Л.Атарцэцэг: Шүүхийн шийдвэр алдаагүй гарч, биелэгдэх нь чухал

2015 оны 06 сарын 04 5276

L.AtartsetsegЗахиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны арван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэгтэй уулзаж, тус шүүхийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад 10 жил болж байна. Та энэ шүүхтэй хувь заяагаа яаж холбов, хэдэн жил ажиллаж байна гэдгээс яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө хамт олон, мэргэжил нэгт нөхөддөө Монгол улсад  Захиргааны хэргийн дагнасан  шүүх байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх байж, хүний эрхийг хамгаалж, шударга үнэнийг тогтоох ариун үйл хэрэг нь үргэлж өөдрөг байхыг  хүсч ерөөе.

Би 1985 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгсч, ажлынхаа гарааг өөрийн төрсөн нутаг Дархан  хотын шүүхээс эхэлсэн. Монгол Улсын хууль зүйн салбарт олон арван өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн, эрдмийн их уурхай болсон их сургуулиас олсон мэдлэгээ  амьдралд хэрэгжүүлэх их замын түлхүүр хөтөч нь болсон Дархан хотын шүүхийн хамт олон, хуульч мэргэжлийнхээ оргил өөд тэмүүлэх их замын үргэлжлэл болох Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүхийн хамт олноороо үргэлж бахархаж, тэдэндээ баярлаж  явдгаа энэ дашрамд онцлон хэлмээр санагдлаа.

Мөн Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаа эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл энэ шүүхийн бүхий л үйл ажиллагааг, ялангуяа шүүгчдийг захиргааны эрх зүйн чиглэлээр бэлтгэх, сургах мэргэшүүлэх ажлыг дэмжиж, тусалж  ирсэн бидний хамгийн гол “донор” ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хамт олондоо маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

2004 онд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдах тэр үед энэ шүүхэд ажиллах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн шалгаруулалтад орж  тэнцэн, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдон Захиргааны хэргийн танхимд шүүгч болж өнөөг хүртэл ажиллаж байна.

“Хуульч” мэргэжлийн оргил нь “шүүгч”, “Шүүгч”-ийн оргил нь “Дээд шүүхийн шүүгч” гэдэг эрхэм хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай алба гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Тийм ч учраас хуульч мэргэжлийн оргилын өөд нэгэнт мацаад эхэлсэн юм болохоор шинэ тутам байгуулагдсан шүүхэд ажиллаж, захиргааны эрх зүйг  судлах, энэ асуудлаар улам мэргэших  хүсэл эрмэлзэл, зорилго маань  энэ шүүхтэй хувь заяагаа холбоход нөлөөлсөн  байх гэж бодож явдаг юм.

-Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нэлээд хугацаанд давах, хяналтын гэсэн хоёр шатаар хэрэг шийддэг байсан. Энэ нь тухайн үед бас  шүүмжлэл дагуулдаг байсныг санаж байна....

-2011 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдах хүртэлх хугацаанд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нь давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг аль алиныг нь хэрэгжүүлдэг байлаа.  Ийм тогтолцооны тухайд ажлын ачаалал, эсхүл Дээд шүүх хяналтын шатны чиг үүрэгтэй байх талаас нь аваад үзвэл шүүмжлэлтэй хандах  асуудал байсныг үгүйсгэхгүй .

Гэхдээ шүүхийн энэ тогтолцоо нь анхнаасаа буруу “гажиг”  байсан гэвэл үүнтэй би санал нийлмээргүй, энэ асуудлыг ийм өнцгөөс нь дүгнэж яримааргүй байна. Тэгээд ч  өнгөрсөн түүхээ сөргөөр шүүмжлэхээсээ илүү өнөөдөр бид яаж илүү дэвшил рүү тэмүүлж байна гэдгээ дүгнэж хэлэлцмээр санагддаг юм.

Ер нь асуудалд аль өнцгөөс нь хандахаас хамаараад шүүмжлэл гэдгийн утгыг тодорхойлох болов уу. “Шүүмжлэл” гэдэг үгийн утгыг  би эерэг, сөрөг аль аль  санааг агуулж байна гэж ойлгодог.

