Дээд шүүхийн баг хуулийн төв байгууллагуудын тэмцээнд тэргүүлж, цом хүртлээ

2018 оны 11 сарын 30 4587

Хуулийн төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын төлөөх “Спортын их наадам-2018" тэмцээнд Улсын Дээд шүүхийн баг тамирчид  тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль хүртлээ.

Тэмцээнд Улсын Их хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэцийн тамгын газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв зэрэг нийт 11 байгууллагын баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, билльярд, боулинг гэсэн спортын 6 төрлөөр  хурд хүчээ сорин өрсөлдсөн бөгөөд 90 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын өмгөөлөгчдийн холбоо зохион байгуулжээ.

 Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Улсын Дээд шүүхийн эмэгтэй баг түрүүлсэн бол гар бөмбөгийн төрөлд Улсын дээд шүүхийн эрэгтэй баг мөн л тэргүүлж, тус тус алтан медаль хүртжээ. Шатрын төрөлд М.Дамирансүрэн,  Д.Эрдэнэбалсүрэн, Э.Энхжаргал нараас бүрдсэн Улсын Дээд шүүхийн баг гуравдугаар байр эзэлсэн байна. Билльярдын төрөлд Улсын Дээд шүүхийн тамирчин Ж.Эрдэнэчимэг эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байр, алтан медаль, багийн төрөлд Ж.Эрдэнэчимэг, Т.Батдорж нар хоёрдугаар байр, мөнгөн медаль хүртсэн бол нийлбэр дүнгээр гуравдугаар байрт оржээ.

Ширээний теннисний төрөлд Улсын Дээд шүүхийн тамирчин Л.Батбаатар эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байр алтан медаль, багийн төрөлд Л.Батбаатар, Ж.Эрдэнэчимэг, Г.Гантогтох нар 3-р байр эзэлсэн аж.

Мөн тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд шилдэг эмэгтэй тамирчнаар Улсын Дээд шүүхийн тамирчин Д.Мөнхцэцэг, гар бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тамирчнаар Улсын Дээд шүүхийн тамирчин Г.Баянмөнх, ширээний теннисний төрөлд шилдэг эмэгтэй тамирчнаар Улсын Дээд шүүхийн тамирчин Ж.Эрдэнэчимэг  нар шалгарчээ.

Тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөл аман хүзүүдсэн бол Монголын хуульчдын холбоо гуравдугаар байр эзэлсэн байна.