ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ, ПРОКУРОР, ШҮҮГЧИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЖИЛЛАГААНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ТУХАЙ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ БОЛОН ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

2015 оны 06 сарын 09

MOНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2006 оны 10 дугаар сарын 30-ний өдөр                        Дугаар 45                                       Улаанбаатар хот

 

ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨН БАЙЦААГЧ, ПРОКУРОР, ШҮҮГЧИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН

АЖИЛЛАГААНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ  АРИЛГАХ ТУХАЙ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ
БОЛОН ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг арилгах тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан зохицуулалтыг нэг мөр ойлгож, шүүхийн практикт зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг тус тус удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн (цаашид хуулийн гэх) 388 дугаар зүйлийн  388.1.-д заасан “хууль зөрчсөн ажиллагаа” гэдэгт  мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.-т заасан тохиолдлуудаас гадна байцаан шийтгэх ажиллагааны явцад эрүүдэн шүүгдэж, хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдлыг  хамруулж үзнэ.

“Эрүүдэн шүүгдсэн” гэдэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн  эсрэг конвенцийн1 1 дүгээр зүйлийн 1-д заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл”-ийг ойлгоно.

2.Мөн зүйл, хэсгийн “сэтгэл санааны үр дагавар”  гэдэгт энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан хууль бус ажиллагааны улмаас зовон тарчилсан, сэтгэл зүйн дарамтад орсон, айж балмагдсан, сэтгэлийн гутрал, сэтгэцийн өвчин эмгэгтэй болсон, нэр төр, алдар хүндээрээ хохирсон зэргийг ойлгоно.

3.Мөн зүйл, хэсгийн “бусад эрх” гэдэгт эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох,  ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн эрхэлж байсан бол авах ёстой байсан хөнгөлөлт, урамшуулал, нийгмийн даатгалын эрхээ сэргээлгэх зэргийг хамааруулна.

4.Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1.-д заасан “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан  төр хариуцан арилгана” гэдгийг тухайн  албан тушаалтны хууль бус ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байсан эсэхийг үл харгалзан шууд хохирлыг төр хариуцна гэж ойлгоно. Харин мөн зүйлийн 389.6.-д зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болох нь шүүхээр нотлогдсон тохиолдолд төрөөс гаргасан хохирлыг эрх бүхий байгууллагаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргавал түүнийг шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ. “Эрх бүхий байгууллага” гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох прокурорыг хэлнэ.

Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1., 393 дугаар зүйлийн 393.1.-д “төр хариуцна”, мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2., 390.5.-д “улсын төсвөөс” гэснийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7.-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэж  шүүхийн шийдвэрт тусгаж байвал зохино.

5.Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.1., 389.2.3-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэдгийг  баривчлагдсан болон цагдан хоригдсон, өөр бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ажил албан тушаалаасаа түдгэлзүүлэгдсэн этгээдэд холбогдох хэргийг аль нэг шатны прокурорын болон шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг  хэлнэ.

6.Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4.-т заасан “шууд бус хохирол” гэдэгт энэ хуулийн 390 дүгээр зүйлд туссан эд хөрөнгийн, 391 дүгээр зүйлд туссан эдийн бус хохирлоос бусад хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т тодорхойлсноор “иргэнээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, орох байсан орлого” зэргийг ойлгоно.

7.Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.5.-д “хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэдэгт тухайн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан салбарын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмаар тогтоосон сахилгын болон бусад хариуцлага оногдуулахыг хэлнэ.

8.Хуулийн 389 дүгээр зүйлийн 389.6.-д “эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлнэ” гэсэн ойлголтод энэ зүйлийн 389.1.-д зааснаар төр хариуцан арилгасан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасны дагуу шаардаж, төрд нөхөн төлүүлэхийг, мөн зүйлийн 389.4.-т заасан шууд бус хохирлыг хохирогчид төлүүлэхийг тус тус хамаарулан ойлгоно. Төрд нөхөн төлүүлэх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр прокурор гаргана.

9.Хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1.-д заасан “дундаж цалин хөлс” –ийг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу тодорхойлно.

Мөн заалтын “амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого” гэдэгт тухайн иргэний байнга эрхэлдэг ажил үйлчилгээ, гэрээний үүрэг зэргээс олж байсан ашиг, орлого, хөлсийг хамааруулан ойлгоно.

10.Мөн зүйлийн 390.1.3.-т заасан “эд хөрөнгө” гэдэгт Эрүүгийн хуулийн 46 дүгаар зүйлийн 46.2., 49 дүгээр зүйлд заасан нэмэгдэл ялын хэмжээнд хураагдсан эд хөрөнгө, мөн гэмт хэрэг үйлдэж олсон гэж үзсэн эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэж үзсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгсэл, түүнчлэн эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бусад зүйл хамаарна.

11.Мөн зүйлийн 390.1.4-т заасан “иргэнээр төлүүлсэн  байцаан шийтгэх ажиллагааны…зардал” гэдэгт энэ хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар шүүгдэгчээс гаргуулсан мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д заасан зардлыг ойлгоно. “…Бусад зардал” гэдэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал орохгүй бөгөөд үүнд шүүгдэгчээс хохирогч болон бусад этгээдэд төлсөн зардлыг хамааруулна.

12.Мөн зүйлийн 390.1.5.-д заасан “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэдэгт өмгөөлөгч, хуулийн зөвлөх, нотариатч зэргээс тухайн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний хөлс багтана. Харин хохирогчийн өмгөөлөгчид энэ хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар төлсөн зардал мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4.-т зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцогдох тул хуулийн энэ заалтад хамаарахгүй.