Шинэ тутам байгуулагдсан Захиргааны хэргийн дагнасан шүүхийн тухайд шүүхийн энэ тогтолцооны талаарх тухайн үед  олон нийт  тэр дундаа хуульчдын дунд яригдаж байсан шүүмж, санал, хэлэлцүүлгүүдийг би  сөрөг хандлагаар биш, харин энэ тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагын үүднээс хандаж байсан эерэг шүүмж гэж хардаг. Ер нь аливаа шинэ бүхэн олон янзын шүүмжлэлийг дагуулдаг. Энэ нь ч зүй ёсных. Шүүмж гарахгүй бол алдаа оноо илрэхгүй, хөгжил урагшлахгүй шүү дээ.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалын дагуу манай улсад анх удаа дагнасан шүүх байгуулах шинэчлэлийн алхмаа амжилттай эхлүүлсэн.

Ямар ч байсан 3 шатны шүүх  хаана харьяалалтай байхаасаа үл хамаараад ажиллаж байсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн хүн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг эдлүүлэх баталгааг хангаж чадсан. Тухайн үеийн энэ тогтолцоог боловсронгуй болгосны үр дүн нь өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бие дааж байгуулагдсан, цаашлаад захиргааны хэргийн  анхан шатны шүүх бүр тусдаа  Ерөнхий шүүгчтэй болсон явдал. Энэ нь  дэвшил,  өмнөх тогтолцооны залруулга шинэчлэл  гэж ойлгох нь зөв байх.  Ер нь захиргааны шүүхийн олон жилийн туршлагатай гадны орны шүүх байгуулсан туршлага ч тогтолцооны хувьд ийм маягаар эхэлсэн түүх байдаг юм билээ.  Одоо Захиргааны хэргийн шүүх жинхэнэ “дагнасан” байх утга  нь хэрэгжиж эхэлсэн гэж бодож байна.

-Улсын Дээд шүүхээр захиргааны хэргийн ямар төрлийн маргаан голчлон шийдэгдсэн байдаг вэ?

-Ер нь  хянан шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийн дийлэнх нь газар, төрийн алба, татвар, ашигт  малтмал, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргаанууд зонхилж байна. Хэргийн тоо жилээс жилд өсч байгаа. Үүнийг дагаад маргааны төрөл нь ч олширч, агуулгын хувьд нарийн болж байна. Иймд Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдээс өөрсдийн үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, боловсрох, мэргэших зүй ёсны шаардлага тавигдаж байна гэж хэлж болно.

-Захиргааны байгууллага, албан тушаалтан энэ шүүхийн гол хариуцагч болдог болохоор ч тэр үү шийдсэн хэргийн хэд нь иргэдийн талд гарсан бэ гэдгийг хүмүүс их сонирхдог. Үүгээр тус шүүх үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг дүгнэх нь ч бий...

-Захиргааны шүүх байгуулагдсанаар иргэдийн зөрчигдсөн эрхийг  захиргааны байгууллагын хууль бус ажиллагаанаас хамгаалах хүчирхэг механизм үйлчилж эхэлсэн гэж хэлж болно.  Энэ шүүх  байгуулагдсаны  ач холбогдол, эерэг үр дүнг үгүйсгэх хэн ч байхгүй байхаа.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд захиргааны хэргийн шүүхээр шийдэгдсэн нийт 7000 гаруй хэргийн 61 гаруй хувь нь нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангасан, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр тэдний талд ашигтайгаар гарсныг судалгаа, мэдээнээс харж болно.

Энэ нь мэдээж иргэдээс захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн  улмаас өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандах итгэлийг  улам нэмэгдүүлэх эерэг үзүүлэлт.

Нөгөө талаас захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, гаргах шийдвэр шүүхийн хяналтад орлоо гэсэн үг. Гэхдээ  шүүхийн энэ хяналт нь  өөрийн эрх хэмжээ, хязгаар, цар хүрээний дотор хэрэгжихээс биш,  шүүхээс захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, эрх мэдэлд нь халдах гэсэн үг биш юм.

Захиргааны хэргийн шүүх  нь  захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хариуцлагатай хандах нөлөөллийг бий болгосон гэж хэлж болно.

