Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна

2017 оны 06 сарын 30 6380

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.

Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргах ажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн материалын 1680 нь нийслэл дэх, 3047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудтай холбоотой бөгөөд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн дээрх ялтнуудын материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэх юм.