ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ИРГЭНИЙ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН ШҮҮГЧИЙН АЖИЛЛАГАА, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхыг заасан байна.
Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу зөв зохистой явуулах явдал юм.
2015 онд хяналтын шатны шүүхэд хэлэлцэгдсэн 1155 иргэний хэргээс 103 хэргийн шийдвэр, магадлал хүчингүй болж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны 75 нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй, зохигчдод эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй, нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх, түүнийг үнэлэх журам зөрчсөнтэй холбоотой байжээ.
2016 онд 1469 иргэний хэрэг хянагдсанаас 177 хэргийн шийдвэр, магадлал хүчингүй болсноос 130 хэргийг дээр дурдсан үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь тухайн төрлийн алдаа зөрчил буурахгүй, ихсэх хандлагатай тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмын хүрээнд шүүгч үйл ажиллагаагаа хэрхэн явуулахад анхаарах асуудлаар энэхүү Зөвлөмжийг хүргэж байна.
Нэг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмын ойлголтын талаар.
Ямар нэгэн зорилго зорилтгүй, дэг журамгүйгээр үйл ажиллагаа явуулбал түүнээс хүссэн үр дүн гарахгүй байх магадлалтай.
Тийм учир аливаа үйл ажиллагааг явуулахад зарчмаа тодорхойлох шаардлагатай ба үйл ажиллагаандаа баримталж удирдлага болгож буй үзэл баримтлал, горим журмын нэгдлийг зарчим гэх ерөнхий ойлголт байдаг.
Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд төрийн үйл ажиллагаанд мөрдлөг болгож Үндсэн хуулиараа тунхагласан зарчим тухайн улс орны эрх зүйн зарчмын гол үзэл санаа болдог байна.
Эрх зүйн зарчим гэж аливаа зан үйл, үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол тулгуур санааг тодорхойлж байдаг, энэ утгаараа эрх зүйн зарчим нь эрх зүй бүтээгдэх, хэрэгжих, хэрэгжилтэд хяналт тавих хууль цаазын бодлогын илэрхийлэл, эрх зүйн тэргүүлэх үзэл санаа, эрх зүйн зохицуулалт, хамгааллын бүх хүрээнд үйлчилж байгаа нийтлэг хэм хэмжээ мөн.
Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйд ч мөн нэгэн адил дагаж мөрдөгдөнө.
Товчхон тодорхойлбол Монгол улсын Үндсэн хуульд тусган бэхжүүлж хуульчилсан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л төрөл үе шатанд удирдлага болгох үзэл баримтлалыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн нийтлэг зарчим гэж нэрлэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн зарчим нь үндсэн үзэл баримтлал болохын хувьд уг эрх зүйн бүтэц, гол шинжийг тодорхойлж түүний бүх хэм хэмжээг хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны агуулга, уг зорилтод хүрэх аргыг зааж өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны субъектүүдийн үйл ажиллагааны шинж төрөл, агуулгыг илэрхийлнэ. Мөн уг салбар эрх зүйн цаашдын ерөнхий хөгжил, чиглэлийг тодорхойлно.
Эрдэмтэн, судлаачид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн зарчмыг тулгуур болон тусгай зарчим гэж хоёр хуваан үздэг.
Тулгуур зарчимд Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодотгон тодорхойлогдсон нийтлэг заалтууд хамаарна.
Тусгай зарчим нь тулгуур зарчмын хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд тусгагдсан заалтыг хэлнэ.
Тодорхой зарчим бүр ямар нэг үйл ажиллагааны утгыг агуулдаг ч бусад зарчмуудтайгаа уялдаа холбоо, харилцан шүтэлцээтэй байдаг.
1.1. Тулгуур зарчимд дараах зарчмууд хамаарна.
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчим.
Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэсэн нь ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх байдлыг үндэс болгосон аливаа улс орны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дагаж мөрдөх түгээмэл хөдөлшгүй зарчим.
Энэ зарчим Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т тусгалаа олсон.
Шүүгч хараат бус байна гэдэг албан тушаалын, ёс суртахууны, эдийн засгийн зэрэг нөлөөллөөс ангид, өөрөөр хэлбэл хэний ч нөлөөнд автахгүй, хууль бус юунаас ч хамаарахгүйгээр гагцхүү хуульд захирагдан хэрэг маргааныг шийдвэрлэхийг ойлгодог.
