүй. Маргаан цөөхөн байгаа учраас захиргааны хэргийн шүүхийг ер нь аймгуудад зарим газар татан буулгая гэж яригдсан. Үүнийг бид буруу гэж үздэг. Энэ тогтолцоо чинь ажилгүй байгаа юм шиг харагдаад байгаа боловч иргэнийхээ эрхийг хамгаалдаг тогтолцоо байх нь илүү чухал юмаа.
-Захиргааны ерөнхий хууль гээд олон жилийн турш яригдлаа. Яагаад ингээд дуншаад байдаг юм бол?
-Энэ хуулийн төсөл дээр зөвлөхөөр нь ажилласан. Батлагдаж гарахгүй байгаа талаар таны асуултын хувьд улс төрийн хүсэл зоригийн асуудал хөндөгдөнө. Хоёрдугаарт, захиргааны өөрийнх нь хүсэл зориг байна. Гуравдугаарт, бидэнд захиргааны эрх зүйн талаар мэдэхгүй зүйл бас ойлголтын зөрүү их байна. Миний бодлоор хуулийн төслөө УИХ-д өргөн бариад тэнд нэлээд том ажлын хэсэг байгуулаад дахин судалгаа хийх шаардлагатай гэж үздэг. Ийм хууль гарах гэж байна гээд олон удаагийн хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Иргэн, захиргааны албан хаагч, бизнес эрхлэгчид гээд ашиг сонирхол нь хөндөгддөг бүх хүмүүсээр хэлэлцүүлээд тэр дундаас сайн төсөл гаргаж аваад эргээд УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй байх.
-Захиргааны хэргийн шүүх төлөвшихөд шүүгчдээс гадна судлаач эрдэмтэд чухал нөлөө үзүүлсэн нь таны ярианаас харагдаж байна. Шүүх та нарын санал бодлыг яаж хүлээж авдаг, ямар хамтын ажиллагаатай явж ирсэн юм бол?
-Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр хуулийн· дагуу шийдвэр гаргана. Гэхдээ онолын хувьд ярилцах, санал бодлоо солилцох тохиолдол байсан л даа. Нэг зүйлийг л хэлмээр санагддаг. Шүүхийн шийдвэрүүд дээр онолын дүгнэлт гаргаад энэ талаар хэлэлцдэг байгаач гэсэн Б.Чимид багшийн “даалгавар”. Үүнийг л биелүүлэх ёстой юм. Шүүхийн шийдвэрийн талаар эрдэмтэн багшийн ном гэж хэвлүүлээд дотор нь шүүхийн шийдвэрийн үндэслэл байх жишээтэй. Үүнийгээ сургалтад ашигладаг, эрдэм шинжилгээний маягийн ийм уулзалтуудыг хийх хэрэгтэй юм шиг байна лээ. Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан эхний үед ийм төрлийн арга хэмжээ зохиодог байсан, сүүлийн үед харин бага болсон юм шиг харагдаад байна.
-Гадаадын эрдэмтэд манай Захиргааны хэргийн шүүхийн хөгжлийг яаж дүгнэдэг юм бол?
-Захиргааны хэргийн шүүхийн төлөвшлийн асуудлаар Германы эрдэмтэдтэй их ойрхон ажилладаг. Сүүлийн үед Япон, Солонгосын эрдэмтэд бас энэ чиглэлд нэлээд ажиллаж байна. Гадны эрдэмтдээс хоёр зүйл дээр эерэг үнэлэлт ирдэг. Нэгдүгээрт, хууль тогтоомж сайн болсон гэж үнэлдэг. Хоёрдугаарт, хуулиа хэрэгжүүлээд тогтолцоог бий болгож байгаа зохион байгуулалт, Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа сайн байна гэж дүгнэдэг.
-Сүүлийн үед нийтийн эрх ашгийн тухай асуудал их хөндөгдөх болсон. ·Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Нийтийн эрх ашгийн тухай асуудал их олон зүйлээс эхэлнэ. Бид ер нь нийтийн эрх ашиг, хувийн эрх ашиг гэдгийг ойлгож ирсэн үү гэдэг асуудал байна. Манайд өнөөдөр үйлчилж байгаа хуулиа харахаар Нийтийн ашиг сонирхлын хууль дээр л тодорхойлох гэж оролдсон зүйл бий. Гэхдээ тэнд арай өөр өнцгөөр буюу нийтийн албан тушаалтан гэдэг байдлаар нь тодорхойлсон байдаг. Шүүхийн тухайд 2006 онд Улсын Дээд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар гаргасан. Үүндээ тус хуулийн 70.2.3-ыг тайлбарлахдаа энэ шийдвэрийг нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс гаргаж болно гэсэн тайлбар хийсэн. Бидний одоо яриад байгаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэдэг асуудлын шүүхийн практик суурь нь тэнд байгаа, маш сайн тайлбар болсон гэж би үздэг. Одоо ч гэсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг тэр тайлбараар· дамжуулаад тавих боломж бий. Захиргааны илт хууль бус актын тухайд цаана нь олон хүний эрх ашиг хөндөгдөнө гэдэг утгаар нь Дээд шүүх тэр тайлбарыг гаргасан байх гэж боддог.· Харин шүүхийн шийдвэрүүдэд энэ тайлбар хэр сайн тусаж байсан бэ гэхээр· тодорхой жишээ мэдэхгүй байна. Нийтийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэх хуулийн төсөл гаргах гэж байна. Үүнийг магадгүй Дээд шүүхийн тэр тайлбартай холбох ёстой байх.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Ганпүрэв
“Өдрийн сонин”-ы 2014 оны 5 дугаар сарын 23-ны №126/4766/ дугаарт нийтлэгдсэн.