БАНКНЫ БОЛОН БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2006 оны12 сарын 21 өдөр Дугаар 52 Улаанбаатар хот
БАНКНЫ БОЛОН БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:
1.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.
1.1.Төв банк /Монголбанк/-ны тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 8 дугаар зүйлийн 2-т заасан “төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслэл” гэдгийг төлбөрийн карт, чек, зээлжих тусгай эрх зэрэг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслэлүүд гэж ойлгоно.
1.2.Хуулийн 11 дүгээр зүйлийн 5-д заасан “банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх” гэдэг нь Монголбанк энэ зүйлийн 1-ээс 4-т заасан хэрэгслийг ашигласан боловч үр дүнд хүрээгүй тохиолдолд банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хязгаарлалт хийх үйл ажиллагааг хуулийн 16 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу хэрэглэхийг хэлнэ.
1.3.Хуулийн 16 дугаар зүйлд заасан “мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах бодлогын хэрэгслийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд” гэдэгт хуулийн 11 дүгээр зүйлийн 1-ээс 4-т заасан хэрэгслийг Монголбанк ашигласан боловч банк тогтоосон журмын дагуу зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон заавал байлгах нөөцийн шаардлагыг хангаагүй, төлбөрийн чадваргүй болсон буюу болж болзошгүй байгаа нөхцөлийг ойлгоно.
1.4. Хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасан “зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал” гэдгийг Засгийн газраас гаргасан өрийн бичгийн хүү нь Монголбанкны үнэт цаасны хүүгийн хувь хэмжээтэй адил байх шаардлагагүй боловч зах зээл дээр тухайн үнэт цаасыг худалдан авах бусад хөрөнгө оруулагч цөөн эсхүл тийм хөрөнгө оруулагч байхгүй бол Монголбанк тухайн өрийн бичгийн хөрвөх чадварыг хангах зорилгоор худалдах, худалдан авч болох нөхцөлийг ойлгоно.
1.5.Хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан “ Монголбанкин дахь тухайн банкны харилцах дансаар дамжуулан гүйцэтгэнэ” гэдэг нь банк хоорондын төлбөр тооцоог хуулийн 12 дугаар зүйлийн 3-т заасан заавал байлгах нөөцийн тодорхой хэсгийг төвлөрүүлэх зориулалттай Монголбанкин дахь харилцах дансаар Монголбанкнаас баталсан журмын дагуу гүйцэтгэхийг хэлнэ.
1.6.Хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан “өөрийн ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах” гэдэгт хуулийн 37 дугаар зүйлийн 2-т заасны дагуу урьдчилан байгуулсан сангаас Монголбанкны ажилтнуудын эрхэлж буй ажлын онцлогоос хамаарч тэднийг эдийн засаг, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байлгах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах зорилгоор тогтоосон журмын дагуу тусламж үзүүлэх, зардал гаргахыг ойлгоно.
1.7.Хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан “банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл” гэдгийг тухайн банк Банкны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх шаардлагыг хангаагүйгээс төлбөрийн чадваргүй болж болзошгүй байдлыг хэлнэ.
Мөн зүйл, заалтын “ банкны тогтолцоо, төлбөр тооцооны тогтолцооны шинж чанартай эрсдэлийг үүсгэж болзошгүй болсон” гэдэгт тухайн нэг банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл нь нийт банкны системийг хямралд оруулж болзошгүй байхыг ойлгоно.
Мөн зүйл, заалтын “онцгой дэглэм тогтоосон” гэдэгт банкны тухай хуулийн зургадугаар бүлэгт заасан үйл ажиллагаа хамаарна.
1.8.Хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан “хянан шалгагч нь Улсын байцаагчийн эрх эдэлнэ” гэдгийг Монголбанкны хянан шалгагч нь хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу томилогдсон үеэсээ эхлэн улсын байцаагчийн эрхийг эдэлнэ гэж ойлгоно.