Хараат бус байх боломж нөхцөлийг нэг талаас төр бүрдүүлнэ, нөгөө талаас шүүгч өөрөө тэгж ажиллаж чадах ёстой. Шүүхийн бие даасан байдал хараат бусаар ажиллаж байгаа шүүгчийн үйл ажиллагаагаар хангагддаг.
Албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтаар албан тушаалтны нөлөөллийг хязгаарласан байна.
Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон бусад хуулиар эдийн засгийн хувьд шүүгч хараат бус байх баталгааг хангахаар заасан байдаг.
Шүүгч тангараг өргөснөөр өөрөө аливаа нөлөөллөөс хараат бусаар ажиллахыг шаардаж, ёс зүйн зөрчил гаргасан, албан тушаалдаа хайнга, хариуцлагагүй хандсан бол шүүгчийн ёс зүйн хороо, хуульчдын мэргэжлийн хариуцлагын хороо зэрэг хариуцлагын тогтолцоогоор хараат бус байдал хангагдах нөхцөл бүрдэж байдаг.
Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заажээ.
Энэ зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, ямар ч тохиолдолд хуулийг чанд нэг мөр хэрэгжүүлэх чадвар гэж тодорхойлогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж зааснаас үзвэл зөвхөн хувь хүнд бус хуулийн этгээд, бусад байгууллага хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж ойлгоно.
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиндолдугаар зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тус улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх ба ямар ч тохиолдолд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага хэрэгжүүлэхийг хориглосон. Шүүх эрх мэдэл гэдэг нь эрүү, иргэний, захиргааны төдийгүй эрх зүйн бусад бүх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор хяналт тавьж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах зэрэг чиг үүргийг хэлнэ.
Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг тунхагласан байдаг бөгөөд шударга ёсыг хангах баталгаа нь шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлж, ийнхүү хэрэгжүүлэхдээ хараат бусаар ажиллах явдал юм.
Хууль дээдлэх зарчим
Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Ингэхдээ Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ. Хууль хүчин төгөлдөр болох талаар Монгол улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж заажээ. Харин хууль хүчин төгөлдөр болох өдрийг тухайн хуульд заасан боловч уул хууль нь Төрийн мэдээлэл сэтгүүлд албан ёсоор нийтлэгдээгүй бол шүүх уг хуулийг хэрэглэхгүй. Шүүх хүчин төгөлдөр хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэх боловч уг хууль нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан үзэх ёстой бөгөөд Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын Дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана.
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах зарчим
Үндсэн хуулийн Тавин дөрөвдүгээр зүйл, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д энэхүү зарчмыг тодорхойлжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна, гагцхүү хэргийн нотлох баримт эсхүл үйл явдал, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно. Шүүгч энэ асуудлыг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахдаа шийдвэрлэнэ.
Мөн шүүх тухайн хэрэг маргааны онцлогоос шалтгаалж тухайлбал, ёс суртахууны хэм хэмжээ, хүмүүсийн хувийн амьдралын болон бизнесийн зэрэг асуудлыг хөндөх тохиолдолд хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг бүрэн эсхүл хэсэгчлэн хаалттай явуулж болох ба энэ талаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулах зарчим
Үндсэн хуулийн Тавин гуравдугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Монгол хэлний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “төрийн албан ёсны хэл” гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын монгол хэлийг хэлэх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл бичгээр хөтлөн явуулна гэжээ.
Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд Монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, үг хэлэх нотлох баримт гаргаж өгөх эрхтэй” гэж заажээ.
Хэргийн оролцогч Монгол хэл мэдэхгүй эсхүл хөгжлийн бэрхшээлийн улмаас хэл, бичгээр харилцаж чадахгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч оролцуулна. Орчуулагч, хэлмэрчийг тухайн этгээд өөрөө сонгон авах эрхтэй, хэрэв өөрөө сонгоогүй бол шүүгч захирамж гарган томилно.
Хэрэг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах зарчим
Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйл, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. Ингэхдээ шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна. Иргэдийн төлөөлөгчийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгож байгаа явдал юм.
