Их эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай

2020 оны 01 сарын 09

   МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр                                  Дугаар 03                                     Улаанбаатар хот 

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй хийж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч талыг төлөөлөлж З.Бат-Отгон, Г.Алтаншагай, Ж.Батзаяа, Н.Эрдэнэдалай, Л.Батцэнд, Ж.Эрдэнэчулуун, Э.Лутай,  нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов

Улс төрийн намыг бүртгүүлэх талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтийн талаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Улсын Дээд шүүхэд гаргасан “Их эв” намын дарга З.Бат-Отгоны гарын үсэг бүхий хүсэлтэд: “Бидний хэсэг хүмүүс үзэл бодол нэгдэн улс төрийн нам байгуулахаар шийдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуулиар олгогдсон эрхийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр “Их эв” намын анхдугаар их хурлыг хуралдуулж, тус намын үндсэн дүрэм, мөрийн хөтөлбөр зэргийг хурлын төлөөлөгчөөр хэлэлцүүлэн баталж, намын даргыг сонгосон тул шинээр байгуулж буй “Их эв” нам болон тус намын дарга Зулаа овогтой Бат-Отгоныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын Дээд шүүхэд өргөдөл гаргасан боловч тус намын нэр бүхий гишүүдийн оршин суух хаяг, овог, регистрын дугаар зэргийг бүрэн гүйцэт залруулаагүй тул ... Дээд шүүхээс хүсэлтийг буцаах тухай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн албан тоот бичгийг хүлээн авч, холбогдох залруулгыг хийн, дахин өргөдөл гаргаж байна.

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох бичиг баримтыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү?” гэжээ.

    Хүсэлтэд шинээр нам үүсгэн байгуулахаар санаачлагчдын хурлын тэмдэглэл, нам санаачлагчдын хурлаас гарсан шийдвэр, намын их хурал зохион байгуулах ажлын төлөвлөгөө, намын анхдугаар их хурал зохион байгуулах дараалал, анхдугаар их хурлын хөтөлбөр, тэмдэглэл, тогтоолууд, мандатын комиссын болон тооллогын комиссын тогтоол, намын дүрэм, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, намын уриалга, бүтэц, зохион байгуулалт, намын даргын анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, санхүүгийн ажилтны анкет, санхүүгийн тайлан, хөрөнгийн жагсаалт, байрны түрээсийн гэрээ, намын их хурлын урилга, төлөөлөгчдийн бүртгэлийн жагсаалт, анхдугаар их хурлын фото зураг, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хурлын зар, намын дэмжигч гишүүдийн бүртгэлийн жагсаалт зэрэг 243 хуудас материалыг хавсарган ирүүлжээ.

    Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойшхи хугацаанд намын гишүүдийн бүртгэлд тусгагдсан 1056 гишүүний анкетыг нэг бүрчлэн судалж, оршин суугаа хаяг, иргэдийн регистрийн дугаарыг шалгаснаас гадна тохиолдлын 20 хүний утсаар намын гишүүнчлэлийг тодруулсан болно.

      Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой шүүхийн дээрх ажиллагаа хуульд харшлаагүй, зохих журмын дагуу явагджээ.

  Шүүх хуралдаанд дээр хүсэлт гаргагч талаас намын дүрэм, мөрийн хөтөлбөр, гишүүнчлэл, нэр болон бусад асуудлаар дэлгэрэнгүй тайлбар гаргав.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд өгсөн хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд

ХЯНАВАЛ:

   Хүсэлт гаргагч нь Их эв намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгүүлэхээр анх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан ба Улсын Дээд шүүх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Тогтоолд зааснаар намын дүрэм, мөрийн хөтөлбөрт хуульд нийцээгүй заалт байснаас гадна намын гишүүдийн бүртгэл учир дутагдалтай, намын их хурлыг зохион байгуулж, явуулсан ажиллагаа тодорхой бус байсан байна.

    Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан зөрчил, дутагдлыг хүсэлт гаргагч залруулан засч, намын анхдугаар их хурлыг дахин зохион байгуулан явуулж, дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн найруулж, их хурлын төлөөлөгчдөөр дэлгэрэнгүй хэлцүүлсэн боловч гишүүдийн бүртгэлийн дутагдал бүрэн гүйцэт засагдаагүй байсан учир Улсын Дээд шүүх зөрчлийг зааж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/3847 дугаартай албан бичгээр материалыг буцаасан байна.

    Хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийн тогтоолоос хойш намын их хурлыг шинээр хийж, Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан хугацаанд нам бүртгүүлэх тухай өргөдлөө Улсын Дээд шүүхэд гаргасан байна.

   Нам бүртгүүлэх өргөдөлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан мэдээлэл бүрэн тусгагдсан ба Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т заасан бүртгэлд шаардлагатай баримт бичиг бүрджээ.

    “Их эв” намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан агуулгатай болсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна намын үйл ажиллагааны зарчим, зорилго, үзэл баримтлал нь Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгээр тогтоосон хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй байна.

     Намын гишүүдийн бүртгэлд зарим гишүүдийн оршин суух хаягийн тодорхой бус байдал нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7.-д заасан хязгаарыг зөрчихгүй байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3.-т заасан бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй байна. Гишүүдийн хаягийн бүртгэлд хороо, баг, байр, гудамж тодорхой бус тусгагдсан зарим зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

“Их эв” гэсэн бүтэн нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд “нам оноосон нэртэй байх”, “намын бүтэн болон товчилсон нэр байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхгүй байх” талаар Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчихгүй байна.

     Улс төрийн намын улсын бүртгэлд “Их эв” нэртэй нам байхгүй тул энэ нэрээр улс төрийн нам байгуулах нь “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж  болохгүй” гэсэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсгийг шаардлагад харшлаагүй болно.

Намын билэг тэмдгийн хэлбэр, агуулгыг хүсэлт гаргагч тодорхой тайлбарласан ба улс төрийн намын билэгдэл дүрсэд хас тэмдэг хэрэглэх эсэхийг эргэн хэлэлцэхийг шүүхээс зөвлөсөн болно.  

Улс төрийн намыг бүртгэхээс татгалзах Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Их эв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд шүүх дүгнэв.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6., Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 9.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.”Их эв” намыг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгосугай.

2.”Их эв” нам нь улсын бүртгэлд бүртгүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсныг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг “Их эв” намд даалгасугай.

4.”Их эв” нам улсын бүртгэлд бүртгүүлсэн болохыг нийтэд мэдээлсүгэй.

5.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.УНДРАХ

 

 ШҮҮГЧ                                                                 Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                                            Ц.АМАРСАЙХАН