1.9.Хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т заасан “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэдэг нь Монголбанкнаас Засгийн газартай харилцах үйл ажиллагаа нь хуулийн 17,18, 31 дүгээр зүйлүүд, 21 дүгээр зүйлийн 5-д заасан зохицуулалтаар хязгаарлагдах ба хуульд зааснаас өөр хэлбэрээр Засгийн газар Монголбанкны үйл ажиллагаанд ороцохгүй болохыг хэлнэ.
1.10.Хуулийн 32 дугаар зүйлийн 2-т заасан “Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй” гэдэг нь Монголбанкнаас банканд тавих хяналтыг хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэтрүүлэхгүй байхыг хэлнэ.
2.Банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.
2.1.Хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасан “банкнаас гаргах үнэт цаас” гэж банк нь өөрийн төлбөрийн чадварт гарсан цаг үеийн хүндрэлийг арилгах зорилгоор гаргасан, мөнгөний болон хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах, Үнэт цаасны хорооноос зөвшөөрөгдсөн, тодорхой хугацаанд тодорхой хэмжээний хүү төлөхөөр амласан өрийн бичиг, хувьцаа зэргийг хэлнэ.
2.2.Хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн” гэдэгт данс эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд нь өөрийн данстай холбоотой мэдээ, мэдээллийг гуравдагч этгээдэд гаргаж өгөхийг бичгээр зөвшөөрсөн байх ба уг бичгийн зөвшөөрөл нь данс эзэмшигчийн баталгаат гарын үсгээр баталгаажсан, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан, тамга, тэмдэг дарагдсан, баримт бичгийн бүрдэл хангагдсан байхыг ойлгоно.
2.3.Хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан “дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох” гэдэгт энэ зүйл, хэсэгт заасан үйл ажиллагаанаас гадна банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т заасны дагуу банкнууд хамтран тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлсний үр дүнд төсөл хэрэгжүүлэгч гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгох тохиолдлыг нэгэн адил хамруулна.
2.4.Хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасан “өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх” гэдэгт хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон журмын дагуу гаргавал зохих тайлан, тэнцэл болон бусад мэдээ, түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа, түүний дотор хадгаламж, зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг холбогдох байгууллагад өгөх, олон нийтэд тараахыг хамруулан ойлгоно.
2.5.Хуулийн 10 дугаар зүйлийн 3-т заасан “төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно” гэдэг нь тухайн банкнаас явуулж байгаа ажил үйлчилгээний үнэ тарифыг тухайн банкны удирдах төв байгууллагаас албан ёсоор батлан гаргахыг хэлнэ.
2.6.Хуулийн 11 дүгээр зүйлд заасан “гуравдагч этгээдэд гэрээний дагуу батлан даалт гаргаж болно” гэдгийг банк өөрийн зээлдэгчээс бусад этгээдэд өөрийн хөрөнгөөр Иргэний хуулийн 458-465 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хэмжээ хязгаарт багтсан батлан даалт гаргахыг ойлгоно.
Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан банкны баталгааны гэрээ нь энэ зүйлд хамаарахгүй.
2.7.Хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдах үнэт цаас” нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нийцүүлэн Үнэт цаасны хорооноос тодорхойлогдсон байна.
2.8.Хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т заасан “дүрмийн санг банкны зээлээр бүрдүүлсэн” гэдэг нь банкны дүрмийн сангийн дансанд хуримтлуулж бүрдүүлсэн хөрөнгө бүхэлдээ эсхүл түүний тодорхой хэсэг нь банкнаас авсан зээлээр байхыг хэлнэ.
2.9.Хуулийн 25 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 4-т заасан “бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх” гэдэг нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, гишүүн нь урьд өмнө банк болон бусад хуулийн этгээдийг удирдан ажиллаж байхдаа байгууллагадаа хохиролтой хэлцэл хийсний улмаас, эсхүл бусад шалтгаанаар санхүү, төлбөрийн чадварыг нь доройтуулж, татан буулгах, түүнчлэн дампууруулахад хүргэснээс үүний улмаас харилцагч тал их хэмжээний хохирол хүлээж байгаагүй зэргийг хэлнэ.