Шүүх хэргийг хамтын зарчмаар шийдвэрлэх
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д энэ зарчим тусгалаа олсон. Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуульд тусгайлан заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно. Хамтын зарчим нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой үнэлж хэргийг мадаггүй зөв шийдвэрлэхэд чухал нөлөөтэй. Хамтын зарчим анхан шатны шүүхэд шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх, давж заалдах шатны шүүхэд хэргийг хэлэлцэхэд 3 шүүгчийн, хяналтын шатны шүүхэд 5 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэлбэрээр хэрэгждэг. Шийдвэр гаргахад шүүгч бүр бие даан адил тэгш эрхтэйгээр саналаа гаргаж, олонхийн саналаар шийдвэрлэдэг.
1.2.Тусгай зарчимд дараах зарчмууд хамааралтай.
Хэргийн бодит үнэнийг тогтоох зарчим.
Шүүх нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэхийг хэргийн бодит үнэнийг тогтоох гэнэ. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судлан шинжлэх шүүхийн үүрэг нь хэргийг хянан шийдвэрлэх эрх зүйн энэхүү зарчмын агуулгыг бүрдүүлнэ. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байна. Хэргийн байдлыг тал бүрээс нь шинжилнэ гэдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй бүх асуудлыг хамааруулан шинжлэхийг хэлнэ. Хэргийн байдлыг бүрэн шинжлэх гэдэг нь хэрэгт холбогдох бүхий л нөхцөл байдлыг хянан үзэхийг ойлгоно. Хэргийн байдлыг бодитойгоор шинжилнэ гэдэг шүүхээс тогтоосон нөхцөл байдлын талаарх дүгнэлт нь үндэслэлтэй байх, мөн түүнчлэн шүүхээс хэргийн нөхцөл байдлууд болон маргаж буй талуудын эрх ашигт ямар нэг алагчлалгүй шударгаар хандах тухай ойлголт юм. Шүүх иргэний хэргийг тал бүрээс нь нарийн нягт шинжлэх үүрэгтэй. Үүний тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй баримт материал тухайлбал нэхэмжлэгч, хариуцагч, гэрч, шинжээч, прокурор, гуравдагч этгээд болон бусад оролцогчдын хүсэлт, тайлбар, дүгнэлт хэргийн нотолгоо болж буй бичиг баримт эд юмс зэргийг нягтлан шинжлэнэ гэсэн үг.
Шүүх хуралдааныг амаар, шууд, биечлэн явуулах зарчим
Хэргийн оролцогчид шүүхэд тайлбараа амаар гаргах, биечлэн оролцож, маргааны үйл баримтыг нотлох, үндэслэлээ тайлбарлах зэргээр энэ зарчим хэрэгждэг. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтыг биечлэн шинжлэхээс гадна хэргийг зөвхөн шүүх хуралдааны үед судалсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэхийг энд хамааруулан ойлгоно. Мөн шүүхээс гаргаж байгаа шийдвэр, тогтоол зэргийг уншин сонсгодог нь уг зарчим хэрэгжиж буй хэлбэр.
Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчим
Шүүх хэргийг хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол завсар хооронд нь өөр хэрэг хэлэлцэхгүй зөвхөн хэлэлцэж эхэлсэн хэргээ шийдвэрлэж хэргийг шийдвэрлэж дуусгана гэдэгт тухайн хэргийн талаар шийдвэр гаргахыг ойлгоно. Хэрэв хэлэлцэж эхэлсэн хэргээ дуусгах боломжгүй нөхцөл байдал бий болсон бол шүүх хуралдааныг хойшлуулж шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Энэ зарчмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т тодорхойлсон байдаг.
Диспозитив зарчим
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдана. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд тусгагдсан ба иргэний хэрэг үүсгэхийн тулд шүүхэд хүсэлт, нэхэмжлэл гаргасан байх шаардлагатай. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөн сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой. Эдгээр нь энэхүү зарчмын үндсийг тогтоож байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх талаар талууд бие дааж шийдвэрлэх эрхтэй. Түүнчлэн хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирддаг. Үүнээс гадна давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой.
Мэтгэлцэх зарчим
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Мэтгэлцэхдээ талууд тэгш эрхтэй байна. Тэгш байна гэсэн энэ зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад тухайлбал, шүүх хуралдааныг нээлттэй явуулах зарчим, бодит үнэнийг тогтоох зарчим, диспозитив зарчмуудын утга агуулгаас урган гардаг. Мэтгэлцэнэ гэдэг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээнэ.
