Ц.Зориг Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2011 оны 09 сарын 02 7522

dsc06583

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад айлчлал хийж буй Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгч, ноён Пекка Халлбергийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ц.Зориг Захиргааны хэргийн шүүхийн арвин баялаг туршлагатай Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд Монголын шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн шинэтгэлийн талаар танилцууллаа.

Уулзалтын үеэр хоёр орны шүүхүүдийн хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэх, манай шүүгчид болон шүүхийн ажилтнуудыг урт богино хугацааны сургалтад хамруулах, Захиргааны хэргийн Дээд шүүхүүдийн олон улсын холбоонд манай Захиргааны хэргийн шүүх элсэн орох, зарим төрлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх талаар туршлага солилцох зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав.

Финландын Захиргааны хэргийн шүүх 1918 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан бөгөөд 93 насныхаа ойгоор манай  шүүхэд айлчилж буйдаа баяртай байгаагаа ноён Пекка Халлберг энэ үеэр хэлсэн юм. Манай улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад 7 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд Финландын Захиргааны хэргийн шүүхээс суралцах зүйл их байгаа талаар уулзалтад оролцогчид хэлж байв. Уулзалтын ач холбогдлыг хоёр тал өндрөөр үнэлсэн бөгөөд цаашдын үр дүнтэй хамтын ажиллагааныхаа эхлэл хэмээн дүгнэсэн юм.

Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгч, ноён Пекка Халлберг  айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр зочилж, үйл ажиллагаатай нь мөн танилцлаа.