2.10. Хуулийн 27 дугаар зүйлийн 2-т заасан “дүрмийн сангийн хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханш уналт, тухайн банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк нэмэгдүүлэн тогтоож болно” гэсний дагуу Монголбанк тухайн банк болон нийт банкнуудын дүрмийн сангийн хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зөвхөн энд заасан шалтгаан, үндэслэлээр нэмэгдүүлэн тогтоож болно.
Харин шинээр банк үүсгэн байгуулахад нийт банкны дүрмийн сангийн хэмжээг тогтоосон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн тушаалаар батлагдсан хэмжээгээр дүрмийн сангаа бүрдүүлнэ.
2.11. Хуулийн 27 дугаар зүйлийн 9-д заасан “банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгөө Монголбанкны зөвшөөрлөөр худалдах, өв залгамжлах, бэлэглэх, гэрээслэхээс өөрөөр буцааж авахыг хориглоно” гэдгийг банкны хувь нийлүүлэгч буюу Банкны дүрмийн санд хувь оруулсан эсхүл хувьцаа худалдан авч эзэмшсэн иргэн, хуулийн этгээдэд дүрмийн санд оруулсан хөрөнгөө зөвхөн энэ зүйлд заасан арга, хэлбэрээр захиран зарцуулах эрхтэй гэж ойлгоно.
Харин хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хөрөнгөө бусдад худалдах, өв залгамжлах, бэлэглэх, гэрээслэх хэлбэрээр захиран зарцуулах тохиолдолд хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тул хуулийн 27 дугаар зүйлийн 11-д заасны дагуу тухайн банкнаас Монголбанканд заавал мэдэгдэж, зөвшөөрөл авна.
2.12. Мөн зүйлийн 10-т заасан “Банкны хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө” гэдгийг тухайн банк төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хувь нийлүүлэгчийн банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээгээр банкны төлбөрөөс хариуцаж, банкны алдагдлыг нөхөн төлнө гэж ойлгоно.
2.13. Хуулийн 35 дугаар зүйлийн 5-д заасан “банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол” гэдэгт бүрэн эрхт төлөөлөгчийн гэм буруутай үйл ажиллагаатай хобоогүйгээр гарсан алдагдал, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол, төрөөс авч хэрэгжүүлж байгаа эдийн засаг, санхүүгийн арга хэмжээг тухайн банканд хэрэгжүүлэх болон бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаагаа явуулахтай холбогдон гарсан төлөвлөгдөөгүй нэмэгдэл зардлууд хамаарна.
3. Банк бус санхүүгийн үйл ажиллгааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай.
3.1. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан “хувьцаа эзэмшигчдийн орлогын мэдүүлэг” нь тухайн хувьцаа эзэмшигчийн харъяалагддаг татварын байгууллагаар тодорхойлогдон баталгаажсан байна.
Мөн зүйл, хэсгийн “дүрмийн санд оруулсан хөрөнгийн гарал үүслийн талаарх шаардлагатай мэдээлэл” гэдэгт хувьцаа эзэмшигчийн оруулж буй хөрөнгө хэрхэн бий болсныг нотолсон баримт, гэрээ, төлбөрийн баримт, хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийн бүртгэл зэргийг хамааруулан ойлгоно.
3.2. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. дэх заалтын “тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт банк бус санхүүгийн байгууллага нь Хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан үйл ажиллагаанаас бусад өөр ажиллагаа явуулахгүй байхыг ойлгохоос гадна хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөлд заагаагүй банк бус санхүүгийн бусад үйл ажиллагаа явуулсан байхыг тус тус хамааруулан ойлгоно.
3.3. Мөн зүйлийн 12.1.2-т заасан “өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх” гэдэг нь хууль тогтоомжийн дагуу гаргавал зохих тайлан, тэнцэл болон бусад мэдээ, түүнчлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан үйл ажиллагааны талаар буюу байгууллагынхаа орлого, санхүүгийн байдал, зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг холбогдох байгууллагад өгөх, олон нийтэд тараахыг ойлгоно.
