Д.Батбаатар: Захиргааны шүүх мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдэг онцлогтой

2014 оны 06 сарын 04 4629

batbaatarsЗахиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатартай уулзаж, тус шүүхийн үйл ажиллагааны талаар  ярилцлаа.

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан хэрэгцээ, шаардлага юу байсан бэ?

-Монгол Улсын шүүх анхан, давж заалдах, хяналтын шатны гэсэн тогтолцоотой. Захиргааны хэргийн тухайд 2004 -2011 он хүртэл Улсын Дээд шүүх, түүний дотор Захиргааны хэргийн танхимын 6 шүүгч давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг давхар гүйцэтгэж ирсэн. Энэ нь тэдгээр шүүгчид маш их ачаалалтай ажиллаж байсан гэсэн үг. Тиймээс тогтолцоог хуульд нийцүүлэх шаардлага гарсан байх.

Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 6 шүүгчийн гурав  нь хэргийг давж заалдах журмаар хэлэлцсэн тохиолдолд дараагийн шатаар хянан шийдвэрлэхэд оролцох боломжгүй учраас Иргэн, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдээс оролцуулдаг. Ингэснээр захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх таван шүүгчийн 2-3 нь өөр танхимын буюу тухайн чиглэлээр мэргэшээгүй шүүгч нар оролцож байсан. Монгол Улсад анх байгуулагдсан дагнасан шүүхийн хувьд энэ нь мэдээж зохимжгүй байсан. Эдгээр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулах гол шалтгаан болсон гэж бодож байна.

-Танай шүүх энэ хугацаанд хэдэн хэрэг шийдвэрлэв. Улсын хэмжээгээр давж заалдах шүүх ганц байхад хүндрэлтэй биш үү?

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсанаас хойших     3 жилийн хугацаанд нийтдээ 1459 хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүн дотор шүүхийн шийдвэртэй, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдол, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас магадлалыг хянуулах тухай хүсэлттэй хэргүүд  бүгд багтаж байгаа.

Одоогоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг байх нь өнөөгийн манай нөхцөлд тохирч байгаа. Энэ нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа байх. Гэхдээ шийдвэрлэх хэргийн тоо, маргааны төрөл жил ирэх тусам өсөх хандлага ажиглагдаж байна.

-Захиргааны шүүхийг эрүү, иргэнээ бодвол харьцангуй цөөхөн хэрэг шийдвэрлэдэг гэсэн шүүмжлэл байдаг. Танай шүүхийн тухайд ачаалал хэр их байна вэ?

-Захиргааны хэрэг эрүү болоод иргэний хэргүүдтэйгээ адилхан, Захиргааны хэргийн шүүгчид ачаалал багатай гэсэн ойлголт надад ч мөн байсан. Би шүүгч болсноосоо хойш дүүргийн шүүхэд иргэний хэргийг дагнан шийдвэрлэж ирсэн, мөн хэсэг хугацаанд эрүүгийн хэргийг ч хянан шийдвэрлэсэн. Тиймээс  захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг мэддэггүй байж.

Харин Захиргааны хэргийн шүүхэд ирээд энэ бодол маань өөрчлөгдсөн.        Хэргийн тооны хувьд цөөхөн харагдаж байгаа боловч захиргааны хэрэгт өөрийн онцлог бий. Мөрдөн шалгах зарчим энд хэрэгждэг, өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг цуглуулах үүргийг шүүх өөрөө хүлээдэг. Энэ нь маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажил. Тухайлбал, эрүүгийн хэргийн тухайд энэ үүргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эхэлж гүйцэтгэсний дараа шүүхэд хэрэг ирж хянан шийдвэрлэгддэг. Иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах зарчим хэрэгждэггүй, нотлох үүрэг нь зөвхөн зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагч, хэрвээ оролцож байгаа бол гуравдагч этгээдэд өөрсдөд нь байдаг учраас шүүх тэдгээрээс ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Зүйрлэвэл, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх гэж байгаа нэг шүүгч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын эсхүл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт олон этгээдийн үүргийг дангаараа гүйцэтгэж байна гэсэн үг.

Нөгөө талаас шүүхийн шаардсан баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтнууд дор нь гаргаж өгөөд байдаг бол өөр хэрэг. Гэтэл захиргааны хэргийн оролцогч болох албан тушаалтнууд тэр бүр шүүхийн шаардсанаар шаардлагатай баримт, холбогдох тайлбараа хуулийн хугацаанд гаргаж өгдөггүй. Энэ мэтээс шалтгаалж хугацаа их алддаг, шүүгчээс өөрөөс нь өдөр бүр захиргааны хэрэг бүрт ажиллагаа явуулахыг шаарддаг, ачааллыг нь ихээр нэмэгдүүлдэг.

-Захиргааны хэргийн шүүх иргэдийн талд л шийдвэр гаргах ёстой гэж хүмүүс ойлгодог. Танай шүүхээр шийдэгдсэн хэргийн хэдэн хувь нь иргэн талдаа гарсан бэ?

