ЭМГЭНЭЛ

2021 оны 04 сарын 26 3833

Цэндийн Амарсайхан

(1964-2021)

 

     Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

   Ц.Амарсайхан нь 1964 онд Улаанбаатар хотод төрж, 1986 онд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн ангийг төгсчээ.

   Тэрээр 1986-1987 онд Улсын Дээд шүүхэд дадлагажигч, 1987 онд Ажилчны районы шүүхэд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1987-1989 онд Найрамдлын районы шүүхэд шүүгч, 1989-1990 онд Улаанбаатар хотын шүүхэд гишүүн, 1990-1993 онд Улаанбаатар хотын шүүхэд орлогч дарга, 1993-1999 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 1999-2005 онд Монгол Улсын Дээд шүүхэд шүүгч, 2005-2011 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, 2011 оноос хойш Улсын Дээд шүүхэд шүүгчээр тус тус ажиллаж байлаа.

     Ц.Амарсайхан нь ухамсарт бүх амьдралаа шүүхийн байгууллагад зориулж, шүүхэд 35 жил, үүнээс Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр нийт 22 жил ажиллахдаа шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх ажиллагааг сайжруулах, шуурхай чанартай болгох, Иргэний хуулийг боловсруулах, иргэний хэргийн шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн ил тод байдлыг хангах, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

    Ц.Амарсайхан нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч нарын нэг байлаа. Тэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, даргаар сонгогдон ажиллаж, хуульчдаас шүүгчдийг шилж олох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

    Ц.Амарсайханы ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монгол Улсын Дээд Шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг”, Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдэг зэргээр шагнасан билээ.

     Ц.Амарсайханы хүнлэг нөхөрсөг, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч, алиа хошин зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

            Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