ИХШХШТХ-д оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа

2018 оны 02 сарын 08 9565

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Дээд шүүхийн дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалтад  “нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах”-аар  заасан нь шүүгч өөрөө нотлох баримт бүрдүүлэхийг үүрэгжүүлсэн байна гэж дүгнэжээ. Ингэснээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай зарчим буюу уг ажиллагаа нь зохигчдын санаачлага, хүсэлтийн үндсэн дээр мэтгэлцэх, тэгш эрхийн үндсэн дээр явагдах зарчмыг алдагдуулж улмаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн холбогдох заалтын үйлчлэлийг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтээр 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлт дэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт  оруулсан зарим өөрчлөлт  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир энэ талаар санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 тоот дүгнэлтийг 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцээд уг дүгнэлтийг хүлээж авахаар шийдвэрлэв.