3.4. Мөн зүйлийн 12.2-т заасан “зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах” гэсний
“эзэмших” гэдэг нь тухайн банк бус санхүүгийн байгууллага /цаашид ББСБ гэх/ зээлдэгчид олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд барьцаанд авсанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрлөөр, түүний хүсэл зорийгийн дагуу хуульд зааснаар мэдэлдээ авах үйлдлийг хэлнэ.
“худалдаж борлуулах үйл ажиллагаа” гэдэгт зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуульд заасны дагуу болон шүүхийн шийдвэрээр ББСБ тухайн хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүний үнээс зээлийн төлбөрийг төлүүлэх үйл ажиллагааг ойлгоно.
3.5. Хуулийн 12 дугаар зүлийн 12.1.3-т заасан “иргэн, хуулийн тэгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээхийг хориглоно” гэдэг нь Иргэний хуулийн 454-456 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан үйл ажиллгаа явуулахгүй байхыг хэлнэ.
3.6. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1-д заасан “дүрмийн санд оруулсан хөрөнгийг барьцаалан зээл олгохгүй байх” гэдгийг тухайн ББСБ-ын хувь нийлүүлэгчээс энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т зааснаар дүрмийн санд оруулсан мөнгөн хөрөнгийг барьцааны зүйл бологож, тухайн хувь нийлүүлгэчид зээл олгохгүй байхыг ойлгоно.
3.7. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.2-т заасан “ял шийтгэлгүй” гэдэг нь урьд ял шийтгүүж байгаагүй, эсвэл ял шийтгүүлж байсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ялгүй болсныг тус тус ойлгоно.
3.8. Мөн зүйлийн 13.5.3-т заасан “бизнесийн нэр хүнд нь банк бус санхүүгийн бйгууллагыг удирдахад харшлахгүй байх” гэдэг нь ББСБ-ын удирдах албан тушаалтан боловсрол, мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд бизнесийн болон ББСБ-ын үйл ажиллагааг үр ашигтай, шударга явуулах шаардлагыг хангаж байхыг хэлнэ.
3.9. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлэгч дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, алдагдлыг нөхнө” гэдгийг энэ тогтоолын 2.12.-д заасантай нэгэн адил ойлгоно.
3.10. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан “төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болж болзошгүй болсноос ойрын үед санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй” гэсний
“төлбөрийн чадваргүй болсон” гэдгийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тухайн ББСБ нь өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний бусдын өмнө хүлээсэн үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсныг ойлгоно.
“төлбөрийн чадваргүй болж болзошгүй” гэдэг нь ББСБ-ын санхүүгийн хүндрэл нь бусдын өмнө хүлээсэн үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх, цаашдын үйл ажиллагаагаа санхүүгийн дэмжлэггүйгээр үргэлжлүүлэн явуулах боломжгүй болох бодит нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.
“санхүүгийн онц хүндрэлтэй байдалд орж болзошгүй” гэдэгт тухайн ББСБ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр илт багассанаас харилцагчдад үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох, төлбөрийг түргэн гүйцэтгэх чадваргүй болох бодит нөхцөл бүрдэхийг ойлгоно.
3.11. Хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан “нийтэд мэдээлнэ” гэдгийг телевиз, радио, өдөр тутмын сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тараахыг ойлгоно.
3.12. Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8., 20.1.9-д тус тус заасан:
“хуурамч мэдээлэл” гэдэгт бодит бус баримт, мэдээллийг тайлан, мэдээлэлд тусгасан болон зар сурталчилгаа тараасан байхыг ойлгоно.
“худал мэдээлэл” гэдэгт огт байхгүй, оргүй зохиомол баримт, мэдээг тайлан мэдээлэлд тусгасан, мөн зар сурталчилгаанд оруулан тараасан байхыг хэлнэ.
“ташаа мэдээлэл” гэдэгт өөрийн үйл ажиллагааны тоо баримтыг тайлан мэдээлэл, зар сурталчилгаанд үнэн зөв тусгасан боловч түүний мөн чанар, үзүүлэлтийг өөр утга, агуулгаар тайлбарлан бусдад бодит байдлаас өөр ойлголт төрүүлэхийг хэлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ
Л.БЯМБАА