Бүгд Найрамдах Кыргыз Улсын Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевтай уулзлаа

2012 оны 12 сарын 18 7403

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Кыргыз Улсад 2012 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалд шүүхээс  Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар оролцлоо.

Төлөөлөгчид  хөтөлбөрийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Кыргыз Улсын Дээд шүүхэд зочилсон бөгөөд тэднийг Бүгд Найрамдах Кыргыз улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Феруза Джамашева, Дээд шүүхийн орлогч Канатбек Турганбеков, Гульбара Калиева, Олон нийт болон гадаад улсын харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Азиз Досмамбетов нар болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзав.

Ерөнхий  шүүгч Феруза Джамашева Киргиз улсад өрнөж эхэлж байгаа шүүхийн шинэчлэл, шүүгчдийн сонгон шалгаруулалт, шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүгчийн ёс зүй, хэргийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх, шүүгч шударга байх шаардлага, Шүүгчдийн зөвлөлийн үүрэг зэрэг асуудлын талаар товч танилцуулж, санал солилцлоо.

Монголын төлөөлөгчид  Бүгд Найрамдах Кыргыз улсын шүүгчийг сонгох шинэ журмын дагуу явуулсан шалгаруулалтад тэнцэж өндөр албан тушаалд сонгогдсон Бүгд Найрамдах Кыргыз улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч  болон бусад шүүгч нарт баяр хүргэж, амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг Кыргыз улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Феруза Джамашеваг Монгол Улсад боломжтой үедээ айлчлал хийхээр урьсан урилгыг албан ёсоор дамжуулж дурсгалын зүйлийг гардуулан өгчээ.

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Кыргыз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович  Атамбаев нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Өнөбаатар нарыг   хүлээн авч уулзав.

Монгол Улсад өрнөж буй аливаа үйл явдал болон шүүхийн шинэчлэлийн асуудал Бүгд Найрамдах Кыргыз Улсын Ерөнхийлөгчийн анхаарлын төвд байдаг нь уулзалтын явцад харагдаж байсан. Ерөнхийлөгч А.Ш.Атамбаев шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах нь чухал тул үүнд анхаарал хандуулж бодитой ажил хийж байгаагаа тэмдэглээд, Кыргыз улсад шүүгчийн нэр хүнд, тэр тусам шүүгч шударга, ёс зүйтэй ажиллах асуудал нэн чухал байгааг онцлов.

Герман улсын засгийн газрын тэргүүн Ангела Меркель Монгол Улсаас суралцах,  донор байгууллагатай ажиллах туршлагыг нь судлах талаар зөвлөсөн болохыг  Ерөнхийлөгч Атамбаев А.Ш уулзалтын явцад тэмдэглэж байлаа.