Шүүхээр овоглосон хүн

2014 оны 05 сарын 30 2988

asdfasdfasdfЗахиргааны хэргийн дагнасан шүүх үйл ажиллагаа явуулсан 10 жилийн хугацаанд бүх шатанд нь ажилласан ганц л шүүгч бий. Энэ бол Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Цэвэгмидийн Сумъяа юм.

Говь гурван сайхан, Ёлын ам гээд эх орны маань нэрийн хуудас болсон байгалийн гайхамшигт тогтоцтой говь хангай, тал хээр хосолсон, үзсэн хүн болгон дуу алдам сайхан Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт төрж өссөн тэрээр төрөлх аймгийнхаа шүүхийг 15 жилийн турш “даргалсан”. Улмаар шүүх эрх мэдлийн байгууллагын толгой болсон Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байгаа Сумъяа “Санаа зөв бол заяа зөв” гэдгээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй, бахархам үйлс, бахдам заяатай нэгэн.

Арван хүүхэд төрүүлсэн буянт аав ээжийгээ амрааж жаргаах хүсэлдээ хөтлөгдсөн  16 настай хүү эвлэлийн илгээлт авч, малчин болжээ. Ган зуд нүүрлэснээс айл даган  жилийн турш ганцаар отор хийж, өнчин ишигний гарзгүй өвлийг давсан Сумъяа хүү “Тэргүүний малчин залуу” алтан медалиар шагнуулсан нь анхных нь том шагнал, урам байлаа.

Нутгаасаа ч гарч үзээгүй арван наймтай залуу цэрэгт татагдахдаа Улаанбаатар хотод 032 дугаар анги буюу “Хүндэт харуул”-д “сонгогдов”. Метр ер шахам өндөр нуруутай царай зүс тэгш хөвүүн хэдэн зуун залуусаас шилэгдэн улсынхаа нүүр царай  болсон “Хүндэт харуул”-д алба хаасан нь эр хүн болгонд олддоггүй хувь тавилан. “Юу л сурнав, тэр эрдэм” хэмээсэн аавынхаа сургаалиар номыг нь ч,  номхныг нь ч, хатуужил тэвчээрийг ч өөртөө цогцлуулсан залуу үеийн цэргүүдээсээ ялгаран карантины 45 хоногийн дараа бага дарга цол хүртэв. Цэргийн гурван жилд салаагаа байнга “манлай” болгож удирдсан ахлах түрүүч халагдах жилээ армиас МХЗЭ-ийн 17 дугаар их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Монголын ард түмний их хүн Ю.Цэдэнбал даргаас Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль гардаж авсан нь бас л нэг мартагдашгүй дурсамж. Одоогийнхоор бол “од” болсон ахлах түрүүчид шууд офицер цол олгоё, армидаа үлдээч, дараа нь хойд хөршид дээд сургуульд явуулъя гэсэн санал ирсэн ч татгалзжээ. Цэргийн гурван жилд тэрээр сурч боловсрохын их хүслэнд автсан байлаа.

Аймгийн намын хорооны мэдэлд гэсэн  дагуул бичигтэй ирсэн мундаг боловсон хүчин сумынхаа МХЗЭ-ийн хорооны даргаар хоёр жил ажиллав. Энэ хугацаанд оройгоор аравдугаар анги дүүргэлээ. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдтэй хамт элсэлтийн шалгалт өгөхдөө эмээнгүй л байсан ч хамгийн өндөр оноо авч МУИС-ийн хуулийн ангид элслээ. Аймгийн шүүхийн нэр дээр суралцах болсон Ц.Сумъяагийн амьдрал энэ мөчөөс шүүх хэмээх их айлтай нэгэн шижмээр холбогдсон юм.

