ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

2015 оны 05 сарын 18

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД
 
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

2014-12-23                                                                                 Улаанбаатар хот

Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийг шүүх зөв тайлбарлан хэрэглэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох, түүний гаргасан дүгнэлтийг үнэлж буй байдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2012, 2013 онд хянагдсан нийт хэргийг судалж үзэхэд дээрх хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих дутагдал багагүй байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт”-ийн тухай зөвлөмжид шинжээчийн дүгнэлтийн ойлголт, төрөл, агуулга болон шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар тодорхой заасан хэдий ч алдаа дутагдал цөөнгүй гарч байгаа тул түүнийг багасгах, гаргуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэж үзэн дараах зүйлийг тоймлон хүргүүлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан арга, журмаар гаргуулсан шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан нотолгооны хэрэгслийн нэг бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлт нь бусад нотолгооны хэрэгслүүдийн хамт нотлогдвол зохих зүйл буюу нотолгооны зүйлийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Ийнхүү нотолгооны зүйлийг тогтоосноор нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх тул шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад шүүхээс хийвэл зохих ажиллагаануудыг хуульд нийцүүлэн явуулахад дараах зүйлүүдийг анхаарвал зохино.

Нэг: Шинжилгээний үндсэн асуудлын талаарх хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан актын талаар

Шүүх шинжээч томилох, түүний дүгнэлтийг үнэлэхдээ шинжээчийн эрх зүйн байдал, үйл ажиллагаатай холбоотой хууль, журам, зааврын талаар хангалттай мэдээлэл авсан байх шаардлагатай.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээч томилуулах, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх талаар шүүхийн практикт түгээмэл хэрэглэгдэх хууль тогтоомж, эрхийн актаас дурдвал:

1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “хэрэг хянан  шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээчийг томилох”-оор заасан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч оролцох эрх зүйн байдал, зохигчийн хүсэлтээр шүүх шинжээчийг томилох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шинжээчийн дүгнэлт сонсгох, шинжээчтэй холбоотой шүүхийн зардал, түүнийг төлүүлэх тухай зэрэг харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 37, 53, 54, 80, 85,  91, 92, 103, 108, 110, 111, 142, 143, 179 дүгээр зүйлд зохицуулжээ.

1.2. Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журам, зарим төрлийн шинжилгээний онцлог болон шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, шинжээчийн эрх зүйн байдлыг Шүүхийн шинжилгээний тухай хуульд тодорхойлсон байдаг.

1.3. Шинжээч зарим дүгнэлтийг гаргахдаа баримтлах дараах журам, заавар батлагдсан байна. Үүнд:

а/ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №110/137 дугаар тушаалаар батлагдсан “Эдийн засгийн шинжилгээ хийх журам”,

б/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №119 дүгээр тушаалаар батлагдсан “Криминалистикийн шинжилгээ хийх журам”,

в/ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 189/385 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”, “Цогцост шинжилгээ хийх журам”,

г/ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №143 дугаар тушаалаар батлагдсан “Дуу авианы адилтгалын шинжилгээ хийх журам”,

д/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн а/59 дүгээр тушаалаар батлагдсан “Эцэг, эх тогтоох шинжилгээнд ДНХ-ийн дээж авах, битүүмжлэх, хүргүүлэх журам”

е/ Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А215/421 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”,

Хоёр: Шүүхийн шинжилгээ хийлгэх буюу шинжээч томилсон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн талаар

2.1. Шинжилгээ хийлгэх эсэхийг шийдвэрлэхдээ шүүх шинжээч томилуулах хүсэлтийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, хүсэлт ойлгомжтой тодорхой эсэх, хүсэлтэд заасан асуудлыг тодруулахад тусгай мэдлэг шаардлагатай эсэхийг заавал шалгаж байх нь зүйтэй. Үүнд:

2.1.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зөвхөн хэргийн оролцогч буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан этгээдийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж, шүүх тогтоол гарган шинжээчийг томилно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шинжилгээ хийлгэхэд хэргийн оролцогчид заавал дахин хүсэлт гаргахыг шаардахгүй. Хэргийн оролцогчийн хүсэлтээр гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус эсхүл шинжээч зөрүүтэй мөн бүрэн бус дүгнэлт гаргасан, түүнчлэн шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд дахин болон нэмэлт шинжилгээ хийгддэг бөгөөд энэ нь шинжээч томилуулахаар урьд нь гаргасан хүсэлтийн дагуу хийгдэж буй ажиллагаа гэж ойлгох боломжтой гэж үзнэ.

