“Нийт шүүгчийн чуулган” цахим хуудаст нэгдэхийг урьж байна

2021 оны 05 сарын 05 2758

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Нийт шүүгчийн чуулганыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д зааснаар Улсын дээд шүүхийн зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн эрүү, иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулахаар хуульчилсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “… ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох”-оор зохицуулсны дагуу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа сонгогдсон юм.

Ажлын хэсэг Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”, “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх хүсэлтийн загвар”-ыг тус тус боловсруулан баталлаа.

Мөн “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг”, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын төслийг тус тус боловсруулж, уг төслүүдэд шүүгчдээс санал авах ажиллагааг эхлүүлэв.

Нийт шүүгчийн чуулганы бэлтгэл ажил, зохион байгуулалтын бусад асуудлаар цаг тухайд нь мэдээлэл өгөх, зохион байгуулж буй ажиллагааны талаар санал, сэтгэгдлээ илэрхийлэх тэгш боломжоор шүүгчдийг хангах  зорилгоор ажлын хэсгээс санаачлан “Нийт шүүгчийн чуулган” цахим хуудсыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр нээлээ.

Уг цахим хуудсаар дамжуулан дээр дурдсан дэг, журмын төсөлд шүүгчдээс санал авч, чуулганы хуралдааны тов болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Шүүх засаглал дахь ардчилал, тэгш байдал, шударга ёс, өөрөө удирдах ёсны болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болох Нийт шүүгчийн чуулганы үйл ажиллагаа нь шүүгч бүрийн идэвхтэй оролцооноос ихээхэн хамаарна.

Иймээс шүүгчид та бүхэн “Нийт шүүгчийн чуулган” цахим хуудаст нэгдэж, “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг”, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын төслүүдэд саналаа өгч, үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.

НИЙТ  ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