Мэтгэлцэх ажиллагаа хэрэгжихэд өөрийн шаардлага, татгалзлаа нотлохдоо нотлох баримтаа гаргасан байх, тухайн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байх, хуульд заасан арга, хэлбэрээр бэхжигдсэн байх ёстой. Мөн өөрөө олж авах боломжгүй бол хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлсэн байх ёстой.
Хэрэг хянан шийдвэрлэх бүх шат мэтгэлцэх хэлбэрээр явагдана. Зохигч эсрэг тэсрэг байр сууриа хамгаалж сөргөлдөх хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхнээсээ дуустал явагдаж талууд өөр өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр суурьтай байна. Гэхдээ шүүх талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүрэгтэй. Зохигч мэтгэлцэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд мэтгэлцэнэ. Хэргийн баримттай танилцах, шаардлагатай зүйлийг бичиж тэмдэглэж авах, шүүх бүрэлдэхүүн ба шүүх хуралдааны оролцогчдыг татгалзах хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлүүлэх, зохигч бусад оролцогчдод асуулт тавих, хүсэлт гаргах, гэрч асуулгах, шинжээч томилуулах, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл нотлох баримтаас хасуулах, шүүхэд тайлбараа амаар болон бичгээр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, тухайн шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг олон төрлийн эрхийг эдлэхэд мэтгэлцэх зарчим хэрэгжинэ.
Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд хуульчилсан байна.
Хоёр. Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, шүүхийн хүлээх үүрэг:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд талууд эрх үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, нотлох баримтыг бүрэн дүүрэн бүрдүүлэх, тал бүрээс нь шинжлэх нөхцөл байдлыг тогтоох, хууль зөв хэрэглэхэд шүүгч дараах үүргийг хүлээнэ.
2.1. Эрх, үүргийг тайлбарлах
Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн анхан шатны шүүхийн шүүгч нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгнө. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг болохыг хэргийн оролцогчдод танилцуулж байгаа ажиллагаа юм. Шүүгч эрх, үүргийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зарчим, эдлэх эрх, хүлээх үүргийн утга учрыг бүрэн ойлгуулж, энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг тайлбарлан өгнө.
2.2. Нэхэмжлэлийг гардуулах
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулна.
Энэ ажиллагааг хийхдээ мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан ...нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг, энэхүү үүргээ тогтоосон хугацаанд биелүүлж тайлбар өгөөгүй, нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагаврыг тайлбарлана. Шүүгчээс тогтоосон хугацаа гэдэг нь тодорхой шалтгааны улмаас хариуцагч хуульд заасан 14 хоногт хариу тайлбар гаргах боломжгүй нөхцөлд түүнээс дээш хоногоор шүүгч хугацаа тогтоохыг хэлнэ.
2.3. Зохигчдын гаргасан нотлох баримт хүлээн авах
Зохигчдоос гаргаж буй нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангасан байхыг хэргийн оролцогчдод шүүгч тайлбарлан сануулж байвал зохино. Зохигч ямар бичмэл нотлох баримт гаргаж байгаа, тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрээр бэхжигдсэн эсэхийг шүүгч хянана.
Харин хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэх боломжгүй, жишээ нь өөрт нь хуулбар хувь байвал эх хувийг бусад этгээдээс гаргуулах болон тухайн баримтад тусгагдсан үйл баримт, мэдээллийн талаар лавлагаа авахуулах хүсэлтийг өөрт байгаа хувийн хамт шүүхэд гаргаж болно.
Нотлох баримтын хэлбэрийн талаар мэтгэлцээгүй гэх үндэслэлээр нотлох баримтын хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийг шүүх хэрэгсэхгүй байх эрхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд юуг чиг үүрэг болгож, ямар журмаар явуулах гэдгийг хуулиар тогтоосон байхад уг тогтоосон дүрэм, үзэл баримтлалыг зөрчвөл энэ нь хууль дээдлэх зарчим алдагдах сөрөг үр дагавартай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэддэггүй бол өөрийн эх хэл эсхүл мэддэг хэл дээр шүүхэд тайлбар, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд, гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан. Энэхүү зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд өөрийн төрөлх хэл дээр шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргах түүнийг нь албан ёсны орчуулагч орчуулсан байх агуулгатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулах болон хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангах зарчмыг хэрэгжүүлэх гол нөхцөл юм. Гэтэл эсрэгээрээ монгол хэл дээр бичигдсэн нэхэмжлэл, хариу тайлбар, хүсэлт зэрэгт гадаадын иргэн гарын үсэг зурж, уг баримтыг гадаад хэл рүү орчуулуулсан байгааг шүүх хүлээн авдаг буруу практик байна. Ийм тохиолдол нь зөрчилд тооцогдож, шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болдог. Харин зарим тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зөрчил засагдах боломжтойг анхаарвал зохино. Тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож, тэд тайлбар, нотлох баримт нэмж гаргаснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулах” зарчим зөрчигдөөгүй, зохигчдын мэтгэлцэх зарчим хэрэгжсэн байж болно.