Харин дахин шинжилгээ, нэмэлт шинжилгээг хийлгэхээр шүүх шинжээчийг томилохдоо Шүүхийн шинжилгээний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.2-т заасан зөвшөөрсөн, хориглосон үндэслэлүүдийн талаар анхаарвал зохино.

2.1.2. Шинжилгээ хийлгэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах эсэхийг захирамж, тогтоолд үндэслэл бүхий дүгнэсэн байх шаардлагатай. Хэргийн оролцогчийн хүсэлтэд дурдагдсан шинжилгээний объект, үйл баримтыг заавал тусгай мэдлэг бүхий этгээд тогтоох шаардлагагүй эсхүл хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж шүүх үзвэл хүсэлтийг хангахаас татгалзаж болно.

2.1.3. Хэрэв шүүх шинжилгээ хийлгэх буюу шинжээч томилох шаардлагатай гэж үзсэн бол шинжээчээр томилогдох этгээд нь шинжилгээ хийх тухайн асуудлаар “тусгай мэдлэг” бүхий эсэхэд шүүх анхаарах шаардлагатай юм. Шинжилгээний объектод буюу шинжлэгдвэл зохих зүйлийн талаар шинжлэх, дүгнэх асуудлыг зөв тодорхойлох, уг асуудлаар “тусгай мэдлэг” бүхий, мэргэжил эзэмшсэн этгээдийг шинжээчээр томилж байх нь зөв.

Түүнчлэн, хэргийн оролцогчтой ямар харилцаатай болохыг тогтоож, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана. Шинжилгээ хийхэд харшлах шалтгаан байхгүй бол шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

2.1.4. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий  нотлогдвол зохих зүйл, үйл баримтын талаар /шинжилгээний объект/ оновчтой зөв асуултыг шинжээчид тавихын тулд хэргийн оролцогчийн хүсэл зоригийг тодруулах нь чухал. Хууль хэрэглэх, тодорхой зүйл, хэсгийг тайлбарлуулах, мөн шүүхийн шийдвэрлэх эрх зүйн асуудлаар шинжээчид асуулт тавих нь буруу юм.

2.2. Шинжилгээ хийлгэх буюу шинжээч томилуулах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангах эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэ тухай хүсэлт гаргаагүй бусад зохигчдод танилцуулсан байна.

2.3. Шүүх хүсэлтийг хангаж, захирамж, шүүхийн тогтоол гарган шинжээч томилсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. Ингэхдээ мөн хуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий хугацаатай шинжилгээ хийх хугацааг уялдуулан тогтооно.

2.4. Шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр этгээдийг шинжээчээр томилох шаардлагатай гэж шүүх үзвэл захирамж, тогтоол гаргахаас өмнө шинжээчээр томилогдох боломжтой этгээдийг дуудан ирүүлж, түүний мэргэжил, чадвартай танилцан, шинжилгээ хийлгэх асуудал нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл шинжлэх ухааны арга, хэрэгсэл  ашиглан хариулах боломжгүй нөхцөл байгаа эсэхийг тодруулна.

2.5. Шинжээчээр томилогдох этгээдийн талаар иргэний хэргийн оролцогч санал гаргах эрхтэй хэдий ч шүүх тухайн төрлийн “тусгай мэдлэг”-тэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг үндэслэл болгон ямар байгууллага, мэргэжилтнийг шинжээчээр томилохыг шийдвэрлэх эрхтэй болно.