13.Мөн зүйлийн 390.5.-д заасан “тийм боломжгүй” гэдэг нь тухайн эд хөрөнгө шүүхийн шийдвэрээр улсын орлогод орсон байхыг хэлэх ба энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийн үнийг “анхны үнэлгээгээр” буюу улсын орлогод шилжих үеийн үнэлгээгээр тодорхойлно.

Харин тухайн эд хөрөнгийг улсын орлогод оруулснаас бусад шалтгаанаар биет байдлаар буцаан олгох боломжгүй болсон бол эд хөрөнгийн үнийг энэ зүйлийн 390.6.-д зааснаар “нөхөн төлүүлэх тухай шийдвэр гарах үеийн үнэлгээгээр” тодорхойлно.

Уг зохицуулалт нь мөн зүйлийн 390.7.-д заасан хохирлыг бүрэн нөхөн төлөх тохиолдолд адил хамаарна.

Энэ зүйлийн 390.5.-д заасан “анхны үнэлгээ” болон энэ хэсэгт заасан “нөхөн төлүүлэх шийдвэр гарах үеийн үнэлгээ”-ний зөрүүг зөвхөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.6-д заасан тохиолдолд гэм буруутай этгээдээс шаардаж болно.

14.Хуулийн 390 дүгээр зүйлд заасан шаардлага гаргаж буй этгээд нь  учирсан хохирлоо баримтаар нотлох үүрэгтэй ба тухайн нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үндэслэлээр  нотлох баримтыг нь шүүх бүрдүүлнэ.

15.Хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1.-д “эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө” гэснийг  “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн Иргэний хуулийн 230 дүгаар зүйлийн 230.2.-т заасан зохицуулалттай нийцүүлж ойлговол зохино.

16.Мөн зүйлийн 391.2.-т зааснаар “эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно” гэдэг нь тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацаа, прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын агуулга, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэгт шалгагдах болон ял эдлэх хугацаанд бие махбодид учирсан гэмтэл, олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлохыг хэлнэ.

17.Хуулийн 392 дугаар зүйлд заасан “цэргийн болон бусад цол, шагналыг хууль бусаар хассан” гэдэгт тухайн иргэний шалгагдаж байсан хэрэгтэй нь холбоотойгоор урьд авсан шагналыг эрх бүхий байгууллагаас хураан авахаар шийдвэрлэснийг  ойлгоно. Энэ тохиолдолд шүүх тухайн цэргийн болон бусад цол, шагналыг эргүүлэн олгохыг эрх бүхий байгууллагад даалгасан шийдвэр гаргана.

18.Хуулийн 388 дугаар зүйлд заасан эрх хуулийн этгээдийн хувьд үүсэх үндэслэлгүй тул мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1.-д заасан “хуулийн этгээдэд учирсан хохирол” гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирч болох хохирол гэж үзэж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт заасан зохицуулалтын адил төр хариуцна.

19.Хуулийн 395 дугаар зүйлийн 395.1.-д заасан “сонирхогч этгээдэд гардуулан өгөх” гэдэгт   тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хүний хувьд түүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, хуульд зааснаар  бусдыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдийг ойлгоно.

20.Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлын талаар иргэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу, мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3. 396.4.-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гаргана.

21.Хуулийн 396 дугаар зүйлийн 396.7.-д ”иргэн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид шилжинэ” гэдэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өв залгамжлагчид, түүнчлэн зөвхөн эд хөрөнгийн хохирол шаардах эрхэд тус тус хамааралтай болно.

Мөн зүйл, хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий этгээдэд шилжинэ.

Харин эдийн бус хохирол шаардах эрх нас барсан этгээдийн өв залгамжлагчид шилжихгүй бөгөөд тэрээр зөвхөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.-д заасан хэмжээнд шаардлага гаргах эрхтэй ба энэ тохиолдолд мөн зүйлийн 21.8.-д зааснаар учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй.

22.Хуулийн 396 дугаар зүйлийн 396.8.-д заасан “гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр прокурор гаргана.

 Энэ төрлийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д туссан зохицуулалтыг баримтлана.

23.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.9., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1-ийн 9-д заасан үндэслэлээр, гэм буруутай албан тушаалтнаас хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл энэ хуулийн мөн зүйл болон Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 18 дугаар зүйлийн 1-ийн 3, 7-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Хохирол арилгуулах тухай дээрх хоёр төрлийн нэхэмжлэл хангагдсан тохиолдолд л нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй.

24. Хуулийн 397 дугаар зүйлийн 397.1.-д заасан “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдөл” гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.-т заасан “хүсэлт” гэж ойлгон, энэ төрлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт зохицуулагдсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байдаггүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар зохигч биш этгээд мэтгэлцээнд оролцох боломжтой тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасан үндэслэл, журмын дагуу прокурорыг төрийн нэрийн өмнөөс оролцуулж болно.

Прокурор нь дээрх хуулийн зохицуулалтаар хэргийн бие даасан оролцогч бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Харин түүнийг  мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцагч, мөн хуулийн 29, 134 дүгээр зүйлийн 134.3.-т заасан гуравдагч этгээд гэж тус тус үзэхгүй бөгөөд төлбөрийг прокурорын байгууллагад хариуцуулахгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан албан тушаалтныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу оролцуулж болно.

25. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай шаардлага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасан зохицуулалтад хамаарахгүй. Энэ зүйлд “хуульд өөрөөр заагаагүй бол” гэснийг “үүнээс өөр нарийвчилсан зохицуулалт байхгүй бол” гэж ойлгох ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.дэх заалт нь уг нарийвчилсан зохицуулалтад хамаарна. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.БАТСАЙХАН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Ц.АМАРСАЙХАН