Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оногдуулсан хорих ялыг 20 жил болгон өөрчиллөө

2017 оны 08 сарын 04 9332

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жил хорих ял  оногдуулжээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч,  эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.