УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 05 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2005 оны 12 дугаар
сарын 30-ны өдөр
Дугаар 800 Улаанбаатар
хот

 

Улсын Дээд шүүхийн албан хэрэг
хөтлөх зааврыг шинэчлэн батлах тухай

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан  “Албан бичиг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улсын Дээд шүүхийн “Албан хэрэг хөтлөх заавар”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү зааврыг нийт ажилтнуудад танилцуулан, 2006 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдөж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуунд үүрэг болгосугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  С.БАТДЭЛГЭР

 

 

Ерөнхий шүүгчийн 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн
800 дугаар захирамжийн  хавсралт

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН АЛБАН
ХЭРЭГ ХӨТЛӨХ ЗААВАР

Нэг. Ерөнхий үндэслэл

1.1. Улсын Дээд шүүхийн бичиг хэргийг эмх цэгцтэй байлгах, өргөдөл гомдол, баримт бичгийг хүлээн авах, зохих албан тушаалтанд хүлээлгэн өгөх, хариу албан бичиг явуулах, архивт шилжүүлэхэд энэхүү зааврыг баримтлана.

1.2. Улсын Их Хурал, Засгийн газраас албан хэрэг хөтлөх ажлын талаар гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих, албан хэргийн ажлыг шалган зааварлаж, түүний эмх цэгц, соёлжилтыг сайжруулах, холбогдох гарын авлага боловсруулж гаргах асуудлыг Тамгын газар хариуцна.

1.3. Улсын Дээд шүүхийн албан хэрэг хөтлөх ажиллагаанд Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2005 оны 798 дугаар захирамжаар батлагдсан “Улсын Дээд шүүхэд иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, гомдол болон хэрэг хүлээн авах, хуваарилах шийдвэрлэх журам”-ыг баримтлан ажиллана.

Хоёр. Өргөдөл, гомдол, баримт бичиг, хэрэг
хүлээн авах, явуулах, байгууллага дотор
баримт бичиг шилжүүлэх талаар

2.1. Улсын Дээд шүүхийн бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч ирсэн өргөдөл, гомдол, баримт бичгийн бүрдлийг шалган хүлээж авна. Баримт бичгийн бүрдэлд дор дурьдсан зүйл хамаарна.

а/ баримт бичгийн дугтуй, лац ломбо, хаяг;

б/ он, сар, өдөр, дугаар;

в/ гарчиг, бичвэр, баталгаат хэсэг;

г/ холбогдох санал, хавсралт гэх мэт.

2.2. Хэрэв баримт бичиг андуурагдан ирсэн бол энэ тухай дансанд тусгай тэмдэглэл хийж, шуудангийн салбарт нэн даруй буцаана.

2.3. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь ирсэн бүх баримт бичиг, өргөдөл, гомдлыг ирсэн бичиг бүртгэх дэвтэр болон компьютерт /”Үндсэн заавар”-ын 1 дүгээр хавсралт маягт/-т асуултын дагуу бүртгэнэ.

2.4. “Нууц”, “гарт нь” гэсэн бичгээс бусад бүх баримт бичгийн дугтуй, уутыг задалж, бичгийн дугаарыг дугтуйн дугаартай тулган үзнэ. Бүрдэл дутуу баримт бичгийг удирдлагад танилцуулсны үндсэн дээр /”Үндсэн заавар”-ын 2 дугаар хавсралт маягтаар/ хоёр хувь тодорхойлолт бичиж, нэг хувийг уг бичгийн хамт буцаана.

2.5. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч  нь бүртгэх дэвтрийн 2-6 дугаар хүснэгтэд ирсэн бичгийг бүртгэж, 7, 9, 10 дугаар хүснэгтэд шилжүүлсэн тухай, 8 дугаар хүснэгтэд хариу өгөх бичигт бүртгэл хяналтын картын дугаарыг, 11 дүгээр хүснэгтэд уг асуудлыг хэзээ, хэн шийдвэрлэж явуулсан талаар тус тус тэмдэглэнэ.

2.6. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь ирсэн баримт бичиг, хавтаст хэргийг хүлээн авч данс бүртгэлд бүртгэсэн тухай /”Үндсэн заавар”-ын 3 дугаар хавсралт маягт/ уг бичгийг буюу хэргийн эцсийн хуудас болон хавтасны арын зүүн гар талын доод өнцөгт тэмдэг дарна. “Орсон №” гэдэгт ирсэн бичиг бүртгэх дэвтэрт бүртгэсэн дугаарыг “Карт №” гэдэгт “Бүртгэл-хяналтын карт”-ын дугаарыг бичнэ.

2.7. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар болон бусад газраас ирүүлсэн яаралтай хариу өгөх баримт бичиг, мэдээ баримтыг хүлээн авч бүртгэн нэн даруй, бусад баримт бичгийг ирсэн өдөрт нь багтаан Ерөнхий шүүгчид танилцуулан холбогдох шүүгч, албан тушаалтанд шилжүүлэн өгнө.

2.8. Бүртгэгдээгүй баримт бичиг, хавтаст хэргийг хэн ч хүлээн авч үл болно. Зайлшгүй шалтгааны улмаас бүртгэгдээгүй баримт бичиг, хавтаст хэргийг хүлээн авсан шүүгч, ажилтан уг материалыг өөрийн биеэр бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид хүлээлгэн өгч бүртгүүлнэ.