2.4. Нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлэх
Нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх дараах байдлыг анхаарна.
а.Нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байдал, учир шалтгааныг тодруулж, тогтооно.
б.Нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харгалзана. Гэхдээ энэ дүгнэлтийг шүүх хийхдээ хэргийн оролцогчдын эрх хязгаарлагдаж мэтгэлцэх зарчим зөрчигдөх эсэхийг анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл зохигчдын маргаанд илтэд хамааралгүй, ач холбогдолгүй хүсэлт байхыг үгүйсгэхгүй.
Нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг хангавал, тухайн нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг мөрдөнө.
Жишээ нь, гэрч асуулгах бол уг ажиллагаанд зохигчдыг оролцуулах, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулах, гэр бүлийн гишүүд бол Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлана. Гэрчийг асуухдаа зохигчдын тэгш эрхийг хангана.
Дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг тодруулах, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлах зэрэг ажиллагааг хийнэ. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчснөөс тухайн баримт нотлох чадвараа алдах тохиолдолд талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчим зөрчигдөхийг анхаарвал зохино.
Эрхийг нь хязгаарласан, боломж олгохгүй атлаа нотлох баримтаа гаргаагүй, нотлоогүй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.
2.5.Нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, сөрөг нэхэмжлэл гаргасныг гардуулах
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх,...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх..., хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгаж , бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авахаас татгалзана.
Сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн хариуцагч эдлэх бөгөөд түүнийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргана.
Мөн сөрөг нэхэмжлэлийн хувьд үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох, нэг шүүх хуралдаанаар хамт хэлэлцэх бололцоотой эсэхийг анхаарна.
Нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авбал эсрэг талд гардуулж, хариу тайлбар гаргах боломжийг хангана. Энэ нь нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэх, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэйн адил эсрэг талын хариу тайлбар өгөх, нотлох баримт гаргах эрхийг хангаж, талуудыг тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжоор хангаж байгаа явдал юм.
2.6. Зохигч эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, зохигч эвлэрлийн гэрээ байгуулах үед зөвшөөрөл, эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх ёстой. Гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөнө гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг батлахгүй, хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ.
2.7. Шүүх хуралдааны бэлтгэл хангах
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2-т шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны талаар заажээ.
-Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн
-эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан
-түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргахаар заасан байна.
Эдгээр нөхцөлүүдээс өөр өөр эрх зүйн үр дагавар гарахыг хуульд тухайлан зохицуулсан байдгийг анхаарах нь зүйтэй.
Шүүгч иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх захирамж гаргахдаа хуульд заагаагүй өөр үндэслэл заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасантай нийцэхгүй. Шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар шүүх хуралдаан хэзээ, хаана болох, шүүх хуралдааныг хаалттай, эсхүл нээлттэй явуулах эсэхийг шийдвэрлэнэ. Нээлттэй шүүх хуралдааны үед хэргийн оролцогч, ажиглагч тэмдэглэл хийх боломжтой, харин видео бичлэг хийх, зураг авах, радио телевизорээр шүүх хуралдааны явцыг дамжуулах тохиолдолд шүүхийн зөвшөөрлийг авна. Энэ асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 77 тоот тогтоолоор баталсан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх” журмаар зохицуулдаг.
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах зарчмын нэг илрэл нь шүүхийн шийдвэр ил тод байх явдал байдаг. Шүүх хуралдааныг хаалттай явуулсан ч гаргасан шийдвэр нийтэд ил тод байна. Гэхдээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой шийдвэрийг нийтэд ил болгосноор сөрөг үр дагавар үүсэх эсэхийг шүүх анхаарч байвал зохино.