Арми, ажил гэж явсаар ном эрдмээс түр төсөөрсөн залуу сургуулийн ширээнээс саяхан гарсан, шижигнэсэн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн сурах гэж мэрийхээрээ мэрийж. Гэвч оюун ухааны төрөлхийн чадвар, хичээл зүтгэлийнхээ ачаар онц суралцаж, хуулийн ангийг улаан дипломтой төгсчээ. Бас ч үгүй энэ таван жилд нийгмийн ухааны факультетийнхаа оюутны зөвлөлийн даргаар ажилласан гэж байгаа. Манлайлагч байна гэдэг хүний ховорхон чадварын нэг бөгөөд ийм хүмүүс бусдаасаа илүү ачаа үүрдэг нь жам билээ.

Улаан диплом өвөртөлсөн залуу төрөлх Өмнөговь аймгийнхаа захиргааны байгууллагаас хуульчийн ажлын гараагаа эхэлж, АДХГЗ-нд мэргэжилтнээр ажиллах болов. Хоёр жилийн дараа аж ахуйн маргаан шийддэг арбитрын байгууллага орон нутагт шаваа тавихад Аймгийн ерөнхий арбитрчаар томилогдлоо. Арбитр, аймгийн хуулийн хэлтэстэй нийлж нэг бүтэц болоход мөн л тэр байгууллагыг толгойлох үүрэг оногдов.

Ардчиллын салхи сэвэлзсэн ерэн онд Дээд шүүхийн дарга Л.Рэнчингийн тушаалаар  Ц.Сумъяаг Өмнөговь аймгийн шүүхийн даргаар томилохдоо саналыг нь ч асуусангүй. Их сургуульд элсэхдээ л шүүгч болно гэж хүсдэг байсан Ц.Сумъяа энэ цагаас хойш 24 дэх жилдээ шүүхийн байгууллагад нэр төртэй ажиллаж байна. Аймгийн  захиргаанд байхдаа ажлын хажуугаар өмгөөлөл хийсэн,  ерөнхий арбитрчаар ажилласан зэрэг нь шүүх толгойлоход их тус дөхөм болжээ.

Шинэхэн даргаа угтсан шүүх аймгийн төрийн байгууллагууд дотроо хамгийн ядуу  нь байв. Аль тэртээх 1931 оны, салхивч ч үгүй шахам, актлагдсан чулуун барилгад ширээ сандал хүрэлцээгүй, утас, цахилгааны он дамжсан өртэй, унаа унашгүй, шүүгчид нь ажлаар явахдаа бусдын машинд дайгддаг зутруухан дүр төрхтэй шүүхийг хүлээн авсан Сумъяа “аав”-ын сэтгэлээр хандаж, хөл дээр нь босгож чадсан юм.

Аймгийн удирдлагуудад ажлаа ойлгуулсны хүчинд ердөө гуравхан жилийн дараа шүүх тэндээ л хамгийн шинэхэн барилга болох МАХН-ын байрыг прокурортой хамтран эзэмших болжээ. Өдгөө хорин жил өнгөрсөн ч тус аймгийн шат, шатны дөрвөн шүүх тэр байрандаа л оршсоор байгаа нь чухам ямархуу яс чанартай байранд төвхнөснийг нь лавтайяа илтгэх биз ээ. Ц.Сумъяагийн нүүрэн дээр аймгийн шүүх унаатай болж, шүүгчдээ ч улсын орон сууцанд оруулж чаджээ. Шүүхийн эдийн засгийн хараат бус байдал, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд түүний хийсэн бүхнийг тоочоод ч барахгүй.

Аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэхэд мэдлэг боловсрол, хүн чанар, өндөр ёс суртахуун, идэвх санаачилга, эр зориг зэргээс их хамаардаг болохыг шүүгчээр ажилласан хугацаандаа ухамсарлан ойлгосон гэж тэр ярих дуртай.

Хуулийн шинэ өөрчлөлтийн дагуу Ерөнхий шүүгч хэмээх албан тушаалыг нэг улиран хашаад 2005 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусч. Чадвартай манлайлагч, чадалтай шүүгч түүнд өөр аймгийн шүүхийг толгойлооч, Дээд шүүхэд нэр дэвшээч гэсэн саналууд ирсэн ч татгалзлаа. Аав өнгөрөөд удаагүй байхад муу ээжийгээ дээлтэй нь хатаахгүй гэсэн ачлал хайрын уярам бодол Ц.Сумъяаг нутгаас нь алхам ч холдуулахгүй байв.

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга С.Батдэлгэр 2006 онд Өмнөговь аймгийн шүүхэд ирэхдээ “Би энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш орон нутгийн 17-18 шүүхийн ажил байдалтай танилцлаа. Танайх шиг ахуй байдал, ажил төрөл аливаа зүйл нь бүрэн цэгцэрсэн шүүх алга. Энэ бол 15 жил тус шүүхийг айлын дайтай айл болгох гэж хичээн зүтгэсэн Сумъяа шүүгчийн гавъяа мөн” гэж хамт олны нь нүдэн дээр магтжээ.  Урмын үгнээс сайхан шагнал гэж юу сан билээ.

2006 оны 11 дүгээр сард Дээд шүүхийн шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдав. Хуульчийн мэргэжлийн оргил болсон Дээд шүүхийн шүүгчийн орон тоонд өрсөлдөөч гэж хүмүүс ятгасан ч даруу зан нь түүнийг “чөдөрлөж”, бас ээжийгээ гэх энгүй сэтгэл нутагт нь хоргодуулсаар л байлаа.

Ижий нь нэг өдөр түүнд “Миний хүү намайг бодоод хүсэл мөрөөдлөөсөө татгалзах хэрэггүй шүү. Орчлонгийн жамаар одоо би олон жил наслахгүй. Надад хоргодоод хүү минь санасандаа хүрэхгүй байвал ээжийнх нь сэтгэл эмтэрнэ” гэж хэлж. Ийм үг сонссон Ц.Сумъяа сэтгэл шулуудан шалгалтад орж, бүх давааг даван 2006  оны 12 дугаар сарын 27-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогджээ.

Нутгаасаа гарсан хижээл эр ижийгээ бөөрөндөө хавчуулаад Улаанбаатарт суурьшив. Амттаны дээдийг аягалж, хотын соёлыг үзүүлж, гар газар хүргэлгүй халамжилсан ч ээж нь хотод идээшсэнгүй. Ажилтай хүмүүсийн ард үлдсэн хөгшин гурван өрөөний цонхоор тасралтгүй харж,  мал ахуйгаа, нутаг усаа тасралтгүй л ярьж суух нь өр өвдөм. Их ухаантай нэг танил нь Сумъяад “За миний дүү, хөдөөгийн цэнгэг агаарт хөлөө жийж, хөх тэнгэрийн цэлмэгийг харж өссөн хүнийг Улаанбаатарт авчраад дөрвөн хананд хашиж амттан шимттэн өгөөд жаргаана гэж байдаггүй юм шүү. Ижийгээ зовоохгүй гэвэл нутагтаа буцаасан нь дээр дээ. Харин чи боломжтой бол ойр ойрхон очиж бай” хэмээн зөвлөж. Ээж ч нэг сар болов уу үгүй юу “Би нутаг буцъя даа, хүү минь. Төрсөн газартаа, дүү нарын чинь халамжинд байх юм чинь  алзахгүй” гэснийг дагахаас өөр арга байсангүй. Сумъяа амралтаа аваад л маргааш нь эхнэр хүүхдээ дагуулан ээж рүүгээ, нутаг руугаа давхиж хүрнэ. Ижийгээ өнгөрснөөс хойш  нутаглаж байсан газарт нь очиж амардаг болж. Хайр гээч агуу зүйл ээжээс л эхтэй гэвэл ачлал буян төгс хүүтэй байна гэдэг энэ хорвоод эгэлгүй их аз жаргал биш гэж үү. Арван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь болох Сумъяаг удам сайтай хүний үр гэж нутгийнхан нь магтдаг, аавын энтэй ах гэж ах, дүүс нь хүрээлдэг юм билээ.

Албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий Захиргааны шүүхийг  орон нутагт толгойлох давхар үүрэг аймгийн Ерөнхий шүүгчдэд ногдсоны дагуу Сумъяа анхан шатны шүүхийнх нь шавыг тавьж, галыг нь асаасан гавъяатай нэгэн. Шинэхэн шүүхийн ажлыг иргэдэд сурталчлан таниулахаас тэр ажлаа  эхэлжээ. Шүүгчдийг сумдад ажиллуулж, хичээл сургалт зохион байгуулах, сонин хэвлэлд нийтлэл бичих гээд л олон нийтэд захиргааны шүүхийн онцлог, ач холбогдлыг  сурталчлах талаар их ажлыг хийж. Телевизийн дуранд төдийлөн өртөхийг хүсдэггүй хүн шууд нэвтрүүлэгт хүртэл гүйгээд орсныг ажлын төлөө зүтгэсэн гэхээс өөрөөр яаж дүгнэх билээ.

Шүүгчид нь ч, ойлголт нь ч, зарчим нь ч шинэ Захиргааны шүүхийн үйл ажиллагааг орон нутагт төлөвшүүлэхэд Сумъяагийн оруулсан хувь нэмрийг үнэлэвч баршгүй юм. Шүүхээр овоглотлоо хорин хэдэн жил чөмгөө дундартал хөдөлмөрлөсөн энэ их хүн шүүгчдийн хараат бус байдлыг бүрдүүлдэг Шүүхийн Ерөнхий зөвлөл, буруу зөрүүг нь дэнсэлдэг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр ч хамт олныхоо итгэл хүлээн сонгогдон ажиллаж байсныг дурдалгүй өнгөрч болохгүй. Одоо ч тэр Дээд шүүхийн шүүгчийн нөр их ажлын хажуугаар шинэ байгуулагдсан Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнээр ажиллаж байна.

Дээд шүүхэд түүнийг ирэхэд Захиргааны хэргийн танхим давж заалдах, хяналт гэсэн хоёр шатаар хэрэг хянан шийдвэрлэдэг байлаа. Ажлын 5 хоногийн хоёрт нь давж заалдах, хяналтын хуралдаандаа орно. Үлдсэн өдрүүдэд нь эрүү, иргэний хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцох гээд ажлын ачаалал тоймгүй их. Гэхдээ эхэлсэн ажлаа дуусгаж салдаг Сумъяа нэг ч хэргийн хугацаа хэтрүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийн амин сүнс болсон үндэслэлийг Дээд шүүхийн тайлбарын хэмжээнд бичдэг гайхалтай хүн гэж бусад шүүгчид нь түүнийг үнэлдэг. Эгэл борог амьдралаас энэ хүртэл явсан Сумъяагийн ажил, амьдралын туршлага, сурсан мэдсэн эрдэм нь  хүний хувь заяаг цэгнэхдээ алдахгүй байхын их хүчийг суулгасан биз ээ.

Говь нутгийнхаа хөдөлмөрч ард түмний ач буянаар өдий зэрэгтэй ажиллаж амьдарч яваадаа үнэхээр бахархдаг хэмээн ярьж суугаа түүний нутгаа гэсэн сайхан сэтгэл ямагт гэгээтэй.

Дээд шүүхийн шүүгч хөдөөх сэтгэлтэй, цөлх нэгэн монгол эр хүн Сумъяагийн амьдралын ноён нуруу нь ч, ажил бүтээлийнх нь амжилт ч өндөр яваад гэргий Ж.Ганбаа, гарын таван хуруу шиг охидынх нь халамж хайрын нөлөө их билээ.

“Өдрийн сонин”-ы 2014 оны 5 дугаар сарын 30-ны №132/4772/ дугаарт нийтлэгдсэн.