Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

2021 оны 12 сарын 20 2945

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов.  

Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцээд Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хүлээн авч, хэлэлцэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэлээ.   

Мөн нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэрэгт харьяалал тогтоолгох тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж тэмдэглэлд тусгаж шийдвэрлэжээ.

“Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

Түүнчлэн Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын  27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан  намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.