Н.Ариунгэрэл нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

2018 оны 12 сарын 20 4661

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Д.Алтангадас, Н.Билэгбаатар, С.Галбадрах нарт холбогдох хэргийг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг,  М.Амартүвшин, Н.Билэгбаатар, С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Анхан шатны шүүх Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас  анхан болон давж заалдах шатны шүүх Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулах ялыг 7 жилээр тогтоож, шийтгэх тогтоол,  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.