ЭМГЭНЭЛ

2021 оны 01 сарын 27 4178

Батбуянгийн Бат-Эрдэнэ

(1956-2021)

 

   Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч асан, цагдаагийн хурандаа, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Батбуянгийн Бат-Эрдэнэ 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Б.Бат-Эрдэнэ нь 1956 онд Улаанбаатар хотод төрж, 1979 онд ОХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаах ажилтны дээд сургууль, 1990 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Академийг төгсчээ.

   Тэрээр 1971-1981 онд Мөрдөн байцаах газрын Чухал хэргийн хэлтэст мөрдөн байцаагч, 1981-1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд багш, 1989-1997 онд  Цагдаагийн дээд сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 1997-2002 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд тэнхимийн эрхлэгч, дэд захирал, 2002-2005 онд Цагдаагийн Академийн Сургалт хариуцсан дэд захирал, 2005-2016 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч, 2016 оноос Өмгөөллийн FOM PARTNERS ХХН-ийн зөвлөхөөр тус тус ажиллаж байлаа.

   Б.Бат-Эрдэнэ нь хууль зүйн салбарт 40 гаруй жил, үүнээс Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 11 жил ажиллахдаа шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх, шүүгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шүүхийн ил тод байдлыг хангах, хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

    Б.Бат-Эрдэнэ нь шүүн таслах ажиллагааны болон онолын өндөр мэдлэгтэй, шүүх, хуулийн байгууллага, хамт олны дунд нэр хүндтэй манай тэргүүний шүүгч нарын нэг байлаа. Тэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж, “Шүүхийн багц хууль”-ийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан юм.

    Мөн Хууль Сахиулахын Их Сургуулийн докторын  зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, Хууль Сахиулахын Их Сургуулийн магистрын  зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, Хууль Сахиулахын Их Сургуулийн профессорын багийн зөвлөх, Монгол Улсын Үндэсний Тагнуулын Академийн дэргэдэх докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.

    Тэрээр хууль зүйн салбарт ажилласан 40 гаруй жилийн хугацаанд “Эрүүгийн хууль” болон “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, “Хуулийн тухай хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Цагдаагийн албаны тухай хууль” зэрэг тавь орчим хуулийн төсөл боловсруулахад ажлын хэсгийн гишүүн, багийн ахлагчаар ажиллажээ. 

    Б.Бат-Эрдэнэ нь “Шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол боловсруулах аргачлал”, “БНМАУ-ын “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй”, “Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн эрх зүй”, “Байцаалт түүний онцлог”,  “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны байцаалт”, “Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн тайлбар”, “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар” зэрэг гуч орчим гарын авлага, ном бүтээлийг хамтран болон бие дааж бичиж хэвлүүлж, хууль зүйн салбарыг хөгжүүлэх, сургалт, судалгаа хийх, хуульч, судлаач, залуу үеийнхний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэт хувь нэмэр оруулсан билээ.

Б.Бат-Эрдэнийн Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиглэлээр гаргасан бүтээлүүд нь оюутан, сурагч төдийгүй багш нарын өдөр тутмын гарын авлага болсон юм.

   Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн төр засгаас Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль, Монгол Улсын Дээд Шүүхийн хүндэт тэмдэг, Ардын боловсролын тэргүүний ажилтан тэмдэг, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг зэргээр шагнасан билээ.

   Б.Бат-Эрдэнийн хүнлэг нөхөрсөг, алиа хошин, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

            Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