Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2021 оны 09 сарын 27 2012

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Н.Отгончимэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, тус хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Энхтамир нартай уулзаж, эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Н.Отгончимэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн дэргэд шинээр байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар, Х.Эрдэм-Ундрах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн  бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, сүүлийн үед хэрэгжүүлж байгаа цахимжилтын талаар тус тус танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон байна.

Судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг захиалагчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан чанартай, үндэслэлтэй, шуурхай гүйцэтгэхийн ач холбогдлыг уулзалтад оролцогчид онцолж, энэ чиглэлээр өөрсдийн тэргүүн туршлага, арга зүй, судалгааны санг харилцан солилцох, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байнга хэрэглэгддэг зарим хууль тогтоомжийн хэрэглээг тогтмол судлах судлаачдын баг бүрдүүлж ажиллах, судалгааны ном, бүтээл, гарын авлага гаргах, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

 

ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН