УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЦЭРГИЙН КОЛЛЕГИ

2018 оны 06 сарын 28 10146

           1928 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын гишүүдийн 11 дүгээр хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 54 дүгээр хурлаар “улаан цэргийн шүүн таслах газрын дүрэм”-ийг баталж, 1928 оны 7 дугаар сарын 25-нд Цэргийн шүүн таслах газрыг Шүүх яамны харьяанд байгуулсан бөгөөд нэг жилийн дараа татан буулгаж, “Дээд шүүхийн Цэргийн коллеги”-г байгуулсан байна.
           1929 онд Түр цагийн шүүн таслах газар болон Цэргийн ерөнхий шүүхийг татан буулгаж, Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегид Ховд хязгаарын цэргийн шүүх, Зүүн хязгаарын цэргийн шүүх, Улаанбаатар дахь Морин дивизийн цэргийн шүүх захирагдах болсон байна.
           Цэргийн коллегийг БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1954 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаар зарлигаар татан буулгаж, 1971 онд дахин байгуулжээ.
           Цэргийн шүүхийн бүхий л үйл ажиллагаанд БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллеги хяналт тавьж байсан бөгөөд Дээд шүүхийн Цэргийн коллеги нь:
                      а/ Төрийн эсрэг гэмт хэрэг;
                      б/ БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, тэдгээрийн харьяа байгууллагын газар, хэлтэс, хорооны дарга, тэдгээртэй адилтгах буюу дээд албан тушаалтан;
                      в/ хурандаа, түүнээс дээш цол бүхий цэргийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг;
                      г/ Онц чухал гэж үзсэн эрүүгийн хэргийг Дээд шүүхийн дарга буюу прокурорын санаачилгаар анхан шатны журмаар хэлэлцэн, давах эрхгүйгээр хэлэлцэн шийдвэрлэдэг байсан. Харин анхан шатны цэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор 1954 он хүртэл хянан хэлэлцдэг байсан бөгөөд 1954 оноос Дээд шүүхийн эрүүгийн коллеги хэлэлцдэг болжээ.
           Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн даргаар 1971 онд хошууч генерал Ч.Нансалжав, 1974 онд хурандаа Ц.Лувсаншарав, 1984 онд хурандаа Ц.Цэрэн-Очир, 1988 онд хурандаа Ц.Цолмон нар томилогдож ажилласан байна.

 

Хошууч генерал Ч.Нансалжав
Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга асан

Ц.Нансалжав 1921 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг, Дэлэр мөрөн гэдэг газар малчин ард Цэвэгийн отгон хүү болон төрсөн. Монгол бичиг үсгийг бие даан сурсан. 1936 онд буюу 15 настайдаа тус сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв. Тэрбээр 1938-1942 онуудад Холбооны техникум, 1942-1943 онд Дотоод явдлын яамны гүйцэтгэх курс, 1946-1948 онд Зөвлөлт Холбоот Улсад Чекистийн дээд курс, 1955-1958 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд тус тус суралцаж төгссөн бөгөөд 1959-1963 онд ЗХУ-ын Хууль цаазын дээд сургуулийг эчнээгээр төгссөн.
1943-1948 онд Дотоод явдлын яаманд ахлах байцаагч, цэргийн хэрэг эрхэлсэн группын дарга, 1948 оны 9 дүгээр сараас 1952 оны 9 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар болон Ховд аймаг дахь Дотоод явдлын яамны тусгай хэлтсийн даргаар, 1952 оноос Дотоод явдлын яамны орлогч сайд бөгөөд Улсыг аюулаас хамгаалах газрын даргаар томилогдон ажиллажээ. 1958 оны 9 дүгээр сараас Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар, 1959 оны 2 дугаар сараас 1961 оныг хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар, улмаар 1961-1962 онуудад Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар, 1962-1966 онуудад Эдийн засгийн дээд сургуулийн орлогч захирлаар, 1966-1970 онд Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар, 1970-1971 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион зааварлах хэлтэст зохион байгуулагчаар, 1971 оны 1 дүгээр сараас БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн даргаар тус тус томилогдон ажиллажээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдон ажилласан байна.
Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн даргаар ажиллах хугацаандаа төрийн захиргаа, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа цэргийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, ажлын арга барилыг улам боловсронгуй болгох талаар өөрийн мэдлэг, туршлагад түшиглэн чухал хувь нэмэр оруулжээ.
Зохиолч, сэтгүүлч Дожоодорж, Ц.Нансалжавын тухай өөрийн номонд “Миний бие Улсын цагдан сэргийлэхэд ажиллаж байсан болохоор Ц.Нансалжав генералыг зохих хэмжээгээр гадарлах юм. Тэрээр Улсын цагдан сэргийлэх газрын дарга байхдаа ч, яамны сайд болсон хойноо ч өөрийнхөө ажилчидтай уулзаж, хурал цуглаан дээр ярьж байхыг нь олонтаа сонссон. Ц.Нансалжав генерал бол аливаа хүнийг дугаарлаж үздэггүй, дээр доргүй адилхан, их боловсон харьцаатай, зөв үзэл бодолтой, их шударга, яруу сайхан илтгэгч, гаднаас нь ажихад ухаалаг сэргэлэн нүдтэй, гялалзуур, генералын дүрэмт хувцас биенд нь зохисон, жавхаалаг их сайхан хүн байсан юм” /Товхимлын 8 дугаар тал/ гэж бичсэн байна.
Ц.Нансалжавын гүйцэтгэсэн ажлыг төр засаг өндөр үнэлж Байлдааны гавъяаны одонгоор 2 удаа, Байлдааны медалиар 3 удаа, мөн Монгол, Зөвлөлтийн бусад одон медалиудаар шагнаж байжээ.
1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Хошууч генерал цол олгосон байна.

 

Хурандаа Цэндийн Лувсаншарав
Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга асан

Цэндийн Лувсаншарав 1916 онд одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн /хуучин Хөгнө/ сумын нутагт төрсөн, 1926 онд цэргийн албанд татагдаж цэрэг, бага дарга, улс төрийн удирдагч, мөрдөн байцаагч, 1936 оны 9 дүгээр сараас цэргийн прокурор, 1955 оны 9 дүгээр сараас Сайд нарын Зөвлөлд зохион зааварлах хэлтсийн орлогч, 1956 оны 5 дугаар сараас Цэргийн яам ба Нийгмийг аюулаас хамгаалах яаманд орлогч сайд, 1957 оны 2 дугаар сараас Шүүх яаманд орлогч, 1957 оны 7 дугаар сараас жинхэнэ сайд, яам татан буугдахад 1959 оны 4 дүгээр сараас Улсын Дээд шүүхэд нэгдүгээр орлогч дарга, 1974 оны 2 дугаар сараас Цэргийн коллегийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1984 онд 68 насандаа чөлөөндөө гарчээ.
1958 оны 3 дугаар сард хуралдсан МАХН-ын ХIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, мөн хурлаас МАХН-ын Төв хорооны орлогч гишүүнээр сонгогдсон ба Ардын армийн намын комиссын гишүүн, Цэргийн яам ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны намын хороо товчооны гишүүн, намын анхан шатны хороо, үүрэг олон удаа сонгууль хүлээж явсан байна.
Ц.Лувсаншарав нь цэргийн алба хааж байхдаа 1939 онд Халх голын байлдаанд 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороонд пулемёт сумангийн улс төрийн удирдагчаар, 1945 оны чөлөөлөх дайнд бүх цэргийн прокурорын орлогчоор тус тус оролцсон.
Ц.Лувсаншарав армид ажиллаж байсан хугацаандаа БНМАУ-ын гавьяат хуульч цол, Сүхбаатарын одон, байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, “Алтан гадас” одонгоор 3 удаа, байлдааны ба Хөдөлмөрийн хүндэт медаль, ЗХУ-ын “Улаан таван хошуу” одонгоор 1 удаа, “Бид ялав”, Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жил, Ардын армийн 50, 60 жил, Халх голын 30, 40 жил, Аюулаас хамгаалах байгууллагын болон Улсын цагдан сэргийлэхийн ойн медаль, Милитарист Японыг ялсны 30 жил, ЗХУ-ын “За победу над Японий”, “Тридцать лет победы в Великой Отечественной войне 1941-1945“, 60 лет вооруженных сил СССР”, “40 лет победы в Великой Отечественной войне 1941-1945” зэрэг одон, медалиудаар тус тус шагнагдаж байжээ. 1975 онд “Монголын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” болсон байна. Түүний удирдлага дор ажиллаж байсан шүүгч нар дурсан ярихдаа: “Лу” дарга зарчимч хатуу шаардлагатай, хүнийг хараад л таньдаг, ширүүн хүн байсан гэх боловч бас хүнийг хайрлавал хайрлаж, дэмжвэл дэмждэг шиг дэмждэг хүн байсан. Түүний өрөөнд шууд яваад орчих зүрхтэй хүн ховор, орохдоо цаанаа нэг эмээнэ гэж магтана...
 

