ХБНГУ-ын захиргааны хэргийн шүүхэд туршлага судлав

2013 оны 06 сарын 25 9428

Улсын Дээд шүүх Ханнс-Зайделийн сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо, хэрэг маргааны төрөл, түүний шийдвэрлэлтийн байдлыг судлах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид тус улсыг зорьсон билээ.

Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Берлин-Бранденбург мужийн Захиргааны хэргийн дээд шүүх /давах шатны/, Бавари муж улсын Захиргааны хэргийн дээд шүүх, Үндсэн хуулийн шүүхүүдээр тус тус зочлон, шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцах, шүүгч болон хэвлэл мэдээллийн албаны холбогдох ажилтантай ярилцлага зохион байгуулах зэргээр туршлага судлав.

Берлин муж улсын Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч хатагтай Эрна Викториа Шальтер, шүүгч Штефан Гроскурт нар хүлээн авч уулзав.

 

Мөн Берлин-Бранденбург мужийн Берлин хотын болон Бавари мужийн Аугсбург хотын Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд очиж шүүхийн шүүх хуралдаанд шүүгчид биечлэн сууж, шүүх хуралдааны явцыг ажиглаж, тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдаанаар хэлэлцэж буй маргааны талаар санал солилцох уулзалт, ярилцлага хийсэн байна.

Берлин муж улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Штефан Гроскурт-тай шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн маргааны талаар санал солилцож байгаа нь

Шүүгчдийг Берлин-Бранденбургийн Захиргааны хэргийн дээд шүүхийн шүүгч Дирк Мареш хүлээн авч харилцан ярилцав. Уг уулзалтад ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Болор оролцов.

 

Бавари муж улсын хувьд Захиргааны хэргийн анхан шатны 6 шүүхтэй, давах шатны 1 шүүхтэй. Нийт 200 шүүгчтэй. Үүнээс давж заалдах шатны шүүгч 60. Давж заалдах шатны шүүх нь 22 танхимтай. Нэг танхимд 2-3 шүүгч ажилладаг байна.

Герман Улсын Захиргааны хэргийн шүүх нь хэрэг, маргааны төрлөөс хамаарч, төрөлжсөн байдлаар хэргийг шийдвэрлэх чиглэлээр хөгжиж байна. Төрийн тогтолцоо буюу Холбооны улсын онцлогоос хамаарч, Холбооны улс болгон өөр, өөрийн хууль тогтоомжтой, хэрэг шийдвэрлэх процесс ажиллагаа нь өөр өөр. Гэхдээ бүх муж улс нь Холбооны улсынхаа хууль, дүрэмд захирагддаг ажээ.

Бавари муж улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Дагмар Рудериш-тэй захиргааны эрх зүйн болон үндсэн хуулийн эрх зүйн ялгааны талаар санал солилцов.

Анхан шатны шүүх нь ойролцоогоор 16500 өргөдөл, гомдол хүлээн авч, мөн ойролцоо тооны хэрэг шийдвэрлэдэг. Үүнээс цагаачлалын хэрэг нилээд хэсгийг эзэлдэг. Учир нь Герман улсын онцлог, хөгжлийн байдлаас шалтгаалан тус улсад цагаачлан ирэхийг хүссэн иргэдийн хүсэлт, гомдол олон байдагтай шууд холбоотой.

Анхан шатны шүүх нийт хэргийн 80-90%-ийг шүүгч дангаар шийдвэрлэдэг юм байна. Хэрэг шийдвэрлэх хугацааг тодорхой заагаагүй боловч шийдэгдэж дууссан хэргээс үзэхэд дундаж хугацаа 10 сар байдаг. Зарим хэргийн онцлогоос хамаарч тухайн хэргийг шийдвэрлэх хугацааг тодорхой заах бөгөөд энэ хугацаа нь ихэвчлэн 2,5 сар байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 20% нь дараагийн шат буюу давах шатанд гомдол гаргадаг.
Шүүх болгон хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай байна.

Тус улсын хувьд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үр нөлөө, эрх зүйн хамгаалалт өндөр түвшинд байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны чиг, баримтлах зарчим болж, захиргааны байгууллагаас шүүх ингэж үзсэн байна хэмээн шүүхийн шийдвэрээр жишиг тогтоож, асуудлыг шийдвэрлэдэг эрх зүйн соёл нэгэнт тогтжээ.

  

Ханнс-Зайделийн сан дээр зохион байгуулагдаж буй симпозиумд оролцож байгаа нь

Ханнс-Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны хүрээлэнгийн дарга ноён Кристиан Хегемер, Зүүн хойд азийн хэлтсийн дарга ноён Вилли Ланге нарын хамт