2.6. Шинжээчийг томилсон бол тогтоол, захирамж болон холбогдох баримтыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж, томилогдсон шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

2.7. Шүүх шинжилгээний цар хүрээ, онцлог, шинжлэгдэх объектын тоо хэмжээг харгалзан шинжилгээ хийх хугацааг үндэслэл бүхий тогтооно.

Тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол энэ тухайгаа шүүхэд мэдэгдэж, хугацаа сунгуулах журмыг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд заах ба улмаар ямар үндэслэл, шалтгаанаар дүгнэлт хугацаандаа гарах боломжгүй болсон, цаашид ямар ажиллагаа хийгдэх шаардлагатай байгааг судлан үзсэний үндсэн дээр хугацаа сунгах эсэхийг шүүгч шийдвэрлэнэ.

2.8. Шинжээчид хүргүүлж буй шинжилгээний объектыг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд нэрлэн заана. Хэрэв шинжлэгдэх объектыг шинжээчид хүргүүлэх боломжгүй бол түүнд чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлийг хангах арга хэмжээг хэрхэн авахыг тодорхой тусгана.

Гурав: Шинжилгээний зарим төрлийн талаар

3.1. Хөрөнгийн үнэлгээ тогтоох:

3.1.1. Иргэн, хуулийн этгээд нь нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах бөгөөд үүний нэг нь хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа юм. Иймд тусгай зөвшөөрөлгүй этгээдийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргуулах нь хуульд нийцэхгүйг анхаарвал зохино.

3.1.2. Үнэлгээчин үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хөрөнгийг үнэлэхээс гадна эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийх талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заажээ.

Үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ хийвэл “үнэлгээний тайлан”, харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийвэл “шинжээчийн дүгнэлт” гаргах бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай.

а/. Үнэлгээний тайлан:

Шүүхийн оролцоогүйгээр Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд хүсэлт гаргаж, хөрөнгийн үнэлгээ хийлгэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд “үнэлгээний тайлан” гаргадаг болно.

Үнэлгээний талаарх гомдлоо хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлд гаргана.

Үнэлгээний тайлан нь шүүхийн тогтоол, захирамжийн дагуу гарсан шинжээчийн дүгнэлт биш тул уг баримтыг хэргийн оролцогчийн гаргасан бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т нийцнэ.

б/. Шинжээчийн дүгнэлт:

Шүүх шинжээч томилох замаар хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжтой. Хөрөнгийн үнэлгээний зүйл нь тодорхой үнэ цэнээр үнэлэгдэх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн өмчлөх эрх байна.

Үнэлгээчнийг шүүх шинжээчээр томилсон бол захирамж, тогтоолын дагуу шинжилгээний объектод хийсэн үнэлгээ нь шинжээчийн дүгнэлт болно. Дүгнэлт нь эд зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд дараах зүйлийг тусгасан байна. Үүнд: шинжээчийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, түүний хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл; үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, хөрөнгийн үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэрэг болно.

Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл энэ талаарх хүсэлт /гомдлоо/ шүүхэд гаргана. Шүүх хүсэлтийг нягтлан үзэж, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар дахин буюу нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж болно.

3.2. Хүүхдийн асрамж тогтоох хэргийг шийдвэрлэхэд хийгдэж байгаа шинжилгээ:

3.2.1. Хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар зохигчид харилцан тохиролцож чадаагүй бол шүүх эцэг, эхийн хүмүүжил боловсрол, амьдралын нөхцөл бололцоо, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд анхаарал, халамж тавьдаг эсэх, мөн хүүхдийг эд хөрөнгө, сэтгэл санааны дарамтанд байлгадаг, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэнд, сэтгэл санааны гэм хор учруулж байсан зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Түүнчлэн хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул өсч, сурч боловсрох боломжийг анхааран үзэж, зохигчдын хэн нь дээрх шаардлагыг илүү хангаж байгааг харгалзан үзнэ.