Хурандаа Цэвээний Цэрэн-Очир
Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга асан

Цэвээний Цэрэн-Очир нь 1922 онд Завхан аймгийн Баян-Уул сумын нутаг Зайгал гол хэмээх газар төрсөн. Ард, халх. МАХН-ын гишүүн. 1940-1941 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургууль, 1955 онд ЗХУ-д Цэргийн хууль цаазны академид тус тус элсэн суралцжээ.
Ц.Цэрэн-Очир нь 1946-1974 онд Дотоод явдлын яам, Нийгмийг аюулаас хамгаалах яамны 9 дүгээр хэлтэст тасгийн дарга, 1 дүгээр хэлтэст комиссар, 2 дугаар хэлтэст тасгийн дарга, мэдээллийн группт тасгийн дарга, Хөвсгөл аймаг дахь хэлтсийн дарга, Дундговь аймаг дахь хэлтсийн дарга, 2 дугаар хэлтсийн орлогч, Мөрдөн байцаах хэлтсийн дарга, 1 дүгээр хэлтэст группын дарга, 2 дугаар газарт хэлтсийн дарга, 1961 онд НҮБ-ын төлөөлөгчийн газарт атташе, 1968 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суух ЭСЯ-нд, 1978 онд ЗХУ-ын Ташкент хотод консул, 1981 онд Монгол улсаас Африк улсад суух ЭСЯ-нд, 1984 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 29 дүгээр зарлигаар Дээд шүүхийн цэргийн коллегийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаар зарлигаар ажлаас чөлөөлөгджээ. Ц.Цэрэн-Очирын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж 1945 онд “Бид ялав” медаль, 1952, 1961 онд Байлдааны медаль, 1957 онд “Алтангадас” одон, 1967 онд Байлдааны гавьяаны одон, 1972 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, РСФСР-ийн Улаан таван хошуу одон, 1981 онд Узбек ССР-ийн Дээд зөвлөлөөс Хүндэт жуух бичиг, 1993 онд “Хүндэт чекистийн тэмдэг” болон Халхын голын ялалтын 30 жил, МАХ-ын 40, 50, 60, 70 жилийн медалиуд, УАХБ-ын 50 жил, Монголын ардын армийн 50 жил, милитарист японыг ялсны 30 жилийн ойн медалиуд, YII таван жилийн гавшгайч тэмдгээр тус тус шагнагдаж байсан байна.


Хурандаа Цэндийн Цолмон
Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн дарга асан

1944 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. МУИС-ийн хуулийн ангийг 1967 онд төгссөн, хуульч мэргэжилтэй. 1967 онд Хэнтий аймгийн прокурорт туслах прокуророор, 1971 онд Улсын прокурорт зааварлагч, 1973 онд Улаанбаатар хотын прокурорын орлогчоор, 1975 онд Намын төв хорооны захиргааны хэлтэст референтээр, 1979 онд Ардын армийн цэргийн шүүхийн даргаар, 1988 онд Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн даргаар, 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан байна.

 

 

 

 

 

 

 

 

Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн дарга, гишүүд тусгай шүүхийн зарим шүүгч нар
Урд эгнээнд зүүн гар талаас: Ө.Пүрэв, Г.Бяраадамба, Ц.Лувсаншарав, н.Загд, Д.Цэрэнбалтав
Арын эгнээнд зүүн гар талаас: С.Баасансүх, Б.Дашцэрэв, О.Даяндорж, н.Лувсандаш 1975 он