О.Одончимэг: Захиргааны шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна

2014 оны 05 сарын 28 2867

Төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг Захиргааны хэргийн шүүх манай улсад байгуулагдаад 10 жил болжээ. Дээрх хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд төрийн албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хохирсон 4546 иргэний эрхийг сэргээсэн байна. Энэ иргэдийн нэг болох Дорноговь аймгийн Айраг сумын дунд сургуулийн захирал О.Одончимэг ийнхүү ярьж байна.

IMG_6709-Та тусгай зөвшөөрлийн асуудлаар шүүхэд хандсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний бие дүүгийнхээ хамт Дорноговь аймгийн Айраг суманд архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай үйлчилгээний цэг буюу  караоке баар 2007 оноос ажиллуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж байтал 2009 оны 3 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Манай тусгай зөвшөөрлийн хугацаа тухайн үед дуусах гэж байсан учраас ямар нэг “зарга” хийгээгүй. Харин холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлээд дахиж тусгай зөвшөөрлөө авсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр 2009 оны 12 дугаар сарын 31-нд манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан. Сумын Засаг даргын явуулсан саналыг үндэслээд аймгийн Засаг даргын салбар зөвлөл нь ийм шийдвэр гаргасан юм байна лээ. Тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байна гэж үзэж, аймгийнхаа Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

-Ямар шалтгаанаар танай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм бэ?

-Тавьсан шаардлагыг биелүүлээгүй, гаднах хогоо цэвэрлээгүй, удаа дараа шалгалтаар очиход байдаггүй гэсэн аар саар шалтгаан заасан байсан. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд байдаг тусгай зөвшөөрөл цуцлах 5 үндэслэлд ямар ч хамааралгүй шалтгаанаар л цуцалсан байсан юм даг. Зүгээр л шалтаг гэх үү дээ.

-Та  яагаад ийм захирамж гаргасан гэж боддог вэ?

-Тухайн үед суманд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хүн амын тооноосоо хамаараад тэд байх ёстой гэсэн квоттой. Энэ дагуу Айраг суманд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж 7 байх ёстой гэсэн юм байна лээ. Гэтэл ийм аж ахуйн нэгж нь 9 болчихсон байсан. Бусад аж ахуйн нэгжүүд нь ардаа нөмөр нөөлөгтэй учраас хасч чадахгүй болохоороо манайхыг цуцалсан байх л гэж боддог. Ер нь манайх Айрагтаа байдаг ганц үйлчилгээний цэг, бусад нь дандаа дэлгүүрүүд. Үнэхээр квотдоо барих гэж байгаа бол тэр олон дэлгүүрийнхээ тусгай зөвшөөрлийг цөөлөөч гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд ч хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзсэн учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгох гэж шүүхэд хандсан.

-Та энэ асуудлаар шүүхэд хэзээ хандсан бэ?

-Тусгай зөвшөөрлийг 2009 оны 12 дугаар сарын 31-нд хүчингүй болгосон байна гээд цагдаатай ирээд зөвшөөрөлийг хураан авч байсан. Захиргааны хэргийн шүүхэд 2010 оны 1 дүгээр сарын 10-ны үед хандсан.

-Анхан шатны шүүхийн шийдвэр яаж гарсан бэ. Та шүүхэд хандахдаа энэ маргаанд ялна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

 

-Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр 2010 оны 5 дугаар сарын 10-нд гарсан. Засаг даргын захирамж үндэслэлгүй байна гээд бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны шүүхийн шийдвэр манай талд гарна гэдэгт би итгэлтэй байсан. Аливаа маргаанд оролцогч талууд өөр өөрийгөө өмгөөлөн, нөгөө талаа буруутган мэтгэлцдэг, энэ тохиолдолд манай талыг буруутгах үндэслэл үнэндээ бяцхан байсан. Тухайн үед би хотод ажилладаг байсан юм. Тэндээс сайн хуульч олоод нэхэмжлэл яаж бичих, ямар материал бүрдүүлэх талаар зөвлөгөө авсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт нь илт хууль бус тул хүчингүй болгох ёстой гэж тэр хүн хэлсэн. Би математикийн багш мэргэжилтэй. Гэхдээ Удирдлагын академид суралцаж, хуулийн том эрдэмтэд Чимэд, Совд гуайгаар хууль, эрх зүйн хичээл заалгаж байсан. Тэр үед мэдсэн сонссоноо бодсон ч гэсэн Засаг даргын захирамж хууль бус гэдэг нь тодорхой гэж өөртөө ч итгэлтэй байсан  учир эрхээ хамгаалуулах гэж хандсан л даа.

-Нөгөө тал чинь анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан уу?

-Нөгөө тал буюу аймгийн захиргааны хууль зүйн хэлтсийнхэн давж заалдана гээд тодорхой хугацаанд хүлээлгээд манайхыг ажиллуулахгүй байлгаад байсан.  Давж заалдах шатны шүүхэд гомдлоо явуулсан эсэх нь тодорхойгүй байсаар нэг сар болсон. Иймээс “Шүүхийн шийдвэрийг одоо болтол хэрэгжүүлэхгүй байна.  Манай компанид шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлээч.  Дараагийн шатны шүүхэд хандсан эсэхийг тодорхой хэлж өгөөч” гэсэн гомдлыг захирагааны хэргийн шүүхэд дахин гаргасан. “Шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээрээ, танайх ажиллаж болно” гэсэн хариу ирсэн. Нөгөө тал маань угаасаа давж заалдаагүй мөртлөө худлаа яриад байсан юм билээ. Үүнээс болж манайх бүтэн 7 сар үйл ажиллагаа явуулж чадахгүй гацсан. Хуульч “Та дахиад нэхэмжлэл гаргачих. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан хохирол учраас төлөгдөх боломжтой” гэж зөвлөсөн. Гэхдээ адгийн зарга 10 хоног гэгчээр зөндөө маргаан болох байх гээд хохирлоо барагдуулаагүй орхисон доо .