2.9. Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхим, Тамгын газар, алба, судалгааны төвийн бичиг хэрэг хариуцсан ажилтнууд бичиг баримтын боловсруулалт, шийдвэрлэлтийн явц байдлыг тухай бүр нь бүртгэл хяналтын картад тэмдэглэж байх бөгөөд сар тутам байгууллагын бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид байгаа картад тэмдэглэл хийлгэж, шийдвэрлэгдсэн бичгийн картыг хаалган, дуусгавар болгож байна.

2.10. Явуулах баримт бичгийг Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхим, Тамгын газар, алба, судалгааны төвийн бичиг хэрэг хариуцсан ажилтнууд дугтуйлан, хаана, хэнд явуулахыг тодорхой бичиж, Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид дугтуйг задгай хүлээлгэн өгнө.

2.11. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь явуулах баримт бичгийг он, сар, өдөр, дугаар, гарын үсэг, тамга буюу тэмдэг дарсан эсэх зэрэг бүрдлийг шалган үзэж хүлээн аваад, явуулсан бичиг бүртгэх дэвтэр /”Үндсэн заавар”-ын 4 дүгээр маягт/-т бүртгэж, битүүмжлэн, зохих иргэд, байгууллага, шүүхэд явуулна. Шаардлага хангаагүй баримт бичгийг холбогдох ажилтанд буцаан өгч засуулна.

2.12. Хариу ирэх баримт бичгийг явуулсан бичиг бүртгэх дэвтрийн 8 дугаар хүснэгтэд оны эхнээс дугаарлаж бичих бөгөөд хариу ирсэн тухай бүр 9, 10 дугаар хүснэгтэд тэмдэглэж байна.

2.13. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь хариу өгөх бичгийн шийдвэрлэлтийн байдлыг /”Үндсэн заавар”-ын 7 дугаар маягт/ хагас жил тутам гарган, Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүн, Тамгын газрын даргад танилцуулж байна.

2.14. Яаралтай баримт бичгийн дугтуйн баруун гар талын дээд буланд “яаралтай” гэж бичнэ. Хаягт дурьдсанаас өөр хүнд үзүүлэхгүй гэсэн зүйлийн дугтуй дээр “гарт нь” гэж бичихийг зөвшөөрөх бөгөөд харин ”маш нууц”, “нууц” баримт бичигт “гарт нь” гэж давхар бичихийг  хориглоно.

2.15. Гадагш явуулж байгаа баримт бичгийг /бичиг хүргэгчээр хүргүүлсэн эсхүл шуудангаар явуулсныг үл харгалзан/ бичиг тараах дэвтэр болон компьютерт бүртгэж явуулна.

2.16. Шүүх, прокурорт буцааж байгаа хэргийг Танхимын тэргүүний туслахууд бүрдлийг нь хянаж, дугтуйлж, битүүмжлэн Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагчид хүлээлгэн өгнө.

Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь уг хэргийг холбогдох байгууллагад нь даруй хүргүүлэх арга хэмжээ авна.

2.17. Тогтоол, магадлалын ноорог, дугтуйг хэрэгт үдэхгүй, харин хэргийн хуудасны баруун дээд буланд бал харандаагаар дугаар бичих бөгөөд хуудасны тоо 250-аас илүүгүй байна.

2.18. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч нь 13 цагаас өмнө цагдаагийн тусгай шуудангаар явуулахаар хүлээн авсан баримт бичгийг тэр өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан бол дараагийн өдрийн 10 цагаас өмнө шууданд шилжүүлнэ.

2.19. Байгууллага дотор хэрэг, баримт бичиг шилжүүлэх ажлыг Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч, Танхимын тэргүүний туслахууд Ерөнхий шүүгчийн 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 798 дугаар захирамжаар батлагдсан “Улсын Дээд шүүхэд хэрэг болон иргэд, хуулийн этгээд, хэргийн оролцогчдоос гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журам”-д заасны дагуу гүйцэтгэнэ.

2.20. Хэрэг болон баримт бичгийг бичиг хүргэгчээр хүргүүлэхдээ заавал тусгай зориулалтын уут, цүнхэнд хийж явах бөгөөд олон хавтастай хэргийг Тамгын газраас автомашин гаргуулан тухайн шүүхэд хүргүүлнэ.

2.21. Бичиг хэрэг, өргөдөл гомдлын асуудал хариуцсан ахлах зааварлагч бичиг тараалтын гүйцэтгэлийг өдөр бүрийн 17 цагаас өмнө шалгаж үзээд, баримт бичиг тараах дэвтрийг бичиг хүргэгчээс хураан авч хадгална.

Гурав. Нууц бичиг хэрэг хөтлөлт, хэвлэмэл хуудас хэрэглэх эрх
бүхий албан тушаалтнуудын индексын талаар

 

3.1. Улсын Дээд шүүхийн хэвлэмэл хуудсыг дор дурьдсан эрх бүхий албан тушаалтнууд хэрэглэх бөгөөд дараах индекстэй байна. Үүнд:

Ерөнхий шүүгч - 1,

Эрүүгийн хэргийн танхим - 2,

Иргэний хэргийн таним – 3,

Захиргааны хэргийн танхим - 4,

Тамгын газар - 5,

Шүүхийн судалгааны төв, Ерөнхий шүүгчийн ажлын алба, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба – 6.

3.2. Нууц бичиг хэргийн хөтлөлтийг Ерөнхий шүүгчийн туслах Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон Засгийн Газраас баталсан зааврын дагуу хариуцан гүйцэтгэнэ.