Л.Наранбаатар, Д.Алтанхуяг, Н.Баярмаа нарын нэхэмжлэлтэй сонгуулийн маргаануудыг хянан хэлэлцэв

2020 оны 06 сарын 23 4183

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нийт 22 хэргийг хянан хэлэлцсэний дотор Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой 3 маргааныг шийдвэрлэв. 

“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, иргэн Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар  сарын 16-ны өдрийн 12 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Л.Наранбаатарыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагч Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгахыг хүссэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин нэхэмжлэлийн “Улсын Их Хурлын сонгуулийн 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлагын хувьд маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасныг хэрэглээгүй нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Алтанхуяг нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны дээрх тогтоолыг хүчингүй болгож, Д.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн байна. Тус хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Н.Баярмаа нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 73 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны дээрх тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэсэн байна. Уг хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.