3.2.2. Боловсролын тухай хуульд зааснаар боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага  нь иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд нь туслах, сургуулийн нийгмийн ажилтан нь суралцагч, эцэг эхийн нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Иймд шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ дээрх байгууллага, мэргэжилтнийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах нь хуульд нийцнэ.

3.2.3. Шүүхийн практикт хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, мөн бүх шатны боловсролын байгууллага, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон эмчийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж байгааг буруутгах боломжгүй юм.

Хүүхдийн асрамж тогтоох хэргийг шийдвэрлэхэд хийгдэж байгаа шинжилгээ нь бусад шинжилгээнээс онцлогтой тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Тухайлбал:

Хуульд заасан нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч зохигчид, тэдний эцэг эх болон шаардлагатай бусад хүмүүстэй уулзаж ярилцах, тайлбар авах, гэр оронд нь очиж амьдралын нөхцөл байдалтай танилцах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааны үр дүнд дүгнэлтээ гаргадаг. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг зөрчихгүй юм.

Харин шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, нууцыг хадгалах зарчмыг мөрдлөг болгон ажиллах талаар шүүх тодорхой арга хэмжээ авч, энэ талаар шинжээчийн эрх, үүргийг танилцуулахдаа тайлбарлан өгсөн байвал зохино.

3.3. Зам тээврийн осол, хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн хэрэгт хийгдэж байгаа шинжилгээний талаар:

3.3.1. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхэд осол, хэрэг гарахад хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байх нь чухал ач холбогдолтой.

Осол, хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин гэм хор учирсан нь өөрийнх нь буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Иймд  энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд зохигч өөрийн гэм буруугүй болохыг тогтоолгох зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргадаг байна.

Зам тээврийн осол, хэрэг гарсан үед  ихэвчлэн Цагдаагийн байгууллага хэргийн ул мөр болон ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийж акт тогтоодог. Энэхүү акт шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд тооцогдохгүй тул шүүх уг актыг бичмэл нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан зохицуулалттай нийцнэ.

Дөрөв: Шинжээчийн дүгнэлт, түүнд тавигдах шаардлага, үнэлэх талаар

4.1. Шинжээчийн дүгнэлт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүхээс томилогдсон мэргэжлийн байгууллага,  тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой арга аргачлалын дагуу хийгдсэн, бодит үр дүнгээр хэмжигдэх цогц үйл ажиллагаа юм.

4.2. Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсгээ зурахын зэрэгцээ хувийн болон байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцогдоно.

Харин шинжээч мэргэжилтний хувьд дүгнэлт гаргаж буй бол тухайн байгууллага, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй.

4.3. Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хийсэн шинжилгээ, дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх, улмаар хуульд заасан арга, журмаар олж авсанд тооцох боломжгүй.

4.4. Дүгнэлтэд зарим шинжээч гарын үсэг зураагүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй байвал шүүх энэ талаар тодруулж, шаардлагыг хангуулах арга хэмжээ авах нь хууль зөрчихгүй юм.

4.5. Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогчдод танилцуулан, дүгнэлтийн талаар гаргасан хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй.

4.6. Шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлнэ.

4.7. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй бол түүнийг давууд үзэх, нотлогдсон тохиолдолд илүүд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т нийцэхгүй юм. Шүүх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа бол энэ тухай шийдвэрт тодорхой заасан байвал зохино.

4.8. Эрүү иргэн, захиргааны өөр хэргийн болон эрүүгийн
хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил авч үзэх нь буруу юм.

4.9. Шинжээч томилуулах хүсэлтэд дүгнэлт гаргуулахаар заасан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор тогтоогдсон байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.10. Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан тул захирамж, тогтоолоор томилогдоогүй этгээд дүгнэлт гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд уг дүгнэлтийг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй.

4.11. Шинжээчийн дүгнэлт шинжилгээ хийлгэх зорилгод нийцсэн эсэхийг шүүх нягтлан, шаардлагатай бол шинжилгээг дахин хийлгэх эсэхийг шийдвэрлэж байх нь зүйтэй.

