МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 27 Улаанбаатар хот
“ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ” ХУУЛИЙН
ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
“Өршөөл үзүүлэх тухай” 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн зарим зүйл, хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн /цаашид хуулийн гэх/ зарим зүйл, хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай.
1.1. Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээд” гэдэгт 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн хүмүүс хамаарна.
1.2. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн” гэдэгт урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүйгээс гадна хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж байсан, хорих ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцсон буюу ялгүй болсон, хорих ялыг нь тэнсэж, хянан харгалзсан болон мөн хуулийн 62, 63 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй, уг хугацаа дууссан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн боловч нэг шийтгэх тогтоолоор анх удаа хорих ял шийтгүүлсэн болон шийтгүүлж байгаа этгээдийг тус тус хамааруулан үзнэ.
1.3. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа” гэдэгт гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч уг хууль хүчин төгөлдөр болох үед 18 насанд хүрсэн этгээдийг ойлгоно.
1.4. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй” гэж нэг буюу түүнээс дээш төрүүлсэн болон үрчилж авсан, түүнчлэн нэг өрхөд хамт амьдарч байгаа дагавар хүүхдийн аль нэг нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 18 насанд хүрээгүй байхыг хэлнэ.
Мөн зүйл, хэсэгт заасан “жирэмсэн…” болох нь эмчийн магадлагаа, эсхүл эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байвал зохино.
1.5. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “өөрийн шууд асрамжинд байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй” гэж шууд асрамжинд нь байгаа төрсөн болон үрчилж авсан, дагавар хүүхдийн эх нь нас барсан, нас барсан гэж зарлагдсан, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон байхыг хэлнэ.
1.6. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д дурдсан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /паспорт/, түүнтэй адилтгах бусад баримт бичиг, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан төрийн захиргааны эрх бүхий байгууллагын бүртгэл, тодорхойлолт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон байвал зохино.
1.7. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “энэ хуулийн 4.1.5-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй” гэдгийг 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, түүнчлэн ял эдэлж байгаа “арван найман насанд хүрээгүй хүүхдэд” уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт хаалт болохгүй гэж ойлгоно.
1.8. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан “болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтан” гэдэгт хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргийг анх удаа болгоомжгүй үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээд хамаарна.
1.9. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан “хорихоос өөр төрлийн хөнгөн ял”гэдэгт Эрүүгийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах ялыг тус тус ойлгоно.
1.10. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байвал зохино.
1.11. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан “хүнд, онц хүнд гэмт хэрэгүйлдэж” гэдэгт уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байхыг ойлгоно.
1.12. Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд шүүх энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялын хөнгөнийг хүндэд нь багтаах, эсхүл бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэх зэргээр мөн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.
1.13. Хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд Цагдаагийн байгууллага уг хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ.
1.14. Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн хувьд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгч захирамж гаргаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шат шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ.
1.15. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан “гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн” гэдгийг 3 ба түүнээс дээш удаа шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн гэж ойлгоно.
Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүйд тооцогдсон буюу ялгүй болсон бол энэ ойлголтод хамааруулахгүй.
1.16. Хуулийн 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй үндэслэлүүд нь 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө бий болсон байвал зохино.
1.17. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ээс 8.1.7-д заасан этгээдэд уг хуульд заасан өршөөл үл хамаарна.
1.18. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна.
1.19. Ялтныг үндсэн болон нэмэгдэл ялаас энэ хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх тухай асуудлыг Улсын Их хурлын 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс зохион байгуулна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх буруу хэрэглэсэн тохиолдолд дээд шатны шүүх уг хэргийг давж заалдах буюу хяналтын журмаар хянан хэлэлцэхдээ алдаа, зөрчлийг залруулан зөвтгөж байвал зохино.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ДОРЖГОТОВ