ЭМГЭНЭЛ

2019 оны 02 сарын 25 6237

ЛУВСАНДОРЖИЙН БЯМБАА

/1951-2019/

 

Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D) Лувсандоржийн Бямбаа 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд хүнд гарз учирлаа.

Л.Бямбаа нь 1951 онд Төв аймгийн Зуунмод суманд төрж, 1976 онд Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Мөн 2000 онд хууль зүйн ухааны магистр, 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвээр Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.  

Тэрээр улсад 39 жил ажилласнаас шүүхийн байгууллагад 35 жил, үүнээс Улсын Дээд шүүхэд 19 жилийн хөдөлмөр бүтээлээ зориулжээ.

Л.Бямбаа нь 1969-1973 онд Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин, 1976-1979 онд Улсын Дээд шүүх, Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга,  1979-1986 онд Улсын Дээд шүүхэд боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1986-1991 онд ЗХУ /хуучнаар/-ын Петропавловск хотын СПТУ-д хүмүүжүүлэгч багш, 1991-1993 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн коллегид нарийн бичгийн дарга, 1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч, 1998-2005 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 2005-2012 онд Улсын Дээд шүүхэд шүүгч, 2012-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, хэлтсийн дарга, 2016 оноос МУИС-ийн Хууль Зүйн сургуульд гэрээт багш, Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитрын гишүүн арбитрч, "Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байлаа.

Тэрээр 1999-2001 онд Нийслэлийн шүүхийн дэргэдэх Сахилгын хорооны дарга, 2001-2003 онд Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээр тус тус сонгогдож байсан, Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй, Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Шүүгчдийн Холбооны гишүүн байв.  

Л.Бямбаа ухамсарт амьдралынхаа ихэнх хэсгийг шүүхийн байгууллагад зориулахдаа шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглэх ажиллагааг сайжруулах, шуурхай, чанартай болгох, шүүгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Түүний хөдөлмөрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын гавьяат хуульч” цол тэмдэг, “Алтангадас” одон,  Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд болон Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Монгол Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж байсан юм.

Л.Бямбаагийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН АХМАДЫН ХОРОО