Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2016 оны 06 сарын 21 7869

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Нарапүрэв нар  Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын элчин сайд, Ардчилсан Институт Хүний эрхийн газрын Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн хатагтай Одри Франсис Гловер болон Хуулийн Шинжээч Марла Морри нарыг 2016 оны 06 сарын 21-ийн өдөр хүлээн авч уулзлаа.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага нь өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцсон бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд мөн ажиглагчаар оролцож байгаа билээ.

Уулзалтын үеэр элчин сайд Одри Франсис Гловер хэлэхдээ ЕАБХАБ/АИХЭГ-ын чиг үүргийн нэг нь ЕАБХАБ-ын гишүүн улсын сонгуулийн явцыг ажиглах ба уг ажлын хүрээнд УИХ-ын сонгуулийн явцыг ЕАБХАБ-ын үзэл баримтлал, олон улсын ардчилсан сонгуулийн стандарт болон Монгол улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үнэлэх бөгөөд энэ ажлын хүрээнд үнэлгээний мэргэшсэн сонгуулийн мэргэжилтэн нар ирснээ дуулгав.

            Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сонгуулийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх процесс, ялангуяа улс төрийн намуудын бүртгэл, сонгуультай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх, болон Сонгуулийн тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон сонгуулийн эрх зүйн зохицуулалтын талаар төлөөлөгчдийн сонирхсон асуудлын талаар мэдээлэл өгөв.

            Дашрамд дурдахад ЕАБХАБ Хуулийн Шинжээч Марла Морри нь эрх зүйн шинэчлэлт, сонгууль, эрх зүйт төр, шударга ёсыг бэхжүүлэх, болон хүний эрхийн хамгаалалт чиглэлээр мэргэшсэн олон улсын хуульч бөгөөд  НҮБ, ЕАБХАБ, Европын холбоо болоод олон улсын төрийн бус байгууллагуудад ажиллах хугацаандаа хөгжиж буй Зүүн Европын орнууд, Кавказ, Төв болон Өмнөд Ази, Ойрх Дорнод, Баруун Африкийн орнуудад ажиллахын зэрэгцээ Ардчилал хөгжсөн Баруун Европ болон Хойд Америкийн улс орнуудад ажиллаж байсан туршлагатай ажээ.