-Ханнс Зайделийн сангийн судалгаагаар Захиргааны хэргийн шүүх харьцангуй хурдан төлөвшсөн гэсэн үзүүлэлт гарсан. Үүнд хяналтын шатны шүүх гэдэг утгаараа Дээд шүүхийн нөлөө байж таарна. Чухам яаж нөлөөлсөн гэж та боддог вэ?

-Юуны өмнө Дээд шүүхийн нөлөө гэхээсээ илүү  ийм дүгнэлтийг  гаргасан Ханнс-Зайделийн сангийн бүх талын дэмжлэг, тусламжийн үр дүнд Захиргааны хэргийн шүүх богино хугацаанд иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд туслах гол зорилтоо хэрэгжүүлж, тодорхой хэмжээгээр олон нийтэд танигдаж чадсан гэж бодогдож байна.

“Дээд шүүхийн нөлөө” гэхийн тухайд  хяналтын чиг үүргийг тухайлбал, давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэсэн хэргийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн тохиолдолд хэргийн  оролцогчдоос хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцдэг ийм шүүх.  Хяналтын шатны шүүхийн шийдвэр нь  тухайн хэрэг маргааны хувьд эцсийн шийдвэр болдог учраас шүүхүүдэд онолын болоод практикийн чухал нөлөөтэй. Иймээс хяналтын шатны шүүхийн  нөлөөллийн  гол хэрэгсэл нь “шүүхийн тогтоол”.

Нөгөө талаасаа шинэ тутам байгуулагдсан шүүхийн хувьд анхнаасаа зөв төлөвшлийг бий болгоход Улсын Дээд шүүхээс анхаарч хэрэгжүүлж байсан ажлууд их бий. Тухайлбал,  тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн практикийг нэгтгэн судалж, хууль тайлбарлах, зөвлөмж гаргах  зэргээр Улсын Дээд шүүхийн бүрэн эрхийнхээ  хүрээнд “...шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ...” чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн.  Түүнчлэн дагнасан шүүхэд ажиллах мэргэшсэн шүүгчдийг бэлтгэх, сургах, сургалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.  Мөн иргэдэд дагнасан шүүхийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, сурталчлах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах зэрэг ажиллагааг эхнээс нь зохион байгуулж ажилласан.

-Дээд шүүх заримдаа маргааныг өмнөх шатны шүүхүүдээсээ шал өөр өнцгөөс шийдчихээр оролцогч талууд хэвлэл мэдээллээр дамжуулан эсэргүүцэж харагддаг. Шинэ тутам гэдэг утгаараа манай захиргааны анхан шатны шүүхүүдэд  алдаа арай их байна уу, үгүй юу?

-Шат шатны шүүх  хэрэг маргааныг хянан шийдвэрлэх  ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд  хэргийг хянан үзэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  шийдвэр гаргах л үүрэгтэй.

Өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр Дээд шүүхээс гарч болно. Дээд шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан алдааг илрүүлж зөвтгөх үүрэгтэй юм.  Хэн нэг хэргийн оролцогчийн эсэргүүцэл бий болохоос болгоомжилж, шүүхийн гаргасан алдааг зөвтгөхгүй орхих нь  хуульд нийцэхгүй. Ингэвэл Дээд шүүх шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх байх утгаа алдах юм.

Ер нь шүүх гадны аливаа нөлөөлөлд автахгүйгээр өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэрээ гаргах ёстой шүү дээ.  Шүүхийн шийдвэрийн үр дагаварт талуудын нэг нь  мэдээж ялж, нөгөө нь ялагдаж гарна.

Шүүхийн эцсийн бүтээгдэхүүн болох шийдвэрийг үндэслэлтэй, талуудын шаардлага, тайлбар, гомдолд бодитой хариу өгсөн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдод маш ойлгомжтой, ялагдсан тал ч үүнийг хүлээхээс гарцаагүй байхаар ийм шаардлагыг хангаж гаргаж байвал  гадны сөрөг нөлөөлөл эсэргүүцэлтэй тэр бүр тулгарахгүй байх гэж боддог.

Шүүгчдийн ур чадвар, ёс зүйтэй салшгүй холбоотойгоор хэрэгжих шүүхийн шийдвэрийн боловсруулалтад анхаарах  шаардлага өнөө цагт зүй ёсоор тавигдаж байна.

