МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧИЙГ ЦАГААТГАСАН ТУХАЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

2018 оны 12 сарын 17

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ЗАХИРАМЖ
 

2012 оны 06 дугаар
сарын 15-ны өдөр                 

Дугаар 60           

Улаанбаатар
хот

Журам батлах тухай

          Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

  1. “Монгол Улсын Дээд шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэх олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

     2. Уг журам гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2006 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Ц.ЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий шүүгчийн 2012 оны

6 дугаар сарын 15-ны өдрийн

60 дугаар захирамжийн

хавсралт

 

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧИЙГ
ЦАГААТГАСАН ТУХАЙ ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн дагуу Улсын Дээд шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг олгохдоо энэхүү журмыг мөрдөнө.

2. Улсын Дээд шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай олгосон үнэмлэх нь тухайн хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан тухай үндсэн баримт болно.

Хоёр. Хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг олгох

 

2.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг гагцхүү Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэн хэлмэгдэгчид олгоно.

2.2. Хуульд заасан тохиолдолд энэхүү үнэмлэхийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэрээр хэлмэгдсэнд тооцогдсон хүмүүст тухайн шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын Дээд шүүхээс олгож болно.

2.3. Улсын Дээд шүүхээс урьд олгосон аливаа үнэмлэх энэ журмын дагуу олгосон үнэмлэхтэй адил хүчинтэй байна.

2.4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг зөвхөн нэг удаа, нэг хүнд олгоно. Харин тухайн хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг Улсын Дээд шүүхийн тогтоол гаргах үед олгоогүй бол нөхөн олгож болно.

2.5. Үнэмлэхийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлан хэлмэгдэгч өөрөө амьд байгаа бол түүнд, хэрэв тэрээр нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр буюу нөхөрт, эдгээр хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээд олгоно. Эдгээр хүмүүс өөрийгөө хэлмэгдэгчтэй төрөл, садангийн холбоотой болохоо нотолсон байна.

2.6. Орон нутагт оршин сууж байгаа иргэд цагаатгасан тухай үнэмлэхийг авах хүсэлтээ эрх бүхий байгууллагаар дамжуулан Улсын Дээд шүүхэд ирүүлж болно. Үнэмлэх авах тухай хүсэлтийг холбогдох байгууллагууд Улсын Дээд шүүхэд ирүүлэхдээ энэ журмын 2.1, 2.2-т заасан цагаатгасан шүүхийн шийдвэрээс гадна хэлмэгдэгч амьд бөгөөд өөрөө үнэмлэх авах хүсэлт гаргасан бол түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг, нас барсан хэлмэгдэгчийн үнэмлэхийг авахыг хүссэн этгээд өргөдөл гаргасан бол энэ журмын 2.5-д заасан баримтыг хуулбарлан ирүүлнэ.

Гурав. Хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийн бүртгэл

3.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай үнэмлэхийг олгосон бүртгэлийг Улсын Дээд шүүхийн тамгын газар хөтөлнө.

3.2. Цагаатгасан үнэмлэхний дугаарыг давхардуулж олгохгүй бөгөөд нэг үнэмлэх зөвхөн нэг дугаартай байна. Үнэмлэхийн дугаарыг он харгалзахгүй үргэлжлүүлэн олгоно.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасан тухай Улсын Дээд шүүхээс олгосон үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд дараах байдлаар дахин олгож болно.

          4.1.1. Урьд олгосон үнэмлэхийг үрэгдүүлсэн бол үрэгдүүлснийг нотолсон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баримт бичиг /тухайлбал сум, дүүрэг, баг, хорооны засаг даргын тодорхойлолт, гал гарсан тухай улсын байцаагчийн акт, эд зүйлээ хулгайд алдсан тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тодорхойлолт зэрэг/-ийг үндэслэн үнэмлэхийг авсан хүний өргөдлөөр дахин олгоно.

          4.1.2. Үнэмлэх авсан хүн өөрөө өргөдөл гаргах боломжгүй бол түүнийг төлөөлөх итгэмжлэл бүхий этгээдэд энэ журмын 4.1.1-д заасан зохицуулалт адил үйлчилнэ.

          4.1.3. Үрэгдүүлсэн үнэмлэхийг хүчингүйд тооцуулсан тухай зарлалыг хэлмэгдэгчийн овог, нэр, үнэмлэхийн дугаартай нь төвийн өдөр тутмын аль нэг сониноор дамжуулан зарлуулсан байна. Өргөдөлд үрэгдүүлсэн үнэмлэхийг хүчингүйд тооцсоныг зарласан сонины нийтлэлийг хавсаргана.

4.2. Дахин олгогдож буй үнэмлэхийн дугаар урьд олгогдсон үнэмлэхийн дугаартай адил байх бөгөөд, энэ талаарх тэмдэглэлийг бүртгэлд тусгана. Шинээр олгож байгаа үнэмлэхийн зүүн дээд буланд “нөхөн олгов” гэсэн тэмдэглэлийг үйлдэнэ.

4.3. Орон нутагт оршин сууж байгаа иргэд цагаатгасан тухай үнэмлэхийг үргэдүүлсэн бол дахин авах өргөдлөө эрх бүхий байгууллагаар дамжуулан Улсын Дээд шүүхэд ирүүлж болно. Энэхүү өргөдлийг Улсын Дээд шүүхэд ирүүлэхдээ энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан шаардлагыг хангасан байна.

4.4. Үнэмлэхийг дахин олгох тухай Улсын Дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл болон хавсаргасан материалыг цагаатгалын ажил хариуцсан шинжээч эмхтгэн хадгална.