Ерөнхий шүүгч Д.Ганзориг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллийг хүлээн авч уулзав

2021 оны 11 сарын 12 1728

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяаг 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан батлах сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулах шүүгчдийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн чадавхыг дээшлүүлэх, шүүгчийн сургалтын арга зүйг хөгжүүлэх, сургалтын техник тоног төхөөрөмж, гарын авлагыг сайжруулах, Хүрээлэнгийн номын санг эрх зүйн ахисан түвшний ном, эх сурвалжаар баяжуулахад хамтран ажиллах техникийн туслалцааны чиглэлийн талаар санал солилцов.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг, "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар байлцлаа.  

 

 

ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН