Дээд шүүх 3139 хэрэг хүлээн авчээ

2021 оны 02 сарын 10 2378

Монгол Улсын Дээд шүүх 2020 онд эрүү, иргэн, захиргааны нийт 3139 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1968  хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 43 хувь нь  иргэний, 34.8  хувь нь эрүүгийн, 22.2 хувь нь захиргааны хэрэг байна.

Хяналтын шатны шүүхийн хүлээн авсан нийт 3139 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны болон зөрчлийн нийт 100258 хэрэгтэй харьцуулвал нийт хэргийн 3.1 хувь нь Дээд шүүхээр хянагджээ.

Анхан шатны шүүхүүд улсын хэмжээгээр 2020 онд эрүүгийн 13465, иргэний 53678, захиргааны 1524 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Үүнтэй харьцуулвал анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн 9 хувь, иргэний хэргийн 2 хувь, захиргааны хэргийн 52.6 хувьд хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэж болохоор байна.

 

Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүх эрүүгийн нийт 1217 хэрэг хүлээн авч, Эрүүгийн хэргийн танхим шүүх хуралдаанаар эрүүгийн 671, цагаатгалын 14 хэргийг хянан шийдвэрлэж, 313 хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, Ерөнхий шүүгчид гаргасан 149 гомдлыг Ерөнхий шүүгч хянаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 57 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 12 хэрэг хэлэлцсэн байна. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 178 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 685 хэргийн 48.5 хувь буюу 332 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 22.2 хувь буюу 152 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 29.3 хувь буюу 201 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 201 хэргийн 41.3 хувь буюу 83 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 26.4 хувь буюу 53 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 17.9 хувь буюу 36 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 14.4 хувь буюу 29 хэргийг хэрэгсэхгүй болгож (үүнээс 5.6 хувь буюу 12 нь цагаатгалын хэрэг) шийдвэрлэжээ.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 82.8 хувь буюу 567 нь ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 1.2 хувь буюу 8 нь иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлоор, 13.4 хувь буюу 92 нь улсын яллагчийн эсэргүүцлээр, 2.6 хувь буюу 18 нь прокурорын дүгнэлтээр хэлэлцэгдсэн байна.

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 685 хэргийг гэмт хэргийн төрлөөр авч үзвэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 95, залилах гэмт хэрэг 70, хүчиндэх гэмт хэрэг 65, хүнийг алах гэмт хэрэг 63, хулгайлах гэмт хэрэг 57, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 55, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 38, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 29, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 20, дээрэмдэх гэмт хэрэг 19, мал хулгайлах гэмт хэрэг 17, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 17, хөрөнгө завших гэмт хэрэг 16, хахууль авах гэмт хэрэг 9, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 7, хахууль өгөх гэмт хэрэг 7, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 6, хүн худалдаалах гэмт хэрэг 4, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 3,  бусад төрлийн гэмт хэрэг 88 байгаа аж.

Анхаарал татсан зарим гэмт хэргийг төрлөөр авч үзвэл

Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргээс авлига, албан тушаалын гэмт хэргийг онцлон авч үзвэл 2020 онд анхан шатны шүүхээр авлига, албан тушаалын 116 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулвал 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 181 гэмт хэргийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 6.5 хувиар өсчээ. 

Хяналтын шатны шүүх 2020 онд 1217 хэрэг хүлээн авсны 4.5 хувь буюу 55 нь  авлига, албан тушаалын, 3.9 хувь буюу 47 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг байна.

  Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн 30.2 хувь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 16 хувь нь хяналтын шатны шүүхээр хянагджээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 685 хэргийн 5.1 хувь буюу 35 нь  авлига, албан тушаалын, 4.2 хувь буюу 29 нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн авлига, албан тушаалын хэргийг төрлөөр авч үзвэл:

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэрэг 17 буюу 48.6 хувь,
  • Хахууль авах гэмт хэрэг 9 буюу 25.7 хувь,
  • Хахууль өгөх гэмт хэрэг 7 буюу 20 хувь,
  • Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 2 буюу 5.7 хувь байна.

Хяналтын шатны шүүхээр 2020 онд хянан шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг өмнөх онтой харьцуулбал 17 хэргээр буюу 94.5 хувь, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 8 хэргээр буюу 38.1 хувиар тус тус өсчээ.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар 9 хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн  хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 9 хэргийн 88.9 хувь буюу 8 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 11.1 хувь буюу 1 хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хүчингүй болгосон байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 246-аар буюу 25.3 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 11-ээр буюу 1.6 хувиар өсчээ.

Иргэний шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүх иргэний нийт 1120 хэрэг хүлээн авч, Иргэний хэргийн танхим 846 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 76 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 76 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 20 хэргийн харьяаллыг тогтоож, Ерөнхий шүүгчид  гаргасан 86 гомдлыг Ерөнхий шүүгч хянаж шийдвэрлэв.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 56 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 16 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 199 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 846 хэргийн 56.6 хувь буюу 479 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 7.6 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 22.2 хувь буюу 188 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 9.2 хувь буюу 78 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 4.4 хувь буюу 37 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 34.3 хувь буюу 290 нь нэхэмжлэгчийн, 63.8 хувь буюу 540 нь хариуцагчийн, 1.8 хувь буюу 15 нь гуравдагч этгээдийн, 0.1 хувь буюу 1 нь прокурорын гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 846 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 370, Хөдөлмөрийн тухай хуулиар 295, Гэр бүлийн тухай хуулиар 19, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 148, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 4, бусад хуулиар 10 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2020 онд улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нийт 5 хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан  1 намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Түүнчлэн намын дүрэм, мөрийн хөтөлбөр, даргын өөрчлөлтөө бүртгүүлэх тухай давхардсан тоогоор 8  хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэжээ.

Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар

Улсын Дээд шүүх захиргааны нийт 802 хэргийг хүлээн авч, Захиргааны хэргийн танхим 437 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар, 29 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт хэлэлцэж, 113 хэргийг хуралдаанд оруулахгүйгээр шийдвэрлэж, 54 хэргийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасныг хянан хэлэлцэж, Ерөнхий шүүгчид гаргасан 130 гомдлыг Ерөнхий шүүгч хянаж шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 72 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 95 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 437 хэргийн 68.4 хувь буюу 299 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 10.5 хувь буюу 46 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 21 хувь буюу 92 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлттэй 29 хэргийн 27 хэрэгт хүсэлтийг хангахгүй орхиж, 2 хэргийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 44 хувь буюу 192 нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 18.7 хувь буюу 82 нь нэхэмжлэгчийн, 11.6 хувь буюу 51 нь өмгөөлөгчийн, 8.6 хувь буюу 38 нь хариуцагчийн, 3.2 хувь буюу 14 нь гуравдагч этгээдийн, 13.7 хувь буюу 60 нь гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 437 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл газрын маргаан 81, зөрчлийн маргаан 80, төрийн албаны маргаан 62, татварын маргаан 54, ашигт малтмалын маргаан 34, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 16, мэргэжлийн хариуцлагын хорооны 5,  бусад 105 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ. 

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 128-аар буюу 19 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 1-ээр буюу 0.2 хувиар  өссөн байна.