Үүнээс гадна шүүгч хүний хамгийн чухалчилж анхаарах асуудал бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчихгүй ажиллах  явдал гэж би үздэг.  Өөрөөр хэлбэл, процессын алдааг шүүгч хүн гаргах эрхгүй. Энэ бол шууд шүүгчийн хариуцлагатай холбоотой асуудал.

Иймд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчихгүй ажиллаж чадвал алдаа багасна. Түүнээс биш шүүхийн гаргаж байгаа “алдаа”-г шүүх шинэ тутам гэх ч юмуу  эсвэл шүүгч  туршлагагүй гэдэг  байдлаар тайлбарлах нь буруу гэж бодож байна.

-Захиргааны хэргийн шүүх харьцангуй өндөр хөгжсөн орнуудад захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус алдаа багасдаг гэсэн ойлголт хүмүүст байдаг. Манайд энэ шүүх байгуулагдаад 10 жил болчихлоо. Ийм хандлага ажиглагдаж байна уу?

-Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаас хойших 10 жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тухайд хийсэн дүн шинжилгээнд тулгуурлаад үзвэл шүүхийн шийдвэрийн 61 гаруй хувь нь иргэд хуулийн этгээд буюу  нэхэмжлэгчдийн талд гарсан тухай дээр дурдсан. Энэ нь захиргааны байгууллагын шийдвэр тэр болгон хуульд нийцэж гараагүйтэй холбоотой гэсэн үг. Нөгөө талаасаа энэ хэмжээгээр  захиргааны байгууллага шийдвэрээ  хуульд нийцүүлж  гаргах шаардлагатайг шүүхийн шийдвэрийн үр нөлөө    харуулж байна.

Дээрх тоо  харьцангуй багассан  нөхцөлд бид захиргааны байгууллага шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргаж чадаж байна гэсэн дүгнэлтийг хийж болох байх. Харин өнөөдрийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргаанаас үзвэл  ийм хандлага хараахан  ажиглагдахгүй байна. Мэдээж үүнд  олон зүйлийн нөхцөл шалтгаан нөлөөлж байгаа л даа.

-Захиргааны хэргийн  шүүхийн ажлын ачаалал ямар байна. Зарим орон нутагт жилдээ хэдхэн хэрэг шийдээд шүүгч нар нь бараг зүгээр суудаг гэсэн яриа байдаг юм билээ. Энэ талаар таны бодол...?

-Шүүх нэхэмжлэл гарсан  тохиолдолд л хэрэг шийдвэрлэнэ.  Тэгэхээр ажлын ачаалал тухайн шүүхээс хамааралтай биш. Мэдээж бусад шалгуур нөхцөлүүдийг тодорхойлох үүднээс ажлын ачааллыг тооцож байх нь чухал гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ  их бага хэрэг шийдэж байгаагаар энэ шүүхийн ажлыг  дүгнэхээсээ  илүү  “чанар”,  өөрөөр хэлбэл цөөхөн ч гэсэн шийдсэн хэргийн шүүхийн шийдвэр нь алдаагүй гарч,  биелэгдэх нь маш ач холбогдолтой  л гэж бодогдож байна.

Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны ач холбогдол,  үр нөлөө ямар байгаа талаар  товчхон ч гэсэн дээр дурдсан . “Захиргаа” гэх өргөн эрх мэдэл бүхий нийтийн эрх зүйн субъектээс иргэний эрхийг шүүхийн журмаар хамгаалдаг тогтолцоо байх нь чухал гэдгийг энэ богинохон ч гэсэн 10 жилийн түүх баталж өглөө.  Иймд Захиргааны хэргийн шүүхийг зарим газар татан буулгая гэж яригддагтай санал нийлэхгүй ээ. Энэ шүүхийн үйл ажиллагааг үгүйсгэх нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн шинэтгэлийн алхмаас ухрах  ухралт юм. Бид ирээдүйгээ харж өнөөдрийг дүгнэх нь л чухал байх.

Д.БОЛОР

“Зууны мэдээ” сонины 2014 оны 6 дугаар сарын 4-ний №128/4755/ дугаарт нийтлэгдсэн.