Худалдааны эрх зүйн чиглэлээр БНСУ-д сургалтад хамрагдаж туршлага судлав

2013 оны 10 сарын 14 7673

Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдэж буй шүүгч-багш нар 2013 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНСУ-д худалдааны эрх зүйн чиглэлээр туршлага судлах сургалтад хамрагдав.

Төслийн баг, БНСУ-ын Дээд шүүх, Шүүхийн үндэсний удирдлагын газар (шүүхийн захиргааны дээд байгууллага), Шүүхийн сургалт, судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт ахлагчтай Нийслэлийн шүүхийн шүүгч Г.Алтанчимэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар, Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч Х.Байгалмаа, Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч С.Өмирбек, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Л.Ганзориг, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч А.Мөнхзул, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Алтантуяа, Налайх дүүргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй шүүгч нар оролцов.

2013-10-14-1

БНСУ-ын Шүүхийн судалгаа, сургалтын төв.

Сургалтын үеэр БНСУ-ын дампуурлын эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, компанийн эрх зүй гэсэн үндсэн гурван чиглэлээр тус улсын Дээд шүүх, давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгч, Шүүхийн сургалт, судалгааны төвийн багш нар, мөн зарим их сургуулийн профессорууд хичээл заасан байна. Тухайлбал, “БНСУ-ын Шүүхийн тогтолцоо” сэдвээр Шүүхийн үндэсний удирдлагын газрын Төлөвлөлтийн хэлтсийн дарга, шүүгч Жей-Хо Ян, “БНСУ-ын Дампуурлын эрх зүй: Хуулийн этгээдийн дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх онцлог” сэдвээр Сөүл хотын давж заалдах шатны шүүхийн шүүгч И Чэ Хи, “Хувь хүний дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх онцлог” сэдвээр Сөүл хотын төв дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч У Бён Хый,  “БНСУ-ын Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хөгжил, өнөөгийн байдал” сэдвээр Курё Их Сургуулийн Хуулийн сургуулийн профессор И Хван,“Өрсөлдөөний тухай хууль: Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах тогтолцоо”сэдвээр Сөүл хотын давж заалдах шатны шүүхийн шүүгч Чон Жэ Хүн, “Шударга бус өрсөлдөөн ба (эрүүиргэнзахиргааны) хариуцлагын тогтолцоо, Шударга өрсөлдөөний газрын үйл ажиллагаа, чиг үүрэг, Картель ба түүнтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх онцлог” сэдвээр Сөүл хотын  давж заалдах шатны шүүхийн шүүгч Ну Кён Пил, “Монополь ба түүнд тавигдах зарим хязгаарлалтууд, Зах зээлд ноёрхсон бизнес эрхлэгчтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх онцлог, бодит жишээнүүд” сэдвээр Сөүл хотын давж заалдах шатны шүүхийн Танхимын тэргүүн шүүгч Жонг Жэ У, “БНСУ-ын Компанийн тухай хуулийн хөгжил, өнөөгийн байдал, Компанийн засаглал, удирдлага, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх” сэдвээр Сөүлийн Их Сургуулийн туслах профессор Чон Гёнг Хүн, “Шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй худалдааны эрх зүйн хэрэг маргаануудын төрөл, шийдвэрлэх онцлог” сэдвээр Сөүл хотын давж заалдах шатны шүүхийн шүүгч Ли Сүг Ён нар тус тус хичээл заасан байна.

Сургалтад хамрагдсан шүүгч-багш нар БНСУ-ын худалдааны эрх зүйтэй холбоотой нийт 17 удаагийн лекц, сургалтад сууж, мэдээлэл авснаар харьцуулсан судалгаа хийх боломжтой болж байгаа бөгөөд худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдэд хичээл заах, шүүгчдэд зориулсан гарын авлага бэлтгэхэд энэхүү харьцуулсан судалгааг ашиглах юм.

Сургалтад оролцсон шүүгчдийг БНСУ-ын Үндэсний шүүхийн удирдлагын газар (шүүхийн захиргааны дээд байгууллага)-ын сайд, Дээд шүүхийн шүүгч ноён Ча Хан-сун болон Үндэсний шүүхийн удирдлагын газрын дэд сайд, Шүүхийн судалгаа, сургалтын төвийн захирал, Сөүл хотын төв дүүргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар тус тус хүлээн авч уулзан, БНСУ болон Монгол Улсын эрх зүй, шүүхийн тогтолцоо, шийдвэрлэж буй хэрэг маргааны онцлог, төрөл, шүүгчдийн сургалт, давтан сургалт, шүүгчдийг сонгон шалгаруулах тогтолцоо зэрэг асуудлаар харилцан туршлага солилцож, ярилцлага хийсэн байна.

Энэхүү сургалтын хүрээнд шүүгч нар БНСУ-ын Дээд шүүх, Дээд шүүхийн Мэдээллийн технологийн төв, Шүүхийн судалгаа, сургалтын төв, Сөүл хотын төв дүүргийн анхан шатны шүүх, Сөүл хотын давж заалдах шатны шүүхэд тус тус зочлон, шүүхүүдийн болон дээрх төвүүдийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцжээ. Түүнчлэн Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны их танхим, Дээд шүүхийн музей, хүүхдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтын өрөө, Мэдээллийн технологийн төвийн лаборатори, цахим уулзалт, зөвлөгөөн хийх төхөөрөмж, иргэдэд зориулсан сургалт хийх булан, цахим хэлбэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах үйл явц, Шүүхийн судалгаа, сургалтын төвийн сургалт хийх техникийн шийдэл, шүүн таслах ажиллагаанд хэрэглэгдэх програмын сургалтын танхимтай танилцаж туршлага судалснаас гадна Сөүл хотын төв дүүргийн анхан шатны шүүхийн худалдааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаануудад ажиглагчаар биечлэн оролцжээ.

2013-10-14-2

Шүүхийн судалгаа, сургалтын төвийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэглэгдэх програмын сургалтын танхим

2013-10-14-3

БНСУ-ын Дээд шүүхийн Хүүхдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтын өрөө

2013-10-14-4

БНСУ-ын Дээд шүүхийн Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдийн албан тасалгаа

2013-10-14-5

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд техникийн шийдлийг ашиглаж буй байдал