Ерөнхий шүүгч Д.Ганзориг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзав

2021 оны 12 сарын 13 1565

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын шинэ тэргүүн, ноён Феликс Гленкийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч Д.Ганзориг Ханнс-Зайделийн сангийн шинэ удирдлагад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэн, тус сангаас Монгол Улсын шүүхтэй хамтран хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөр, түүний үр өгөөжийг онцлоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн үйл ажиллагааг товч танилцуулж, цаашид шүүгчдийн сургалтыг хамтран зохион байгуулах, Улсын дээд шүүхийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар цаашид тусгайлан санал солилцож шийдвэрлэхээр тохиролцлоо.

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ноён Феликс Гленк олон жилийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинэ түвшинд гаргахад өөрийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Халиунаа нар байлцав.