-Хэтэрхий хувийн асуудал руу чинь орж байгаа бол уучлаарай. Долоон сарын хугацаанд танайд ямаршуухан хэмжээний хохирол учирсан бэ?

-Сумын төвийн караоке баарны үйл ажиллагаа тийм их ашиг орлоготой биш л дээ. Үйлчлэх хүрээ бага. Заримдаа хүнгүй байх ч үе байна. Гэхдээ өөрсдийн байранд үйл ажиллагаа явуулдаг, түрээс төлдөггүй учраас ашгаараа ямар ч байсан 2 ажилтнаа цалинжуулаад л байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол дор хаяж сард нэг сая төгрөгөөр л тооцож нэхэмжлэх байсан байх.,

-Хэргийг чинь ямар шүүгч шийдсэн бэ. Шүүгчдээ баярлалаа гэж хэлсэн үү?

-Шүүх хуралдаанд гурван шүүгч оролцсон. Танилцуулсан шүүгч нь Сийлэгмаа гэж хүн байсан. Шүүх хурлын дараа баярлалаа гэж хэлсэн.

-Шүүх мэдээж орон нутгийхаа засаг захиргаатай хамтын ажиллагаатай л байдаг байх. Засаг даргаа шүүхэд өгөхдөө хүмүүс энэ талаас нь их хар сэртэй ханддаг л даа...

-Надад тийм хардлага төрөөгүй. Миний маргасан асуудлын тухайд Засаг даргын захирамж алдаатай гэдэг нь дэндүү ойлгомжтой байсан. Засаг даргын хувьд яг ямар үндэслэлээр аль аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг тэр бүр мэдэхгүй, хариуцсан салбар зөвлөлийн хуралд ирүүлсэн холбогдох сумдын хүмүүсийн материалаар л шийддэг юм байна лээ. Гаргасан шийдвэрийг нь үндэслэн захирамж гаргасан хэрэг л дээ.  Тэгээд ч Захиргааны шүүх хэргийг үнэн зөв шийддэг, иргэдийнхээ талд шийдвэр гаргадаг гээд манай сумынхан ам сайтай байдаг. Би Захиргааны шүүхэд итгэдэг.

-Суманд маргаан гарахад нэхэмжлэл гаргасан хүнийг “заргач” гэж харах тал байдаг. Танд хүмүүс яаж хандаж байна?

-Жижигхэн газар тийм асуудал гарна ш дээ. Зарим хүмүүс нь ямар заргач юм бэ гэж хүлээж авсан  л байх. Бас хууль дүрмээ мэддэг юм байна гэж бодож байгаа хүмүүс ч байгаа л байх. Миний хувьд бизнесийнхээ үйл ажиллагааны нэр төрийг сэргээх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар л шүүхэд хандсан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаагаар хүний халдашгүй тодорхой эрхэд халдсан тохиолдолд хамгаалах зорилгоор л захиргааны шүүх байгуулагдсан гэж ойлгодог. Ийм шүүх байхад хандаад эрхээ сэргээлгэх л хэрэгтэй гэж хувьдаа үзсэн.

-Шүүхэд хандахад шүүгч, ажилтны харилцааны талаас ч юм уу ер нь  хүндрэл бэрхшээл байсан уу?

-Би хотод ажилладаг байсан учраас нааш цааш явах нь жаахан ядаргаатай байсан. Цаг хугацаа бас нэлээд орох юм байна лээ. Шүүгч, ажилтны харилцаа сайн байсан, өөлөх юм байхгүй. Ер нь хүндэтгэлтэй, эелдэг харилцаатай санагдсан.

-Шүүхийн шийдвэр таны талд гарна гэдэгт та итгэлтэй байсан гэлээ. Гэхдээ яг шүүхийн шийдвэр гарахад төрсөн мэдрэмжээ хуваалцвал?

-Яг шүүхийн шийдвэрийг сонсоод өөртөө итгэлтэй байсан хэдий ч их баярласан шүү. Хүний эрхийг зөрчсөн байвал сэргээж өгдөг шүүхтэй юм байна гэж бодсон. Ер нь нэхэмжлэлээ зөв гаргаж, өөрт байгаа нотлох баримтаа өгөөд, санаа бодлоо зөв ойлгуулаад явсан тохиолдолд шүүхийн шийдвэр ард түмний талд бодитой гардаг юм байна гэдгийг  би өөрийн биеэрээ мэдэрсэн. Тийм учраас шүүхийн шийдвэр, шүүхийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа.

-Та ингэхэд хуралд өмгөөлөгчтэй орсон уу?

-Үгүй ээ, хуульчаас зөвлөгөө аваад шүүх хуралд ганцаараа л орчихсон.

Medee.mn сайтад 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тавигдсан.