Жишээ нь: шүүх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжилгээний объект нь гүйцэтгэсэн ажил байхад /барьсан барилга, зам засвар г.м/ шинжээч шинжилгээний объектод шинжилгээ хийхгүйгээр зөвхөн нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, үйл ажиллагааны тайланг хянаж, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах нь шинжээч томилсон зорилгод нийцэхгүйг анхаарах нь чухал юм.

4.12. Шинжээчийн гол зорилго бол эрх бүхий байгууллагын тавьсан асуултад өөрийн мэргэжлийн ур чадвар, мэрэгжил, мэргэшлийг ашиглан хариулт өгөх явдал юм. Иймд шүүхээс асуулт тавиагүй байхад дүгнэлт гаргасан эсхүл шүүхийн тавьсан асуултад хариулаагүй бол шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шинжээч дүгнэлтдээ тусгах хэрэгтэй бөгөөд энэ нь шүүхээс тавьсан асуултад шинжээч хариу өгсөн эсэхийг тогтоох ажиллагаанд хамааралгүй, хуульд заасан өөр зохицуулалт болохыг анхаарвал зохино.

4.13. Шинжээч дүгнэлт гаргахдаа ямар хууль тогтоомжийг үндэслэл болгосныг шүүх анхаарч энэ талаар дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

Жишээ нь: Зохигчдын хооронд 2010 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний зүйл болох сууцны доторх хэмжээний талаар маргалдсан байна. Шүүх орон сууцны барилгын доторх сууцны хэмжээг тогтоохыг шинжээчид даалгасан бөгөөд шинжээч Барилга, хот байгуулалтын сайдын сайдын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Айлын сууцны талбайн хэмжээг тооцох журмыг үндэслэн” дүгнэлт гаргажээ. Гэтэл Барилгын тухай хуулийн /2008 онд батлагдсан/ 22 дугаар зүйлийн 22.1., 22.2.-т зааснаар барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөх ёстой бөгөөд маргаантай сууцны талбайн хэмжээг зохигчдын гэрээ байгуулах үед даган мөрдөгдөж байсан журмын дагуу тогтоох учиртай байжээ. Зохигчдын гэрээ байгуулах үед “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тогтоох тооцох аргачлал MNS 6058 2009” стандарт мөрдөгдөж байсан тул шинжээч хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй тул шүүх нэмэлт эсхүл дахин шинжээч томилох ёстой байна.

4.14. Хэргийн оролцогч өөрийн хүсэлтээр аливаа мэргэжлийн байгууллагаар гаргуулсан тодорхойлолт, албан бичгийг шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй. Шүүх эдгээрийг бичмэл нотлох баримтынх хувьд үнэлж, дүгнэнэ.

Тав: Бусад асуудлын талаар

5.1. Хэргийн оролцогч эсхүл шинжээч өөрөө татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарах эсэхийг сайтар нягтлан үзнэ.

5.2. Шинжээчид хүргүүлэх баримтуудыг хүлээлгэн өгсөн, авсныг баримтжуулах ба шинжилгээ дууссаны дараа шинжлэгдсэн бичмэл баримтын эхийг гаргаж өгсөн этгээд хүсвэл түүнд буцааж өгч болох боловч уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт заавал үлдээнэ.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т  шүүхийн зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т шүүхээс гаргасан шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр тус тус заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад чиглэгдсэн зохицуулалт юм.

Шинжээч зардал төлөгдөөгүй гэх шалтгаанаар дүгнэлтээ заасан хугацаанд ирүүлэхгүй байх явдал цөөнгүй байна. Энэ тохиолдолд шүүх зардлын хэмжээг тодорхойлсон баримт, нэхэмжлэх ирүүлэхийг шинжээчид мэдэгдэж, хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр, зохигчид эвлэрэн хэлэлцсэн бол хувааж хариуцуулахаар,хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагчаас гаргуулахаар тус тус шийдвэрлэнэ.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