А.Пүрэвдуламд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов

2017 оны 09 сарын 14 6639

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч А.Пүрэвдулам гавъяаныхаа амралтад гарч буйтай холбогдуулан хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв Дээд шүүхийн бүх ажил албан тушаал хариуцлагатай, чухал болохыг онцлоод “А.Пүрэвдулам 1975 онд хуучнаар Шевроны үйлдвэрийн арьс боловсруулагчаас ажлын гараагаа эхэлж өдгөөг хүртэл улсад 42 жил ажиллажээ. 1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд бичээчээр ажилд орсноос хойш шат шатны шүүхэд 19 жилийн турш хөдөлмөр зүтгэлээ зориулсан байна. 2004 оноос өнөөдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн бичиг хүргэгчээр ажиллахдаа энэ хариуцлагатай албыг нэр хүндтэй, сааршгүйгээр гүйцэтгэж ирсэнд Дээд шүүхийн нийт хамт олны өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье” гэж тэмдэглэсэн юм. Түүнчлэн А.Пүрэвдулам хуулийн төв байгууллагууд болон шүүхүүдийн дундах спортын тэмцээнд голлох үүрэгтэй оролцдог манай шилдэг тамирчдын нэг хэмээгээд түүнээс үлгэр дуурайл авахыг залуучуудад захив. Мөн аливаа хүн ажил үүргээ гүйцэтгэхэд ар гэр чухал гээд түүний хань Цээтуяа гуайд талархаж буйгаа илэрхийлэн гэр бүлд нь сайн сайхныг хүссэн юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга, Монгол Улсын гавъяат хуульч М.Дамирансүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Отгонбаатар нар мөн сэтгэлийн сайхан үгээ хэлж, сайны ерөөл тавилаа.  

А.Пүрэвдулам “Та бүхэнтэй ажилласан энэ цаг хугацаа миний хувьд мартагдашгүй, дурсамж дүүрэн он жилүүд байлаа” гээд хамт олондоо ажилд нь амжилт, амьдралд нь сайхан бүхнийг хүсэв.