2.8. Хэргийн оролцогчдыг хэргийн баримттай танилцуулах
Хэргийн оролцогчдыг хэргийн баримттай танилцах боломжоор хангах үүргийг шүүх хүлээнэ. Талууд хэргийн баримттай шүүх хуралдааны өмнө боломжит хугацаанд танилцсанаар шүүх хуралдаанд маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх боломж бүрдэж, улмаар шүүх тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхөд хялбар болно.
2.9. Шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлэх
Шүүх хуралдаан товлохдоо хэргийн оролцогчдод шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралдаанд оролцох боломжит хугацаа олгоно. Шүүх хуралдааны мэдэгдлийг хүргэх журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.
2.10. Хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэх үед иргэдийн төлөөлөгч оролцох
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны оролцогчдод хамаардаг. Түүний эдлэх эрх, үүргийн талаар хуульд тусгайлан заасан. Иргэдийн төлөөлөгч тухайн хэрэг маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхэд хөндлөнгөөс дүгнэлт өгөхийн тулд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, нотлох баримт шинжлэн судлахад оролцох эрхээр хангагдах ёстой. Шүүгч иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгосон, энэ нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг заавал мэдэгдэх бөгөөд хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс үүсэх үр дагаврын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах талаар Улсын Дээд шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 04 тоот зөвлөмж гарсан байна.
2.11. Хэргийг хэлэлцээд шийдвэрийг танилцуулах
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэжээ.
Шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг шүүгч шүүх хуралдаанд оролцогчдод амаар танилцуулна. Шүүх уншиж танилцуулсан шийдвэрээ бичгийн хэлбэрт оруулахдаа өөрчлөх ёсгүй. Өөрчилбөл нэг талаас шүүх хуралдааныг амаар, шууд, биечлэн явуулах зарчим зөрчигдөх ба нөгөө талаар нэгэнт хүчинтэй болсон шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянадаг эрхийг зөрчих юм.
2.12. Бусад ажиллагаа
Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогоос хамаарч нэхэмжлэлийн шаардлагуудаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлах, эсхүл нэгтгэх, хэргийг шилжүүлэх, хамтран нэхэмжлэгч, хариуцагч татах, гуравдагч этгээдийг оролцуулах, хуульд заасан тохиолдолд хэргийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагаа хийгдэж болно. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 68, 80-р зүйлүүдэд заасныг анхаарах хэрэгтэй.
Шүүх хуралдааны үед шүүгч талуудыг мэтгэлцэх ажиллагаанд чиглүүлж, шүүх хуралдааныг удирдана.
Дээр дурдсанаар эдгээр маш олон үүргийг шүүгч хүлээдэг байна.
Үүнээс гадна давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагааны бусад баримт бичигт байвал зохих эрх зүйн шаардлагуудыг талуудын зүгээс биелүүлэх зэрэгт хяналт тавина.
Шүүгч дээрх ажиллагааг хэрхэн үр дүнтэй явуулснаас шалтгаалан маргааны талаарх талуудын мэтгэлцээн хуульд заасны дагуу явагдах, хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлж цуглуулах, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Гурав. Цаашид анхаарах асуудал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмыг чанд сахиж ажиллах. Үүнд:
Хэргийн оролцогч бүрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх болон үүргийг зохих ёсоор тайлбарлаж, бүрэн утгаар нь ойлгуулах
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэддэггүй бол өөрийн эх хэл эсхүл мэддэг хэл дээр шүүхэд тайлбар гаргахыг, гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байх хуулийн шаардлагыг анхнаас нь иргэний хэрэг үүсгэхдээ анхаарч мөрдөх
Хэргийн оролцогчоос нотлох баримт гаргах болон нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримталж ажиллах
Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, сөрөг нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байхыг шаардах
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан бол эсрэг талд заавал гардуулах
Хэргийн оролцогчдод цаг хугацааны хувьд мэтгэлцэх боломжийг олгох. Гэхдээ энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны дотор байх ёстой.
Шүүгч өөрөө шүүх хуралдаанд бэлтгэхээс гадна хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох бэлтгэл хангах боломжийг бүрдүүлэх.
Шүүх хуралдааны мэдэгдлийг боломжит хугацаанд хүргүүлэх, шүүх хуралдаанаас өмнө хэргийн баримттай сайтар танилцах боломжийг хангах
Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийг бичгээр үйлдэхдээ анх танилцуулсан шийдвэрээс өөр агуулгаар гаргахгүй байх.
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