Монгол Улс, БНХАУ-ын шүүхийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

2013 оны 09 сарын 23 7509

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн урилгаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны онцгой гишүүн бөгөөд Ардын Дээд шүүхийн шүүгч Ду Ванхуа тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд манай улсад айлчиллаа.

2013-09-23

Энэ үеэр Монгол Улсын Дээд шүүх, БНХАУ-ын Ардын Дээд шүүх хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын шүүхүүдийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээгдэж байна гэдгийг талууд онцолсон байна. Мөн санамж бичгээр үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон бөгөөд энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, шүүн таслах болон шүүхийн захиргааны ажлын талаар туршлага судлах, БНХАУ-д Монголын шүүгч, шүүхийн ажилтнуудыг сургалтад үргэлжлүүлэн хамруулахаар болж байгаа юм.

БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Дээд шүүхээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцан шүүгчидтэй нь уулзаж, санал солилцохоос гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах юм.

Хоёр улсын Дээд шүүхүүд олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд 2006 оноос хойших хугацаанд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч манай улсад 2 удаа, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч БНХАУ-д 2 удаа тус тус айлчилж байсан билээ.