-Шууд утгаараа тэгж ойлгоход хэцүү. Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан акт хууль бус, тэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд л түүнийг шүүх хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээдэг. Захиргааны акт бүр хууль бус байна гэж байхгүй, нөгөө талаасаа Захиргааны хэргийн шүүх захиргааны хууль ёсны үйл ажиллагааг мөн баталгаажуулдаг. Захиргааны шийдвэр ч өөрөө хоёр талтай,  нэг иргэнд давуу байдал олгосон байлаа гэхэд нөгөөгийнх нь эрхийг дордуулсан, ямар нэг байдлаар хөндсөн байх тохиолдол их.

Харин Захиргааны хэргийн шүүх байгуулагдсанаас хойш шийдвэрлэсэн хэргүүдийн 60 орчим хувь нь нэхэмжлэлийг хангасан буюу таны хэлдгээр иргэн талдаа гарсан гэсэн статистик мэдээ байдаг.

-Нээлттэй танхим гэж байгуулаад нэг жил болж байгаа. Үүний ач холбогдол харагдаж байна уу. Ер нь хэр их хүн үйлчлүүлж байна вэ?

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүхийн системд анх удаа “Нээлттэй шүүх” төслийг хэрэгжүүлж, нээлттэй шүүх танхимыг 2013 оны 4 дүгээр сараас ажиллуулж эхэлсэн. Одоо бараг бүх шүүх ийм танхимтай болсон байх. Нээлттэй танхим нээгдсэнээр шүүхийн ажил, түүний дотор шүүх хуралдаан хэрхэн явагддаг нь иргэдэд илүү танигдах бололцоог олгосон гэж боддог. Өмнө нь шүүх хуралдаан хэдийгээр нээлттэй явагддаг ч иргэд ирж сонирхох боломж бага байсан. Гэхдээ энэ нь шүүх хаалттай байсан гэхээсээ илүү шүүх хуралдааны танхимын багтаамж, орчин нөхцлөөс л голчлон шалтгаалж байсан. Харин одоо тусад нь ингэж танхим байгуулж өгснөөр сонирхсон иргэдэд мэдээлэл авах боломжийг илүү нээж өгсөн. Гэхдээ танхим нээгдсэн ч үйлчлүүлж байгаа иргэдийн тоо тийм ч хангалттай биш байх шиг харагддаг.

-Ямар төрлийн маргаан хамгийн их шийдэгдэж байна вэ?

-Газрын маргаан л зонхилж байна. Түүний дараа тоогоороо төрийн албаны, татварын, ашигт малтмалын, улсын бүртгэлтэй холбоотой гэх мэт маргаан орно.

-Газрын маргаан ийм их шийдэгдэж байгааг Засаг дарга муу ажиллаж байна гэж ойлгож болох уу?

-Муу ажиллаж байна гэхээсээ илүүтэйгээр захиргааны актууд дотроос Засаг даргын гаргаж байгаа газартай холбоотой шийдвэр иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг илүүтэй хөнддөг, түүнийгээ дагаад энэ төрлийн шийдвэрт гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх нь их байгаа байх.

-Ер нь манай Газрын тухай хууль их зөрчилтэй гэж ярьдаг. Энэ талаар таны бодол?

-Хууль зөрчилтэй гэхээс өмнө түүнийгээ мөрдөж, даган биелүүлдэг байх нь хамгийн чухал байна. Түүнээс биш Газрын тухай хууль болохгүй байгаадаа асуудал байгаа юм биш. Гол нь аль ч шатанд, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ч тэр, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ч тэр хуулиа мөрдөхгүй байгаагаас маргаан их гарч байгаа гэж бодож байна. Хуулиа биелүүлж сурахгүй бол ямар ч сайн хууль байгаад энэ төрлийн маргаан буурахгүй байх.

-Захиргааны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн дүнг харахаар төрийн албан хаагчид их алдаа гаргадаг юм шиг. Тэднийг яаж хууль бус шийдвэр гаргахыг нь болиулах вэ?

-Хариуцлагын асуудал хамгийн чухал. Буруутай шийдвэр гаргасан нь нэгэнт тогтоогдсон бол түүнийгээ дахин давтахгүй, тийм байдал гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэдэг ойлголт байх ёсгүй. Манай улсын тухайд л захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх тохиолдол гараад байгаа. Шүүхийн шийдвэрээр буруутай нь тогтоогдсон ч, тухайн  албан тушаалтан алдаагаа давтаж, дахин хууль бус шийдвэр гаргах явдал байгаа. Үүнд хариуцлага тооцдог механизм бараг алга. Гэхдээ одоо төслийн шатандаа яваа Захиргааны ерөнхий хууль батлагдаж, захиргааны акт гаргах журмыг нь нэгдсэн стандартад оруулаад, мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэдэг арга, журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хууль тогтоомжуудад ямар нэг хэмжээгээр оруулаад өгвөл энэ байдал аяндаа засрах байх. Албан тушаалтнуудын ч эрх зүйн ухамсар дээшлэх байх. Хуулийн төсөл боловсруулах ажиллагаанд Захиргааны хэргийн шүүгчид оролцоод явж байгаа.

 

Gogo.mn сайтад 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр тавигдсан болно.