Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв

2021 оны 01 сарын 16 3779

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт   холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна. Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.