Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ:
- Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслах ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,
- Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,
- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Тогтохын Уранцэцэг нар хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ эрхэм хүндтэй цол бол Та бүхний шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг Монгол төр өндрөөр үнэлээд зогсохгүй, нийт шүүгчийн нөр их хөдөлмөрийг үнэлж буй хэрэг” гэлээ.
Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн цоо шинэ үе эхэлж байгааг хэлээд шүүх засаглал бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, хамгийн гол нь шударга ёсыг бэхжүүлэх Монгол төрийн гол тулгуур гэдгийг тэмдэглэв.
“Шүүгчид албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль, журмыг чанд мөрдөх үүрэгтэй. Ингэж байж нийгэмд шүүх эрх мэдлийн нэр хүнд өндөр, шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ" гэлээ. Шинэхэн гавьяатууд нь гурвуулаа Монгол Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан, нэр хүндтэй ахмад шүүгчид юм.
Д.Батсайхан нь хуулийн байгууллагад 34 жил, үүнээс шүүхэд 23 жил аймгийн шүүхийн шүүгчээс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн хүртэл ажиллахдаа эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээг сайжруулах, шүүхийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд олон зүйлийг хийж хэрэгжүүлсэн манай нэр хүндтэй ахмад шүүгчдийн нэг юм.
Д.Тунгалаг нь шүүхийн байгууллагад тасралтгүй 41 жил, шүүгчээр 32 жил, Улсын дээд шүүхийн шүүгчээр 21 жил ажиллахдаа шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтийн анхны шавыг татах, цаашид хэрэгжилтийг нь хангах нөр их ажлыг удирдан зохион байгуулахад бодит хувь нэмэр оруулсан, манай тэргүүний ахмад шүүгчдийн нэг билээ.
Т.Уранцэцэг нь 1981 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчээс ажлын гараагаа эхэлж шүүхэд тасралтгүй 40 гаруй жил Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тэргүүн хүртэл ажиллахдаа анхны шүүхийн зориулалттай байрыг бариулсан, анхан шатны шүүхийн бүртгэлийн программыг санаачлан боловсруулсан, хуульчдаас шүүгчдийг шилж олох зэрэг ажилд зохих хувь нэмэр оруулсан, Хууль зүйн ухааны доктор, дэд профeссор цолтой, манай нэр хүндтэй ахмад шүүгчдийн нэг юм.
Ийнхүү Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр Монгол Улсын шүүхийн байгууллагад залуу нас, хүч хөдөлмөрөө зориулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд ихийг хийж бүтээсэн гурван ахмад шүүгч “Монгол Улсын гавьяат хуульч” цол хүртсэнээр шүүхээс төрсөн Гавьяат цолтны тоо 36 боллоо.