МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 06 Улаанбаатар хот
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, шүүгч Д.Тунгалаг, А.Доржготов нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Монголын Ногоон намын гэрчилгээг хүчингүйд тооцон, улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэх тухай Ногоон намын дарга Д.Энхбатаас Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтийг 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Доржготовын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Солонго, Монголын Ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, Монголын Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга Э.Зоригт, Монголын Ногоон намын хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Э.Батбаяр болон ногоон намын бусад гишүүд оролцов.
Монголын Ногоон намын дарга Д.Энхбатаас Улсын Дээд шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монголын Ногоон намын 9 дүгээр Их хурал хуралдаж, Монголын Ногоон намын үйл ажиллагааг зогсоож, Иргэний зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулах шийдвэрийг гаргасан болно. Монголын Ногоон намын дүрмийн 3.3.3 -т “Намын ээлжит бус Их хурлыг намын Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхийн шийдвэрээр хуралдуулж болно” гэж заасан байдгаас бус ээлжит Их хурлын хувьд зарлан хуралдуулах тусгайлсан заалт байхгүй болно. Харин 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдсан Монголын Ногоон намын 25 дугаар Бага хурлаас тус намын ээлжит 9 дүгээр Их хурлын товыг зарлах шийдвэр гаргасан юм. Энэ бага хуралд Монголын Ногоон намын Бага хурлын 21 гишүүний 15 нь оролцож дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Бага хурлын тэмдэглэл болон шийдвэрийг 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хуралдаан дээр танилцуулсан болно. Иймд дээрх Бага хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр болох 7 хуудас материалыг хавсарган хүргүүлж байна. Монголын Ногоон намын дүрмийн 3.2.1-т “Намын удирдах дээд байгууллага нь Намын Их хурал мөн. Намыи ээлжит Их хурлыг 4 жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна” гэж заасан. Энэ заалтын дагуу Монголын Ногоон намын 8 дугаар Их хурлын хувьд 2009 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан бөгөөд 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын Ногоон нам оролцох эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү Их хурлын материалыг Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдахыг бүртгэхэд шаардлагагүй гэж үзсэн тул 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхэд өгсөн материалд хавсаргаагүй болно. Иймээс тус Их хурлын тэмдэглэл, Монголын Ногоон намын 9 дүгээр Их хуралд нийт 352 төлөөлөгч оролцож, Монголын Ногоон намын үйл ажиллагааг зогсоож, Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Иймд Монголын Ногоон намын 9 дүгээр Их хурлын намын үйл ажиллагааг зогсоосон 09 дүгээр тогтоолыг үндэслэн Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу намын гэрчилгээг хүчингүйд тооцон, улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Улсын төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д намын үйл ажиллагааг намын эрх бүхий дээд байгууллагын шийдвэрээр зогсоох, Улсын Дээд шүүх намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэхдээ намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Монголын Ногоон намын 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар их хурлаар шинэчлэн баталсан намын дүрмийн 5 дахь хэсэгт намын хөрөнгийн тухай заажээ.
Тухайн намаас ирүүлсэн хүсэлтэд намын хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх болон мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.-т заасны дагуу Монголын Ногоон намын үйл ажиллагааг зогсоож, өөр намтай нэгтгэх тухай асуудлыг намын гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намын Их хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.
Түүнчлэн тус нам 2008 оны Улсын их хурлын сонгуульд оролцохдоо Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн эвсэл байгуулж, гэрээ хийсэн эсэх, эвслийн болон гэрээний асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг тодруулах зайлшгүй шаардлагатай юм.
Иймд “Монголын ногоон намын үйл ажиллагааг зогсоож, Иргэний зориг намд нэгтгэх замаар тус намыг өөрчлөн байгуулсан” тухай тус намын 9 дүгээр Их хурлын 2011 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолд үндэслэн уг намыг бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүйд тооцон, нийтэд мэдээлэх тухай Д.Энхбатын хүсэлтийг энэ удаагийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7., 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монголын Ногоон намын гэрчилгээг хүчингүйд тооцон, улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэх тухай Монголын Ногоон намын дарга Д.Энхбатын хүсэлтийг хангахаас татгалзсугай.
2. Энэ тогтоолд заасан зөрчлийг арилгасан тохиолдолд намыг төлөөлөх эрх бүхий этгээд Улсын Дээд шүүхэд дахин хандах эрхтэй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН О.ЗАНДРАА
ШҮҮГЧИД Д.ТУНГАЛАГ
А.ДОРЖГОТОВ