Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтад оролцлоо

2018 оны 06 сарын 19 4227

БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэгч төв байгууллагууд хоорондын уулзалтууд болсон ба Монгол Улсын Дээд шүүхийг төлөөлөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга оролцлоо.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Гадаад иргэн харьяатын газар, Цагдаагийн Ерөнхий газрын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар багтсан юм.

Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны консулын харилцааг дунд болон зорилтот урт хугацаанд хөгжүүлэх, Монгол Улс - БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болон эрх зүйн туслалцаа үзүүлэгч төв байгууллагууд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг хамтатгах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хулгай, цахим залилангийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, консулын хамгаалалт буюу иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, асуудлаар тус тус ярилцаж, Шанхай, Манжуур хотуудад Монгол Улсын консулын төлөөлөл байгуулах асуудлаар санал солилцов.

Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Хууль зүйн яам, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, НАХЯ-ны Хар тамхитай тэмцэх газар, шилжилт хөдөлгөөний алба зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.  

Дашрамд дурдахад Монгол Улс - БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт анх 1994 онд болж байсан бөгөөд 20 дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.