АНУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах “Нээлттэй дэлхий манлайлал” хөтөлбөрт оролцохыг урьж байна

2022 оны 04 сарын 05 2189

Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Конгрессын харьяа “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн хооронд 2022 оны 2 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсаас 10 шүүгч, 5 захиргааны ажилтныг АНУ-ын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй сайн туршлагатай танилцахыг урьж байна.

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хүсэлтээ анкет, харьяа шүүхийн Тамгын газрын хүсэлтийн хамт 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн сургалтын төвийн training@jtrii.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

  • Хөтөлбөрт оролцогч нь хоёр талын нислэгийн болон АНУ дотоод нислэгийн зардлыг өөрөө хариуцна.
  • Өмнө нь АНУ-ын “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн сургалт болон АНУ-д Засгийн газрын хөтөлбөрийн J1 визээр зорчиж байгаагүй байх;
  • Хөтөлбөрийн хугацаанд танилцсан Америкийн бүх шатны шүүх, хуулийн байгууллагатай ирээдүйд хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах бүрэн эрмэлзэлтэй байх;
  • Хөтөлбөрийн хугацаанд уулзаж танилцах албан байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын түүх, соёлын талаар таниулах мэдлэг, мэдээлэлтэй байх;
  • Хөтөлбөрийн хүрээнд хуримтлуулсан туршлага, мэдлэг мэдээлэл, сайн туршлагыг  өөрийн шүүхийн практикт нэвтрүүлэх, хамт олонтойгоо хуваалцах, хэрэгжүүлэх;
  • АНУ-ын “Нээлттэй дэлхий манлайлал” төвийн хөтөлбөрийг төгсөгчдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • Хөтөлбөрт оролцогч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагагүй бөгөөд хөтөлбөрийг мэргэжлийн орчуулагчийн тусламжтайгаар монгол хэлээр явуулна.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хөтөлбөрт оролцох хүсэлтээ ирүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны анкетыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлэх бөгөөд тус Элчин сайдын яамны сонгон шалгаруулах комисс эцсийн сонголтыг хийхийг анхаарна уу.

Хөтөлбөрт оролцогчийн анкетыг энэ холбоосоор авч бөглөнө үү.

Жич: Анкет дутуу тохиолдолд хүлээн авахгүй болохыг анхаарна уу!

 

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн