“Эх Орон” Намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх

2016 оны 06 сарын 16

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр              Дугаар 17                         Улаанбаатар хот

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй хийж, намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Улсын Дээд шүүхэд ирүүлсэн “Эх Орон” Намын хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч намыг төлөөлж Намын нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар, намын гишүүн Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

“Эх Орон” Намын нарийн бичгийн дарга И.Эрдэнэбаатар хүсэлтдээ: “Эх Орон” Намын дүрмийн 2.5.1-ийн “г”-д заасны дагуу Бага чуулган бүрэн эрхийнхээ дагуу “Эх Орон” Намын дарга Б.Эрдэнэбатыг 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн намын Бага чуулганы 03 тоот тогтоолоор намын даргын албан тушаалаас чөлөөлж, Б.Цэрэнбалжирыг мөн өдрийн намын Бага чуулганы 04 тоот тогтоолын дагуу “Эх Орон” Намын даргаар сонгосон тул намын дарга Б.Эрдэнэбатыг намын даргын бүртгэлээс хасч, шинээр сонгогдсон намын дарга Б.Цэрэнбалжирыг зохих журмын дагуу бүртгэж өгнө үү гэжээ.

Хүсэлтэд “Эх Орон” Намын 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Бага чуулганы хурлын 03 тоот тогтоол, “Эх Орон” Намын 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Бага чуулганы хурлын 04 тоот тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Бага чуулганы хуралдааны тэмдэглэл 1, 2, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Намын дарга Б.Эрдэнэбатын “Намын даргаас чөлөөлүүлэх тухай хүсэлт”, Б.Цэрэнбалжирын иргэний үнэмлэхийн хуулбар, намын шинэчилсэн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/50 тоот итгэмжлэл зэрэг нийт 24 хуудас баримт ирүүлсэн байна.

Хүсэлтэд хавсаргагдсан дээрх баримт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагч талын тайлбарыг судлан хэлэлцээд 

ХЯНАВАЛ:                    

2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан “Эх Орон” Намын Бага чуулган гишүүдийн 71%-ийн ирцтэйгээр намын төв байранд хуралдаж, тус хуралдаанаар намын дарга Б.Эрдэнэбат намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэж, чуулганд оролцогсдын 100%-ийн саналаар дэмжиж, Намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ба намын гишүүн Б.Цэрэнбалжирыг намын даргад нэр дэвшүүлж, гишүүдийн 72%-ийн саналаар намын даргаар сонгогдсон болох нь намын Бага чуулганы тэмдэглэл, чуулганаас гарсан №03, №04 тогтоолуудаар нотлогдож байна.

“Эх Орон” Намын Бага чуулган намын дүрэмд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж, намын даргын асуудлыг хэлэлцсэн болон санал хураасан үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон Намын дүрмийг зөрчөөгүй байна.

Иймд намын Бага чуулганы хуралдааны олонхийн саналаар намын даргаар сонгогдсон Б.Цэрэнбалжирыг намын даргаар бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. “Эх Орон” Намын даргаар Батаагийн Цэрэнбалжир сонгогдсоныг улсын бүртгэлд  бүртгэсүгэй.

2. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхдээ хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД Г.АЛТАНЧИМЭГ

Х.ЭРДЭНЭСУВД